Сирид Башар Ассадын дэглэмийн эсрэг хөдөлгөөн, иргэний дайн эхлээд жил болж байна. НҮБ-ын гаргасан судалгаагаар Засгийн газрын аюулгүй хүчний цэргүүд болон босогчдын хоорондын тэмцэл тулаанд 8 мянга гаруй хүн амиа алдаж, 250 мянга гаруй хүн нутгаа орхин дүрвээд байна. Дүрвэгсэд хөрш Турк, Ирак зэрэг орон руу дүрвэжээ. Эдгээрээс Туркт хамгийн их дүрвэгч байна. Харин сүүлийн үед олдож байгаа баримтаас үзэхэд Башарын Засгийн газар Турк руу цувах дүрвэгсдийн цувааг зогсоох үүднээс Турк, Сирийн хил дээр их хэмжээний газрын мина байрлуулсан нь олджээ. Одоогоор ЗХУ-д үйлдвэрлэсэн хуучин мина олдож байгаа бол аюулгүй хүчнийхэн өнгөрсөн өвөл нэмж шинэ мина суурьлуулсан гэж Туркийн засгийн газар мэдэгдсэн байна. Сирийн босогчдыг дэмждэг идэвхтнүүд өнгөрсөн 2 сард 300 гаруй газрын мина ухаж гарган аюулгүй болгосон байна. Босогчдын нэг Хажиса цэргийн хүн биш. Түүнд минийг аюулгүй болгохыг хэн ч зааж өгөөгүй. Тэд дүрвэгсэд болон энгийн иргэдийн амийг аврах гэж өөрсдийнхөө амийг эрсдүүлэн байж минийг аюулгүй болгож байна. Рами Бакур хэд хоногийн өмнө гэр бүлийн хамт нутгаа орхин Турк рүү дүрвэж яваад мина дээр гишгэн баруун хөлөө тасдуулжээ. Рами Бакур Засгийн газрын эсрэг тэмцэлд оролцсоны дараа аюулгүй хүчнийхэн түүнийг баривчлахаар мөрдөж мөшгиж эхэлсэн байна. Гэвч тэрээр гэр бүлээ аван амжиж зугтаж чаджээ. Зөвхөн Туркийн хил дээр гэхэд 17 мянга орчим Сири дүрвэгсэд амьдарч байна. Цаана нь бусад оронд хэд байгаа нь тодорхойгүй. Минад өртөж шархдсан хүмүүсийг Турк эмч нар арчилж сувилж байна. Босогчдын ярьж байгаагаар дүрвэгсдээс болж Олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа Ассадын Засгийн газар дүрвэгсдийн тоог бууруулахын тулд зориуд мина тавьж байгаа юм байна. Хажиса бусад нөхдийн хамт дүрвэгсдийн жимийг минагүйжүүлж байна. Тэрээр минийг яаж аюулгүй болгодог аргаа үзүүлжээ. Хажиса ямар ч элэктрон багаж ашиглалгүйгээр хуучны гар аргаар минагүйжүүлж байна. Гаргаж авсан минаа хайрцганд хийн модны доор бөөгнүүлж байгаа аж.
Shuum.mn
Shuum.mn