Миний ярих энэ түүхийг сонсоод шоолох нэг нь шоолоорой. Дооглох нэг нь дооглоорой. Хүүхдүүд ч онигоо болгоод хоорондоо ярих биз. Үнэндээ “галзуурахад” ганц хуруу дутуу үлдсэн шүү тэр өдөр...
Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очоод “номхроогүй” бол насаараа тэнд үлдэх байлаа. Шинэ байрны дэвтрийг минь нарийн бичгийн дарга хүүхэн гэрт минь хүргэж өгөхөд гэрийнхэн минь намайг “жинхэнээсээ галзуураагүй”-г ойлгосон юм... Үр хойчисдоо дахин дахин захихад “ дөрвөн сарын нэгэнд байр ав “ гэж “хараа”-маар юм байлаа шүү. Дөрвөн сарын нэгэнд хэн нэгэн дотны хүндээ үнэт бэлэг бүү бэлэглээрэй. Хайртай хүндээ чухал “үг”-ээ бүү дамжуулаарай. Өндөр настай өвчтэй хуучтай хүнд баярлах үг бүү хэлээрэй. Шүүх, цагдаад гэрчийн мэдүүлэг битгий өгөөрэй. Сонгуулийн ажилд бүү очоорой, солиотой амлалтанд нь битгий итгээрэй. Хай, сайхан хоолны нэр хэл баа, би савхадъя гэдэгтэй адил. Хашир андгай нь худлаа хэлэхгүй шүү. За ингээд надад ямар явдал тохиолдсоныг муухан мушийгаад өчсүгэй...
Очиж очиж дөрвөн сарын нэгэнд хүний сэтгэл зүйгээр тоглох гэсэн мэт бүхэл бүтэн гурван өрөө байр улсаас өгч, амьтны “элэг доог” болгоно гэж хэн санах вэ. Заавал дөрвөн сарын нэгэнд. Хоёрон, гурван, дөрвөнд ч юмуу таванд ч өгч болно шүү дээ. Тэгэхэд хүний муу үзэж, амьтны шившиг болгох гэсэн мэт хүмүүс биенээ хуурдаг өдөр алдарт дөрвөн сарын нэгэнд байгууллагын дарга надад шинэ байрны түлхүүр гардууллаа. Эхэндээ би “итгэ”-сэнгүй. Миний оронд хэн ч байсан “итгэх” байсан гэжүү? Дөрвөн сарын нэгний өдөр гээд бод доо. Өгч байгаа түлхүүрийг нь хоёр гардан хүндэтгэлтэйгээр тонгойн авч, духандаа адисласан хэрнээ “жинхэнэ төмөр үү, хуванцар эд үү” гэж тэр хооронд алган дээрээ тавьж, жигнэж үзлээ. Нэгэн жигд цутгасан гурван ширхэг ив ижилхэн гялалзсан шар түлхүүр. Байгууллагын дарга залуу хүн болохоор юу хийж байгаагаа сайн тунгаагаагүй, хөгшин настай хүнээр тоглоод эцэст нь ямар гэм зэмд унахаа тооцохгүй, “дарга” нь “цэргээ” яаж ч даапаалж болдог хүнд суртлын аагаар залуу хүн “наадсан” байвал юу хэлэх вэ? Даралт ихтэй өгөр толгой “харваж” гай болвол яана... Энэ залууд би хийсэн хэрэг, хэлцсэн гэм бий билүү? Ингэж бодуут,
-Хүү минь би зүрх муутай хүн шүү. Тоглоом чинь тоглоом болохгүй бол үнэмшилтэй сайхан л “хуурдаг” хүүхэд байна гээд тавьчихлаа. Дарга малийтал инээж,
-Нээрэн, өнөөдөр дөрвөн сарын нэгэн билүү... Таныг би “хуурсан” зүйл огт үгүй гэж “гүрийл”-ээ.
-Тэр тусмаа л би асууж байна. Анхааруулж байна...
-Байрны бичиг нарийн бичгийн дарга дээр байгаа. Таны өмнөхөн би тамга дараад түүнд өгчихсөн гэж “тас мэлз”-эв.
-Тоглоод байна уу? Яагаад байна? Бие муутай шүү би... Унаад өгнө шүү.Үнэнээ хэлээрэй
-Үнэн болоод л би танд түлхүүрийг нь өгч байна шүү дээ
-Хүү минь чи хөгшин настай хүнээр... гээд би яахаа мэдэхгүй мэгшин уйлав.
-Тайвшир та. Би нарийн бичгийг дуудъя...
-Одоо бүр хоёул хоёулаа хамжилцаж байгаад хуурах нь уу?...
-Үгүй үгүй, таныг ердөө ч хууръя гэсэн хүн алга.
Хөгшин ах нь насаараа хүн хуурч, хууртагтаж явсан доль цохьсон толгой шүү. Намайг тийм амархан амаар минь шороо үмхүүлэхгүй дээ, төрхгүй мондинууд минь гэж бодов. Нарийн бичиг хүүхнийг орж ирэхэд дарга миний нэрийг хэлж байрны дэвтэр аваад ир гэж тушаалаа... Хэдэн хормын дараа байрны шинэ дэвтэртээ нулимс дуслуулсан би, намайг тайтгаруулах гэж аль байдгаараа хичээсэн, дарга, нарийн бичиг хоёрын арга барагдан цөхөрсөн дуунд ухаан орлоо.
Юм үзээгүй хүн чинь зүрх салгалаад явсан. Тэр чигтээ шоконд орчихжээ. Нарийн бичиг хүүхэн аянганд ус хийж авчраад ам руу цутгана. Дарга бичгийн хавтсаар намайг сэвнэ. Хоёулаа намайг өргөж, буйдан дээр хэвтүүллээ. “Яамаар байна?””Юу хэрэгтэй” байна гэж тэр хоёр байдаг чадлаараа надад “үйлчилнэ”. Ухаан жаал сэргээд бөндөгнөн сандрах тэр хоёрыг харсанаа гэнэт инээд хүрсэн боловч хүчээр биеэ барилаа. Яагаад ч юм тэр хоёрт итгэхгүй байсан тул би нүдээ анив.
Энэ удаа санаатайгаар ухаан алдаж “жүжиглэхэд” сандарч мэгдсэн нөгөө хоёр түргэн дуудаж, намайг эмнэлэг рүү хүргэж өглөө. Дотроо бүр бага боловч сэтгэл хангалуунаар “ Хашир анжгай нь та хоёрыг яаж дийлэхээ мэднэ” гэж додигор явлаа. Түргэний машин дотор тэдний хоорондоо “хөөрхөн” гэгч нь маргалдах нь бүр инээдтэй.
-Та бие муутай хүнтэй зөөлөн харьцах хэрэгтэй шүү дээ
-Эртхэн дуулгаад баярлуулъя гэж бодсон юм
-Заавал та өдөр мундсан юм шиг өнөөдөр өгдөг нь юу ч вэ дээ?
-Маргаашнаас би ажлаар хөдөө явах тул өнөөдөр өгье гэж санасан минь буруугаар эргэлээ
... Эмч тариа хийгээд явсаны дараа хэсэг зүүрмэглэжээ би. Сэрээд дэрний дэргэд байгаа утсаа харлаа. Чингээд утсаа шүүрч аваад гэр рүүгээ залгав.
-Надад гурван өрөө байр өглөө. Наран талдаа цонхтой гэж хараагүй байж давслан хэлэв. Эхнэр чимээгүй хэсэг болсоноо уртаар амьсгаа авч,
-За, Дорлиг минь чи намайг хуурах гэж байгаа бол чадахгүй шүү. Ажил чинь тарсан юм бол эртхэн ирж ач хүүгээ салхинд гаргаж тоглуул гэж өөдөөс хангинав. Надад хэлэх үг олдсонгүй.
-Сонсож байна уу? Би эмнэлэгт байна гэж сулхан дуугаар гонгинов.
-Дорлиг гуай та, намбатай өтлөөрэй. Бас эмнэлэгт хэвтсэн гэнээ... Чи надаар хичнээн жил тоглов. Одоо чамд би итгэнэ гэж долоон нар гарсантай адил гэж эхнэр дуугаа чангаруулав.
-Зүрх өвдөөд, унаад эмнэлэгт байна... Наад хүүхдүүдээсээ явуулж намайг гарга гэхэд эхнэр,
-Дорлиг гуай, та дөрвөн сарын нэгний жүжгээ больвол дээргүй юү. Хөгширсөн хойноо амьтны шившиг болоод... гэж үгээ тасаллаа. Хичнээн хэлээд ч эхнэр миний үгэнд үнэмшдэггүй. Бүр ач хүүд минь утсаа өгч, түүгээр “Өвөө, дөрвөн сарын нэгэн” гэж хэлүүлэв. Том хүү рүүгээ утастлаа.
-Аав аа, та намайг насаар минь хуурлаа. Болъё, залхаж байна. Түрүүн дарга чинь нэг тиймэрхүү юм ярихаар нь итгээгүй юм. Таныг даргаараа яриулжээ гэж бодсон үнэн байна гээд утсаа тасаллаа. Дунд хүү жаахан түгшүүртэй дуугаар,
-Та солиороогүй биз дээ гэж асуув. Охин болохоор,
-Ээж ээ, аав намайг урьдынх шигээ хуурна гэж бодож дээ. Одоо юу гэж аавд хуурагдах вэ гээд ээжтэйгээ нийлээд жигтэйхэн. Гэр бүлдээ баяртай мэдээгээ “хүргэж” чадаагүйдээ бяцхан гомдсон ч ная шахсан ээж рүүгээ ярилаа.
-Ээж ээ, хүү нь шинэ байртай боллоо.
-Юу гэнээ шинэ баартай болсон юмуу чи? Байргүй байж юун баарсаг юм гэж ээж буруу дуулна. Дүүдээ хэллээ.
-Ахаа, таны үгэнд хэн итгэх вэ. Ядаж дөрвөн сарын нэгэн биш бол юу хэлээд байна гэж бодохсон...
Дөчин жил үерхсэн хамгийн дотно найздаа дуулгав. Тэгсэн өөдөөс “Чи намайг дөчин жил хуурсан. Дөчин нэг дэхээ арай хууртагдахгүй шүү “гэж зөрүүдлэнэ. Жаахан хашир зантайгаараа дунд хүү юмыг яаж мэдэх вэ, зүрх муутай юм чинь гээд эмнэлэг дээр хүрээд иржээ. Эм тарианы хүчинд зүрхний ачаалал хэвэндээ орсон гэж эмч үзсэн тул намайг хүүтэй минь явуулав. Гэртээ очоод түрүүнээс хойш хуруунаасаа салгаагүй холбоотой гурван түлхүүрээ гаргаж,
-Түлхүүр нь энэ байна. Маргааш шинэ байранд орно гэж мянга хэлсэн боловч гэрийнхэн маань хэн нь ч надад “хууртагдсан”-гүй. Байрны бичгээ үзүүлэх гэтэл дарга мартаад аваад явсан байв. Сүүлдээ өөрийн эрхгүй ядарч орон дээрээ дунгуйдан уналаа. Даралт нь ихдээд солиорч байна гэж намайг тайван бай гээд хөнжлөөр нөмрөхөд миний үгэнд итгээгүй тэдэнд гомдсон би орон дээрээ хөнжлөө тийрэн үсэрч,
-Маргааш би ганцаараа шинэ байранд орно. Та нар нурах дөхсөн зуун айлын хуучин байрандаа насаараа амьдраарай. Өнөөдөр та нар намайг ямар байдалтай байсныг мэдэж байна уу? Өөрийгөө ч даргыгаа ч эвгүй байдалд орууллаа. Тэгэхэд та нар дөрвөн сарын нэгэн гэж мэдрэлдэж байхын оронд эмнэлэг рүү аяга шөл дөхүүлээд өгчихгүй хүн муутай жудагггүй амьтад... Та нар эндээ үлдээрэй. Маргааш би шинэ байрандаа очиж дээлээ дэвсээд хэвтэнэ гэж давтан давтан орилж, хамаг амьтныг “үймүүлсэн” учир айж сандарсан тэд галзуугийн эмнэлэгт хэдийнэ яаралтай дуудлага өгчээ...
Дарга надад биеэ тэнхрүүл гэж долоо хоногийн цалинтай чөлөө олгосон болохоор маргааш өглөө нь шинэ байр руугаа шарандаа ганцаараа “нүүе” гэж шийдсэн байсан тул өөрийнхөө ойр зуурын эд зүйлийг тор саванд хийж орныхоо дэргэд овоолсоныг үзээд гэрийнхний маань нүд “том” болсон байв. Ядаж байхад хэлд дөнгөж орж буй ач хүү томчуудаасаа үнэгүй “мэдээлэл” авсан бололтой “Өбөө галжуу” гэж хэлээд надаас “жавтий хүртэж” гэр дүүрэн уйлаан болов.
Хайртай ачаа “айлгадаг” өвөө “галзуу” биш бол хэн “галзуу” байж болох билээ... үгүй би явахгүй, маргааш шинэ байрандаа нүүж очно гээд номхотгох цамцыг нь урж тасдах нь халаггүй “тэмцэлдсэн” намайг “галзуу хүний дэргэд галзуу гэж хэлж болдоггүй юм гэнэ лээ” гэсэн эхнэрийн минь үг бүр “галзууруулсан”-ыг яалтай...
Даваажавын Эрдэнэмөнх