logo
2011 онд дэлхийн улсуудад цаазын ял авсан хүний тоо нэмэгджээ

2011 онд дэлхийн улсуудад цаазын ял авсан хүний тоо нэмэгджээ

2012/03/31
Дэлхий дахинд цаазаар авах ялыг хэрэгжүүлж байгаа орны тоо буурч байна. Харин мягмар гаригт Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагын гаргасан шинэ тайланд дурдсанаар цаазын ялыг гүйцэлдүүлдэг зарим орнуудад маш олон хүнд ялын дээд хэмжээ оноож байгааг анхааруулжээ. Хүний эрхийн байгууллага 35 жилийн өмнө дэлхийн улсуудад жил бүр хэдэн хүнд цаазын ял оноож байгааг судалж эхлэх үед 198 орны 140-д нь ялтнуудыг цаазын ялаар шийтгэдэг байсан аж. Харин 2011 оны байдлаар цаазын ялыг хэрэгжүүлж байгаа орны тоо 20 болж буурчээ.
Эмнести Интернэшнл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти ярихдаа "Өнгөрсөн онд зөвхөн 20 орон цаазын ялыг хэрэгжүүлсэн, энэ бол сайн мэдээ, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт, бидний хэлдгээр одоог хүртэл цаазын ялыг хэрэглэж байгаа улсууд бусдын амийг таслахыг дэмждэг улсууд" гэжээ.
Цаазын ялыг хэрэглэсээр байгаа орнууд ялтны толгойг тасдах, дүүжлэх, хортой тариа тарих, буудах зэрэг аргуудыг хэрэглэж байна. Хятад, Иран, Саудын Араб, Ирак, Америк зэрэг улсуудад хамгийн олон хүнд ялын дээд хэмжээ оноож байгаа юм. Салил Шетти хэлэхдээ "Цаазын ялыг байнга хэрэглэсээр ирсэн нилээн хэдэн орон байна, тэдгээр орнуудын заримд нь ялын дээд хэмжээгээр шийтгүүлж байгаа хүний тоо маш ихээр нэмэгдсэн, Хятад, Иран улсуудад хамгийн олон хүнийг цаазаар авч байна, мөн Хойд Солонгос, Саудын Араб, бүр АНУ-д гэсэн цаазын ялыг ихээр хэрэглэсээр байна" гэжээ. 
Эмнести байгууллагаас мэдээлснээр 2011 онд нийтдээ 676 хүн цаазлуулсан байна. Гэхдээ хүний эрхийн байгууллагын үзэж байгаагаар өнгөрсөн онд Хятадад олон мянган хүн цаазлуулсан бөгөөд дээр дурдсан үзүүлэлт дээр Дундад улсад ялын дээд хэмжээ авсан хүний тоог нэмээгүй гэнэ. Бээжин чухам хэдэн хүнд ялын дээд хэмжээ оноосон талаарх тоо баримтаа ил болгодоггүй бөгөөд энэ нь улсын нууц гэж мэдээлдэг юм.
Эмнести байгууллагаас мэдээлснээр Ойрхи Дорнодын орнуудад 2011 онд цаазаар авахуулсан хүний тоо 2010 оны үзүүлэлтээс бараг 50 хувиар өсчээ. Энэ бүс нутагт цаазлуулсан гэдэг нь бүртгэгдсэн нийт хүний 99 хувь нь Иран, Саудын Араб, Ирак болон Йемен улсын иргэд байсан байна. Харин Их наймын орнууд дотор ялтнуудыг цаазалж байгаа ганц улс нь АНУ юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш