Кино найруулагч Мими Чакарова баруун Европын орнуудыг бодвол хөгжил буурай Зүүн Европын Украйн, Болгар, Румын, Молдав зэрэг улсуудын охид эмэгтэйчүүд хэрхэн хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөж байгааг харуулах зорилгоор “The Price Of Sex” буюу “Сэксийн Үнэ” нэртэй баримтат кино бүтээжээ. Кино найруулагч хүний наймааны гэмт хэргийн золиос болж, бие сэтгэлээрээ хохирсон охид эмэгтэйчүүдтэй ярилцаж, тэдний туулж өнгөрүүлсэн бодит амьдралыг харуулсан байна. Гэмт этгээдүүд Зүүн Европын охид эмэгтэйчүүдэд их мөнгө, сайхан амьдрал амлан хуурч гадагш авч яваад очсон газраа охидын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлгүүдэд зардаг байна. Гэмт хэргийн золиос болсон нэгэн эмэгтэйн ярьж байгаагаар тэд өдөр болгон олон цагаар ажилладаг. Байнгын дарамт шахалт, зодуур нүдүүрийн дунд амьдардаг. Зарим тохиолдолд өдөрт 50 хүнд үйлчлэхээс аргагүй болдог байж. Гэмт хэргийн золиос болсон Лиза гэмт этгээдүүдийн дарамтанд хүчээр биеэ үнэлдэг байхдаа ингэж нохойн амьдралаар амьдарч байхаар энэ хорвоо дээр төрөөгүй байсан бол дээр байсан юм гэж боддог байснаа хуучилсан байна. Тэрээр эрчүүдийг үзэн яддаг болжээ. Болгарт төрж, одоо барууны улсад амьдарч байгаа фото сурвалжлагч, кино найруулагч Мими Чакарова олон жил Зүүн Европоор явж, охид эмэгтэйчүүд гэмт хэрэгт хэрхэн өртөж байгааг судалж, сурвалжилжээ. Түүнийхээр бол 1990-ээд онд Социалист лагерь задран унсны дараа Зүүн Европт амьдрал хүнд болж, хүмүүс ажилгүй болсон. Залуус ашиг орлого сайтай, байгаагаасаа арай дээр амьдрал хайн барууны баян чинээлэг орнуудыг зорьж эхэлжээ. Тэр үед Баруун Европын гэмт бүлгүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн охидод ажлын санал тавьдаг байсан бөгөөд энэ арга хэлбэр одоо улам нарийсч эмэгтэй “Пимп” буюу цаад эзэд охидыг хуурч хил давуулдаг болсон. Учир нь охидууд эмэгтэй хүнд эрчүүдэс илүү итгэх нь мэдээж. Мими Чакарова эдгээр охидын адил жижиг ядуу тосгонд төрж өссөн. Тэдний амьдралын эхлэл адилхан болохоор Болгарын зовлон үзсэн эмэгтэйчүүдэд туслах, нууц гэмт хэргийг олонд ил болгох зорилгоор “The Price Of Sex” буюу “Сэксийн Үнэ” нэртэй баримтат кино бүтээсэн аж. Бусдын дарамтанд хүчээр биеэ үнэлдэг байсан нэгэн охины ярьж байгаагаар тэрээр ажлаа хийхгүй бол эзэн нь түүнийг 15 давхраас шидэхэд бэлэн байдаг байж. Эсвэл далайд шиднэ, алаад газар булна. Хэн ч түүнийг гэж ирэхгүй юм байна. Фото сурвалжлагч Мими Чакарова өөрийнхөө амь насны эрсдлийг эс тооцон Турк, Грек болон Дубайн ягааны гудамжаар явж, нууцаар зураг, дүрс бичлэг авч баримтжуулжээ. Тэрээр биеэ үнэлэгчдийн дунд орж, заримтай нь танилцаж, тэдний хүнд амьдралыг баримтжуулсан байна. Тэрээр ийм нууц сурвалжлага хийж байгаадаа эхэндээ айдаг байж. Гэхдээ далд ертөнцөд бие сэтгэлээрээ хохирч байгаа олон эмэгтэйд туслах, тэдний амь насыг хамгаалахын тулд чаддаг бүхнээ хийж байгаа нь энэ гэнэ. Мими Чакаровагийн “Сэксийн Үнэ” нэртэй баримтат кино Лондонд болсон Хүний эрхийн байгууллагын Фестиваль дээр нээлтээ хийж олон шагнал хүртсэн байна. Тэрээр ямар нэг аргаар гэмт хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд, үйлчлүүлэгч болон цаад эзэдтэй уулзаж ярилцлага авч чаджээ. Тэднээс ярилцлага авах нь түүний киноны хамгийн хүнд хэсэг нь байсан гэж Мими Чакарова ярьсан байна.
Shuum.mn
Shuum.mn