logo
Гадаад бодлогод улсуудын хэмжээ хамаагүй

Гадаад бодлогод улсуудын хэмжээ хамаагүй

2012/04/04
Хятад, Балба, Энэтхэг, Норвегийн гадаад бодлого улсуудын жижиг томоос тийм ч их хамаарахаа больжээ. Дундад улс бол хүн ам, эдийн засгийн хурдаараа дэлхийн нөлөө бүхий гүрэн болж гарч ирж байгаа. Тэр дагуу Балба, Монгол, Вьетнам, Камбожи зэрэг улсуудын улс төр, эдийн засаг, цаашлаад соёлд нөлөөлж эхлээд байгаа. Хятад улсын эдийн засгийн хэмжээ дэлхийд  2-рт, Энэтхэгийн эдийн засаг 10-рт, харин Балбын эдийн засгийн хэмжээ дэлхийд 103-т ордог. Балба нь жижиг улс учир аль нэг хөрш гүрэнтэйгээ найрсагаар харилцаж, хүчний тэнцвэрийг хадгалж байх бодлого явуулдаг. Энэтхэг улс гарал үүсэл соёлын хувьд ойролцоо учир уламжлалын дагуу Балба дахь нөлөө их байсан. Харин сүүлийн үед Хятадын нөлөө эрс нэмэгдэж байгаа. Дундад улс Балбад өгөх зээл тусламжаа 2 дахин нэмэгдүүлсэн. Төмөр зам, авто зам барихад нь зориулж өгч байгаа тусламжаа нэмэгдүүлсэн. Барьсан замаа Балбатай холбосон. Гэхдээ энэ ертөнц дээр үнэгүй юм байдаггүй. Заавал хариу нэхэгддэг. Өнгөрсөн 20 жил Хятадаас Энэтхэг рүү дүрвэж байгаа олон мянган Төвдчүүд Балба улсаар дайрч явдаг байсан.  Харин Балбын эрх баригчид Хятадын шахалтаар хилээр дамжин өнгөрөх Төвд дүрвэгсдийн тоог эрс бууруулах болжээ. Балбын цагдаа нар Төвд хүмүүсийг дотогш нэвтрэхийг хориглосөн байна. Аяганы хариу өдөртөө гэж энэ.  Мөн Дундад улс Ангол, Замбия зэрэг Африкийн орнуудад нөлөөгөө бэхжүүлсээр байгаа. Гэхдээ гадаад улсуудын нөлөө их хүн ам, том газар нутаг, том эдийн засгаас хамаардаггүй. Скандинавын хойгийн Норвеги улсыг дэлхийд мэдэхгүй хүн гэж байхгүй. Хэдийгээр Шанхай хотын ¼ тэй тэнцэх 5-хан сая хүн амтай ч дэлхийд нөлөөлж чаддаг. 2010 онд Норвеги улс Хятадын дарамт шахалтыг үл тоон Дундад улсын эрх чөлөөний төлөө тэмцэгч Лю Шиабаод Нобелийн энх тайваны шагнал өгөх шийдвэр гаргасан. Гэсэн ч Дундадын эрх баригчид Лю Шиабаог Норвеги руу явж шагнал авахыг нь хориглосон тул Нобелийн шагнал гардуулах ёслолын зохион байгуулагчид хоосон сандал дээр түүний зураг болон шагналыг тавьж бэлэгдсэн.  Дундад улс хариуд нь Норвегитай байгуулсан чөлөөт худалдааны гэрээгээ цуцалж, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн Норвегоос импортлохоо зогсоосон. 2 улсын харилцаа царцсан. Хятадын эдийн засаг хэмжээгээрээ Норвегоос 15 дахин том. Гэхдээ Хятад улс Норвегийн гадаад худалдааны дөнгөж 2 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл Норвег улс Хятадаас хамаарал багатай. 2 улс 4 мянган бээр буюу ойролцоогоор 6400 км зайтай. Норвеги газрын тосны асар их нөөцтэй. Газрын тосоо боловсруулж, экспортлосон мөнгөөрөө ард түмнээ баян тансаг амьдруулж байна. Хятад улс Норвегийг өөрийнхөөрөө байлгахын тулд элдэв дарамт шахалт үзүүлсэн. Гэсэн ч чадсангүй. Харин Дундад улс одоо газрын тосны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд Арктикийн Зөвлөл буюу Хойд мөсөн далайтай ойрхон улсуудын эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж байдаг байгууллагад элсэх хүсэлт гаргасан. Хятадыг гишүүнээр элсүүлэхийг Арктикийн Зөвлөлийн 8 улс санал хураалтаар шийднэ. Тэгэхээр Норвег мэдээж татаглзсан санал өгнө. Тэгэхлээр Хятадын хувьд улсынхаа сүр хүчээр далайлгаж асуудалд хандах нь эргээд өөрт нь гай болж байгааг ухаарах хэрэгтэй болж байна. Тухайн улс орны том жижиг байх нь тийм ч чухал бус. Харин ухаалаг бодлого шийдвэр гаргаж байх нь чухал юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш