logo
Налайхын цемент, тоосгоны үйлдвэрийн хятадууд улсад татвар төлдөггүй

Налайхын цемент, тоосгоны үйлдвэрийн хятадууд улсад татвар төлдөггүй

2012/04/04
Улаанбаатар-Налайх хоорондын урт засмалд яриа дэлгэж явахад ихээхэн зүйл сонсох бололтой. Бас болоогүй Налайхынх гэж нутгархах аястай.

Нийслэлтэй үндсэндээ хорооллуудаараа холбогдчихсон гэж хэлэхээр. Налайхын зам тухайн үедээ жолооч нарын хурд сорьж үзсэн хамгийн сайхан зам гэгдэж байсан. Тэгвэл одоо өрсөн хавтан шиг энэ зам цагийн уртад элэгдэж хурд сорих аргагүй болжээ.

Энэ замыг 1962 онд хятадууд тавьж өгсөн гэдэг. Одоо энэ зам завсаргүй машин сүлжсэн их хөлийн харгуй болжээ. Монголын хэвтээ тэнхэлгийн их замын нэгээхэн хэсэг. Налайхынхан анхнаасаа нүүрсээр амьдралаа тэтгэж ирсэн түүхтэй.

Налайхыг анх хятадууд нээсэн бол өнөөдөр нээснийхээ хэрээр ил, далд хэтэвчээ зузаалсаар байгаа аж. Харин тус дүүргийн зургаан хороонд амьдран суугч иргэд нүүрсний хэрэглээ зогсоход амьдрал хүндэрдэг гэцгээж байна. Иргэдийн худалдан авах чадвар муу. Уурхайн хортой нөхцөлд ажиллаж байсны халамж авдаг ажлын чадвар алдсан 20 гаруй мянган иргэд байдаг аж.

Үе үеийн УИХ-д сонгогдсон гишүүд нь Налайхыг үйлдвэрийн хот болгоно гэж амлаж хашраачихсан юм гэж нэг нөхөр ярина лээ. Хот руу нүүрс оруулахгүй болно гэж яригдаад байгаа. Тэгвэл ч налайхчуудын амьдрал хүндэрнэ, яана даа гэж иргэд ярьдаг юм байна. Оюутны хотхон барина гэж хуурсан гэцгээж байна. Тэр бүү хэл өнгөрсөн хавар Улаанбаатар хотын орлогч дарга Д.Ганболд Налайхын иргэдтэй уулзалт хийхдээ Улаанбаатар-Налайхын хооронд хоёр урсгалтай зам тавина. Удахгүй эхлүүлнэ гэж амлаад явжээ.

Тэр зам эхлэх байтугай одоо сураг тасарсан гэцгээж байна. Дүүргийнхээ даргыг цэцэрлэгт хүрээлэн барина гэхээс өөр юм ярьж мэддэггүй хүн гэх юм. Тухайн үед уурхайн тосгон гэгдэж олон ястан цугларсан хангалт сайтай байсан Налайх дүүрэг өнөөдөр нийслэлийн хаяа дэрлэсэн их хөлийн хот гэгдэхээр зүсээ хувиргажээ.

Европын улаан дээвэртэй намхан барилгуудыг санагдуулам олон жижиг барилга баригдсаар байна. Энэ нь нүүрстэйн ач биз ээ. Налайх гэхээр нүүрсний уурхай бодогдоно. Налайх орно гэхээр уурхайчдийн үр удамтай уулзана гэсэн үг. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын

“Уран болоод баян байгалийн
Уул усыг бахдаж явахад
Урьдын ярьдаг лусын хаадтай
Уурхай дотор учирч байх юм.
Та бидний дээрх тэнгэр
цэлийж харагдахгүй
Тас хар тэнгэр орой дээр минь
Талст оддоо гялалзуулж
харагдах юм
Мэдээж таныг Увс, Ховдынхон
Манай нутгийн күмүнэ
байна гээд угтана” гэсэн “Налайх” найраглалыг замдаа бодож явлаа.

Саяхан болтол ундааны шилнээс эхлээд чимэглэлийн шилэн эдлэл үйлдвэрлэдэг байсан үйлдвэрийн өндөр яндан л хуучнаас үлджээ. Багануур, Тавантолгойн нүүрс сураггүй байх үед Налайхын нүүрс монголчуудыг илч дулаанаар тэтгэж байлаа. Өнөөдөр Налайхад цементийн нэг, тоосгоны найман үйлдвэр ажиллаж байна.

Хичнээн уурхайн цооног байгаа нь мэдэгдэх арга алга. Нүүрсний цооног улам л урагшаагаа тэлээд байгаа аж. Зөвшөөрлийг Налайх дүүргийн ЗДТГ-аас олгодог гэх юм. Нийт 80 гаруй жижиг цооног бий гэнэ. Энд тэнд гурвалжин ам, дэргэд нь хэлбэр муутайхан гэрүүд үзэгдэнэ.

Налайхын уурхайн хуучин барилгууд байлдаантай киноны бөмбөгдүүлчихсэн хэсэг шиг хэрзийгээд нурчихсан байгаа нь нэг л эвгүй. Уурхайн орчин нэлдээ бөмбөгөнд сэгчүүлчихсэнтэй адил. Энд ямар ч удирдлага, дэг жаяг гэж байхгүй. Нүүрснийхээ амыг өөрийн болгож аваад гаргаж чадаж байвал хөдөлмөр хамгаалал зэрэг нь хамаагүй.

Он гараад долоон хүн чад хийсэн гэж ярих юм. Эмгэнэлт ийм явдал хажууханд нь гараад байхад хашрахгүй гүн цооног руу нүүрсчид орсоор л байна. Цаг дулаарахаар нүүрсний хэрэгцээ хумигдаж байгаа аж. Тэгэхдээ манай хөдөөнийхний хэлдгээр золбин портерууд нүүрс аччихсан сүлжилдсээр. Нүүрсний борлуулалт муудаж “Цайз” зах дээр өдөржин зогсож байж борлуулах, хонох тохиолдол бий гэнэ.

Зарим уурхай нүүрсээ гаднаа хамарлан хурааж цагаалж байна. Уурхайн нүхнээс шуудайгаар нүүрс үүрэн гаргаж ирж байгаа хүнийг харахад хүнд хөдөлмөр гэдэг нь харагдана. Одоогоор 40-өөд метрийн цаанаас авч ирж байна. Газар гэсээд ирэхээр орох аргагүй болно. Хэдхэн хоног ажиллаад болино оо гэж уулзсан уурхайчин ярьж байсан.

Өдөр уурхайчдад хоол хийж борлуулагчид олноороо ирэх юм. Тэд бас зүгээргүй архи авч ирж борлуулдаг юм байна. Зарим нь орой ажлынхаа хөлсийг авчихаад нөгөө архийг авч ууцгаагаад халтар нүүрлэн сууцгааж байх юм. Зарим нэгний нь эхнэр хүүхэд архи уучихна гээд ирж сахиад тарахаар нь авч явдаг гэнэ.

Та өвлийн улиралд ирсэн бол их юм үзэх байсан даа гэж байна. Юу үзэх юм бэ гэхээр coгтуу хүүхнүүд олон байна шүү дээ гэнэ. Зарим нь хоол зарсан мөнгөөрөө заримтайгаа нийлээд уучихсан суудаг гэнэ. Уурхайчдын амьдрал нэг иймэрхүү. Харин Налайхын тоосгоны үйлдвэрүүд ажлаа эхлүүлэх гээд хятадууд нь ирчихсэн байгаа аж. Арван сард яваад дөрөвдүгээр сард ирдэг юм байна. Нэг монгол хүний нэр дээр зөвшөөрлөө авчихаад хятадууд үйл ажиллагаа явуулдаг аж.

Тэд Налайх дүүрэгт огт татвар төлдөггүй гээд бодоход арай дэндүү юм аа. “Завхан” гэсэн нэртэй үйлдвэрийн харуул залуугаас зарим зүйлийг тодрууллаа. Яагаад татвар төлдөггүй юм бол гэж асуухад “Арван жил ажиллуулаад энэ баяугаа өгчихөөд явчих юм гэсэн. Одоо гурван жил ажиллахад түрүүчээсээ нурж байгаа юм чинь арван жилийн дараа энэ юу үлдэх вэ дээ гэж байна. Дүүргээс тоосгоны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа нь харагддаггүй гэнэ.

“Тоосгоны энэ үйлдвэрүүдийн ард Налайхын нөлөө бүхий дарга нар байдаг юм билээ” гэж ярьж байна. Та нар тоосго хийхийг сураад өөрсдөө хийж болохгүй юу гэж асуухад “Хятадууд тоосгоны шавар зуурч байгаа усандаа нэг юм хольдог юм. Түүнийгээ бидэнд үзүүлж харуулдаггүй. Түүнийг л мэдэх хэрэгтэй байгаа юм” гэж байна. Тэгэхээр хятадууд муу санаатай гэдэг нь үнэн байгаа биз. Жилд хэдэн зуун мянгаар нь тоосго үйлдвэрлэн борлуулж байгаа энэ үйлдвэрүүдээс дүүрэг нь татвар авахгүй байна гэдэг хятадуудыг давруулж байгаагийн жишээ юм.

Өнгөрсөн жил нэг тоосго 110-135 төгрөгийн ханштай байжээ. Харин энэ жил нэг тоосго 140-160 төгрөг хүрэх байх гэж байна. Энэ үйлдвэрүүдэд Налайхын охид хөвгүүд олнооороо ажилладаг байна. Зарим охид хүүхнүүд ичиж зовохгүй хятадууд руу гүйлдээд байх нь бий шүү гэж байна. Хятадууд намар буцахдаа цулайгаад буцдаг улс шүү дээ.

Нэг тоосгоны үйлдвэрт 20-иод хятад ажилладаг гэх. Хаанаас, хэний зөвшөөрлөөр олон cap хоногоор Монгол Улсад амьдарч болдог юм бэ, мэдэхгүй, жил жилээс хятадуудын тоо нэмэгдээд байгаа гэцгээж байна. Монголд ажиллагсдад ажлын хөлс өгөхдөө гар чанга. Эд хийхгүй яадгийм гэсэн хандлага байдаг юм гэж байна.

Цементийн үйлдвэр нь сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Мөн л хятадууд ажилладаг юм байна. Өнгөрсөн жил 50 кг нэг уут цемент 10 мянган төгрөгт хүрсэн. Одоо барилгын ажил эхлэхээр өсөж л таараа гэцгээж байна. Ийнхүү ажил голдоггүй хятадууд манайд хамгийн их эрэлттэй барилгын материалыг үйлдвэрлэж хэтэвчээ зузаалсаар байгаа дүр зургийг Налайх дүүргийн өмнөд хэсгээс харж болохоор байна.

Н.Лхагва

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш