logo
Саддам Хусейны шарилыг шилжүүлнэ

Саддам Хусейны шарилыг шилжүүлнэ

2012/04/02
Шарилд нь хүмүүс олноороо очиж мөргөдгийг зогсоохын тулд Иракийн эрх баригчид Саддам Хусейны шарилыг өөр газар шилжүүлэн оршуулахаар төлөвлөж байна. Телевизийн «Аль-Арабия» сувгийн мэдээлснээр, албан тушаалаасаа түлхэгдэн унаж, цаазлуулсан ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд ДХЯ-наас албан ёсны мэдэгдлийг аль хэдийн авсан байна. Оршуулах өөр газар олохыг бидэнд санал болгосон гэж Хусейны харьяалагддаг аль-Бунасир омгийн тэргүүн Хасан ан-Нада ярьжээ.

Саддам Хусейны шарил байдаг Салах-эд-Дин мужийн захирагч Хасан ан-Нада Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийг цуцлуулах бодолтой байна. Шарилд нь очих хүний тоо жилээс жилд өссөнөөр Хусейн улам алдаршина хэмээн эрх баригчид болгоомжилж байна гэж Хасан ан-Нада тайлбарлажээ.

«Үнэн хэрэгтээ шарил дээр тийм ч олон хүн очдоггүй. Хүмүүс оршуулгын газрын зэргэлдээ орших хэвлэлийн бага хурал болдог газар очдог. Тэднийг түлхэгдэн унасан ерөнхийлөгчийн шарил руу очиж байна хэмээн эрх баригчид үзэж байна» гэж тэрбээр тайлбарлажээ. Эрх баригчидтай муудалцахаас зайлсхийхийн тулд төрөл төрөгсөд нь дараагийн шийдвэр гарах хүртэл оршуулгын газрыг хаасан байна.

Бүр нэгдүгээр сарын сүүлээр оршуулгын газарт цагдаагийнхан байрлаж байгаа бөгөөд тэд Хусейны шарилд очсон хүмүүсийг баривчлах үүрэг хүлээжээ. Хоёр жилийн өмнө 2009 онд Иракийн Засгийн газар хуучин ерөнхийлөгчийн шарилд албаны төлөөлөгчид болон хувь хүмүүсийг очихыг хориглосон байна.

Саддам Хусейныг хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэний учир 2006 оны 12 дугаар сарын 30-нд цаазалсан билээ.

З.Амгалан
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш