Шууд Умард Солонгосын эсрэг чиглэсэн гэж хэлж болох Цөмийн аюулгүй байдлын ээлжит чуулга уулзалт хэд хоногийн өмнө БНСУ-ын нийслэл Сөүл хотод болсон. Уулзалт дээр цагаан ордны тэргүүн Барак Обама “Умард Солонгос энхийн зориулалтаар алсын тусгалтай пуужин ашиглан хиймэл дагуул хөөргөх гэж байгаа нь нь тухайн улсыг олон улсын тавцан дээр улам ганцаардуулна. Умардчууд пуужин туршсанаар аюулгүй байдлаа хангаж байна гэж бодож байвал энэ нь том эндүүрэл. Олон улс Умард Солонгосын өдөөн хатгалгыг хангалттай гэж үзэж байна. Тиймээс пуужин туршихгүй байхыг анхааруулж байна” гэж мэдэгдсэн. Гэсэн ч Умардын эрх баригчид олон улсын анхаарулгыг үл тоон хиймэл дагуул хөөргөхөөр зэхэж байгаа болохыг Нэгдсэн Уlсын эрх баригчид хиймэл дагуулаас авсан зурагнаас баталжээ. Зурган дээр олон тооны ачааны машин болон пуужин хөөргөх төхөөрөмжийг угсардаг кран харагдсан байна. НҮБ мөн Умард Солонгосыг хол тусгалын пуужин туршихыг хориглосон шийдвэр гаргасан. АНУ Умардын тал пуужин хөөргөх юм бол хүнсний тусламж үзүүлэхээр зэхэж байсан тохиролцоо хүчингүй болохыг сануулсан байна. АНУ-ын хувьд Умард Солонгос хиймэл дагуул хөөргөх нэрийдлээр хол тусгалын пуужин туршина гэдэг нь цөмийн цэнэгт хошууг хол газар тээвэрлэх чадвартай пуужинтай болно гэж шууд хүлээн авч, болгоомжилж байгаа юм. Умардчууд хол тусгалын пуужин туршсаныхаа дараа эхний удаад Хятадын зүүн эргийн шар тэнгист унагана. Дараагийн удаад Филиппины баруун хэсэг Номхон Далайд унагахаар төлөвлөж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Умардчууд пуужин харвана гэдэг нь маш эрсдэлтэй алхам юм байна. Учир нь тэдний пуужин нь хуучин ЗХУ-ын хоцрогдсон техник дээр тулгуурласан. Байгаа нарийвчлалтай онож чаддаггүй юм байна. Тиймээс АНУ-ын мэргэжлийн хүмүүсийн тооцож байгаагаар пуужин Өмнөд Солонгос, Япон, Окинава арал, Филиппин, Индонези зэрэг улсын аль нэгэн дээр унаж, хохирол учруулж магадгүй байгаа аж.
Shuum.mn
Shuum.mn