logo
Америк компани өндөрт үсрэх чадвартай робот бүтээжээ

Америк компани өндөрт үсрэх чадвартай робот бүтээжээ

2012/03/31
1992 онд байгуулагдсан Бостон Дайнамикс компани нэгэн өвөрмөц роботыг бүтээжээ. Энэ компаний өндөрт үсрэх чадвартай роботыг байлдааны ажиллагааны үеэр мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглаж болох юм байна.
Sand Flea нэртэй авсаархан роботыг Афганистаны цэрэг армид ашиглах зорилгоор бүтээжээ. Энэ робот өндөрт үсрэх чадвартай юм. Дотор хэсэгтээ хийн поршентой робот 10 метр өндөрт үсрэн дээвэр дээр гарч, өндөр ханыг даван, мөн аюулгүй газардах чадвартай. Sand Flea роботод камер суурилуулсан учраас байгаа газрынхаа дүрсийг шууд дамжуулдаг байна. Робот нэг удаагийн цэнэглэлтээр 25 удаа үсэрч чадна.
Энэ роботыг Boston Dynamics компани Америкийн батлан хамгаалах яамны санхүүжилттэйгээр бүтээжээ.
Таван кг жинтэй Sand Flea робот байгаа газраасаа 200 метрийн цаана байгаа зүйлийн дүрсийг ч дамжуулах чадвартай бөгөөд усан доор мөн явж чадна. Энэ роботыг туршилтанд оруулсны дараа Афганистан руу илгээх аж.
Аливаа ажилагааны үеэр цэргүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор төрөл бүрийн роботыг өргөн хэрэглэж байгаа юм. Америкийн батлан хамгаалах яам цэргүүдийн аюулгүй байдлыг хангах, тэднийг дайснаас хамгаалах зорилготой бүх төрлийн төслийг дэмжиж ажилладаг.
Техник технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед эрдэмтэд олон төрлийн роботыг бүтээж байгаа бөгөөд хүний өдөр тутмын амьдралд роботын гүйцэтгэх үүрэг нэмэгдэх хандлагатай байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш