logo
Мьянмар улс санхүүгийн салбартаа шинэчлэл хийж байна

Мьянмар улс санхүүгийн салбартаа шинэчлэл хийж байна

2012/03/31
Олон жил цэргийн дэглэм тогтсон Мьянмар улс эдийн засаг ялангуяа мөнгө санхүүгийн салбартаа  шинэчлэл хийх гэж байна. Ингэснээрээ тэд эдийн засгаа гадны улсуудад нээлттэй болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм байна. Өнгөрсөн жил Мьяанмарын Ерөнхийлөгч болсон Тейн Сейн олон жилийн ганцаардлаас улс орноо гаргахаар ажиллаж байгаа. Тэрээр Мьянмарын ардчиллын бэлэг тэмдэг Аун Сан Сү Чиг гэрийн хорионоос суллласан, улс төрийн хоридлуудыг шоронгоос сулласан. Ардчилсан сонгууль явуулах шийдвэрийг гаргасан гээд түүнд хийсэн зүйл олон. Одоо Ерөнхийлөгч болсон Тейн Сейн үндэсний мөнгөн тэмдэгт болох чиатын ханшид реформ хийн Чиатын ханшийг зах зээлийн зарчмаар чөлөөлснөөр 1 ам доллар 800 орчим Чиаттай тэнцэж байна. 2002 оноос 2012 он хүртэл Засгийн газар 1 доллартай тэнцэх чиатын ханшийг хүчээр 6.41 Чиаттай тэнцүүлж барьж байсан нь эдийн засаг хямрах, мөнгөний ханш унахад нөлөөлж, гадны хөрөнгө оруулалтыг боомилж байсан. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлээс гадуур өөрсдийн зохиосон үнээр бараа худалдан авч байсан. Олсон мөнгөөрөө эргүүлээд бараа авах гэхлээр хэд дахин өндөр үнээр авах болоод байсан юм. Мөн өрсөлдөх чадварыг бууруулж байв. Гадны жуулчид засгийн газрын тогтоосон үнээр доллараа солиулдаг байсан нь зах зээлийн уялдааг алдагдуулж байжээ. Харин одоо үнэ ханшийг чөлөөлснөөр гадны хөрөнгө оруулагчдад ашигтай болсон. Тэд  маш хямд зардлаар Мьянмарт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байна. Ялангуяа сүлжмэл эдлэлийн салбарын үйлдвэрлэл огцом нэмэгдэх магадлалтай байгаа. Ямартай ч Мьянмарын эрх баригчид эдийн засаг, мөнгө сангүүгээсээ эхлэн шинэчлэлт хийж, олон улсын тавцан дахь ганцаардлаасаа гарахаар оролдож байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш