logo
Барак Обама бол урвагч, хорон санаатай хүүхэлдэй

Барак Обама бол урвагч, хорон санаатай хүүхэлдэй

2012/04/02
АНУ, ОХУ-ын Ерөн­хийлөгч нарын нууц яриа­тай холбоотой дуулиан улам газар авсаар байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Сонгуулийн дараа би Орос­той харьцахдаа илүү уян хатан байна гэдгийг В.Путинд дамжуулаарай” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевээс хүссэн талаар бид өмнөх дугаартаа ний­тэлсэн. Түүний энэ мэдэг­дэл АНУ-ын улстөрчид тө­дийгүй ард иргэдийн зэвүүцлийг хүргэжээ. Иймээс Обамагийн сул ам түүний улстөрийн карьерыг төгсгөл болгож мэ­дэх нь.

Барак Обама өөрийгөө зөвтгөхийг оролдож, мягмар гарагт “Сонгуулийн өмнөх тэмцэл болон энэ үеэр дэгддэг шуугианд зэвсэглэлийг хянах асууд­лын талаар эргэцүүлж, зөвшилцөхөд тийм ч таатай бус” хэмээн мэдэгдсэн.

Харин Д.Медведев эх орондоо ирээд Обамаг магтсан бай­на. “Обама бид бие биеэ сонсож сурсан, тэр бол үнэхээр “эвтэйхэн” түнш. Орос, Америкийн харил­цаа 11 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сон­гог­дохоос ихээхэн хамаарна. Ирээдүй зөвхөн хоёрхон хувил­бартай. Нэг бол НАТО, АНУ пуужингаа Оросын эсрэг чиглүүлээгүй гэсэн батал­гааг Москвад өгнө. Эсвэл бүгд зэвсэглэлээр хөөцөлдөх бол­но” хэмээн тэрбээр нэмж хэл­жээ.

АНУ-ын Конгрессийн доод танхимын спикер Жон Бейнер “Обамаг Өмнөд Солон­госоос эргэж ирсний дараа Пуужингаас эсэргүүцэх сис­темийн  /ПЭХС/ талаар юу амласныг нь асууна” хэмээсэн бол Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сун­гаанд оролцож байгаа Митт Ромни, Ньют Гингрич нар мөн л ширүүн мэдэгдэл хийсэн. Ялангуяа М.Ромни нэр дэвшсэн өдрөөсөө л Оросын эсрэг байр суурийг баримталж байсан ба “Эмнэг хангал Москваг сургаж өгнө өө” гэж ам гарсан удаатай.

Гэхдээ гол шуугиан Обамаг тойрон эргэлдэж байна. НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч асан Жон Болтон “Обамагийн энэ мэдэгдэл ПЭХС-ийн төслийг бараг хаачихлаа. Тэр бүү хэл улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар ч буулт хийж байж магадгүй” хэмээн мэдэгдэв. АНУ-ын Бүгд найрамдах намынхан бүр “Та нарыг сонсоогүй гэж бодсон үедээ Обама дэлхийн лидерүүдэд юу ярьдаг вэ” гэсэн сурталчилгааны ролик гаргажээ.

Америкийн “BlogSpot”, “BlogSter”, “TheDailyPoint”-д жирийн иргэд санал бод­лоо чөлөөтэй илэрхийлж бай­на. Тэд Ерөнхийлөгчдөө Шоубама гэх хоч өгч, урвагч, хорон санаатай, КГБ-ын туршуул гэх зэргээр бич­жээ. Тухайлбал, Эд Моррисей “Обамагийн бодол санаанд юу байгаа бол. Тэр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөл хэмээн Оросыг худалдаж авсан байна. Обама өөрийн төлөвлөгөөгөө америкчуудаас нуудаг хэрнээ оросуудтай хуваалц­лаа. Тэгээд оросуудыг сонгуульд нөлөө­лөөч гэж гуйжээ. Ингэхэд Обама өөр ямар улсаас өөрийг нь хоёрдугаар шатанд дэмжээч гэж гуйсан бол? Ийм тусламжийн хариуд Обама америкчуудын ямар ашиг сонирхлыг зарах бол?” хэмээн шүүмжлэв.

“The Right Scoop” сайтын блогчид “Обама ер нь оросуудтай нууц гэрээ бай­гуулж, Америкийн ард түмнийг зарсан байх. Манай ПЭХС-ийг устгаж, Аме­рикийг сул дорой болгох нь. ПЭХС-ийг хааснаар АНУ өөрийнхөө хүзүүнд олс углана. Тэгээд Орос өөрийнхөө ПЭХС-ийг бидний эсрэг чиглүүлнэ” гэж дүгнэжээ. Блогч Эн-Вай-Жино “Обамагаас бүү ай. Түүнийг эрх мэдэлд хүргэсэн нууц хүч л аймшигтай. Тэр бол хорлон сүйтгэх ажил, урвалтаараа марксистуудын хүүхэлдэй Обамагаас ч хавьгүй давуу” гэсэн бол өөр нэг нь “Обама улс орондоо улстөрийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Түүний тухай ихийг олж мэдэх тусам төчнөөн аймшигтай” хэмээв. Констансе “Манай Ерөнхийлөгч Америкийн эсрэг бөгөөд АНУ-ыг өвдөг сөхрүүлэх гэж байна” гэж бичсэн бол Стэндинграунд “Обама дахин сонгогдвол улс орноо юунд хүргэхийг ганц бурхан л мэднэ. Обамагийн ихэрхэг зан үнэхээр хил хязгааргүй” гэжээ.

Энэ талаар АНУ-ын тоймч Ариэль Коэн “Оросын сэдэв манай сонгуульд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй. Ираны эсрэг хориг тавих, цэргийн ажиллагаа явуулахад л Москвагийн байр суурь би­дэнд хэрэгтэй. Манай сон­гуулийн гол хүчин зүйл нь эдийн засаг. Иймээс Ромни сон­гуулийн кампанит аж­лын­хаа үеэр өөрийн топ мене­жер, санхүүчийн турш­лагаа гайхуулдаг. Энэ л түүний хожлын хөзөр” хэмээлээ.

Ер нь АНУ-ын Бүгд найрамдах нам ОХУ-ын эсрэг байр суурийг тунхагладаг. Энэ талаар ОХУ-ын Төрийн Думын олон нийтийн танхимын тэр­гүүн Александр Соколов “Бүгд найрамдахчууд сон­гуулийн үеэр “Marlboro”-гийн ковбойн дүрд тог­лохоор шийджээ. Тэд өөрс­дийгөө мундаг залуус гэж үздэг. Тэдний хувьд Аме­рикийнхаас өөр ашиг сонир­хол гэж байхгүй” гэсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш