logo
Махны нийлүүлэлтийг нэмж, үнийг нь бууруулна гэлээ

Махны нийлүүлэлтийг нэмж, үнийг нь бууруулна гэлээ

2012/03/29
Махны нийлүүлэлт, үнэ болон махны нөөцийг нэмэгдүүлэх талаар авч байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
    Үүнтэй холбогдуулан махны хангамжийг нэмэгдүүлэх, үнэ бууруулах талаар Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, явц, үр дүнг иргэдэд мэдээлж, Засгийн газарт танилцуулж байхыг салбарын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан байна.
    Сайдын танилцуулгаас үзвэл сүүлийн сард махны үнэ тогтвортой байжээ. Сар шинийн баярын өмнө эрэлт хэрэгцээ эрс ихэсдэг учир бэлдсэн 12 мянган тонн нөөцийн махны 5 мянган тонныг борлуулжээ. Харин сар шинийн дараа эрэлт, хэрэгцээ буурснаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бэлдсэн махаа борлуулж эхэлсэн байна.
Нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр үнэ тодорхой хэмжээгээр буурч, тогтвортой болох төлөв ажиглагдаж байна. Тухайлбал энэ 7 хоногт гэхэд 750 тонн мах хөдөө орон нутгаас ирнэ гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.
Түүний хэлснээр ямар дэлгүүр, худалдааны төвд зарж байгаагаас шалтгаалан махны үнэ харилцан адилгүй. Гэхдээ “Хүчит шонхор” зэрэг захад хонины ястай мах нэг кг нь дунджаар 6700 орчим, үхрийнх  6980, ямааных 47566 төгрөг байгаа юм байна.
Цаашид салбарын яам, хотын захиргаа улсын баяр наадам хүртэл нийслэлчүүдийг махаар таслахгүй байх үүднээс нийлүүлэлтийг жигд байлгаж, үнийг одоогийнхоос өсгөхгүй байхыг зорьж байгаа тухай холбогдох албан тушаалтнууд хэлэв.
Махны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах, нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор төсвийн зээл хэлбэрээр 40 гаруй тэрбум төгрөгийг шийдэж өгсөн гэдгийг ч Сангийн сайд Д.Хаянхярваа тодотгожээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш