“Юнител”ийнхэн саяхан нэг сая дахь хэрэглэгчээ тодрууллаа хэмээн гудамжиндаа гарч баяраа тэмдэглэж байсан даг. Гэтэл энэ нь худлаа байж гэвэл Юнителийн эрхэм хэрэглэгч та бүү гайхаарай. Үүнийг Мэдээлэл шуудан, харилцаа холбоо технологийн газрын www.ictpa.mn хаяг руу ороход л тодорхой мэдэх боломжтой. Тэнд “Мобиком” корпорацийг 1.261.650, “Скайтел” компанийг 578.591, “Юнител” компанийг 624.031, Жи мобайл компанийг 477.041 хэрэглэгчтэй хэмээн нийтэд зарласан байх юм. Тэгэхээр өнөөх бүхнийг бараг л “үнэгүй” хэмээн хэрэглэгчиддээ зориулдаг гэх “Юнител” компани хууран мэхлэх үйл ажиллагаа явуулдаг нь батлагдав бололтой. Уг нь сая дахь хэрэглэгчээ тодрууллаа гэхэд нь Монгол Улсын хүн амын бараг тал нь “ногоонуудыг” сонгож дээ гэж бодож байлаа. Даанч үгүй байж.
Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 д заасан”Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно”, 12.1.10д ” хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтыг дээрх үйлдлээрээ ноцтой зөрчиж байгаа юм. Үүнээс гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8д заасан “Бараа, ажил, үйлчилгээг төөрөгдүүлэх замаар худалдахыг хориглоно” гэсэн заалтыг ч мөн зөрчиж орхиж. Ийм байж болно гэж үү.
Ийнхүү үүрэн телефоны оператор компаниудын зэс нь ийнхүү захаасаа цухуйж эхлээд байгаа нь харамсалтай. Тус үүрэн телефон л гэхэд үйл ажиллагаа эхлээд зургаахан жилийн нүүр үзэж байгаа мөртлөө хэрэглэгчдийн ярианы тарифаас “хумсалдаг” гэдгээрээ олны дунд зартай болжээ. Эндээс харахад манай улсад хөгжлийнхөө эхэнд явж буй бизнесийн шинэ салбар буруу замаар будаа тээхийн замыг тавьж байна уу гэсэн дүгнэлт хийхэд ч буруудахгүй болов уу. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас сар гаруйн өмнө таван байрны тохирлоо өгөөгүй мөртлөө өглөө хэмээн шоудсаныг нь тогтоож торгуулийн арга хэмжээ авсан. Гэтэл өмнөх таван хэрэглэгчиддээ таван байраа өгөөгүй байж дараагийн таван байрны азтан шалгаруулах арга хэмжээгээ эхлүүлэн мэдээллийн хэрэгслээр зогсоо л зайгүй бөмбөгдөн өнөөх л сурсан аргаараа олныг төөрөгдүүлсээр байгаа нь тэдэнд торгуулийн 10 сая төгрөг юу ч биш гэдгийг харуулж байгаа биш үү. Анхны таван байрны хонжворт оролцохын тулд хэрэглэгчид 2000 төгрөгөөс дээш нэгж худалдан аваад орон сууцтай болох гэсэн хүмүүс “Юнител”-ийн дугаар нэгж хоёрт ёстой нэг шуурч өгсөн дөө. Дахиад мөн ийм хонжвортой иргэдийг шууруулах ажлаа дахиад эхэлснийг бодоход овоо ашигтай байсан нь мэдээж.
Хүн амынх нь 80-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг болохоор нэгж аваад байртай болдог бол тэр зургаан хувийн хүүтэй зээл гэж мөд бүтэхгүй юмны араас манаргаснаас “Юнител”-ээс л тэр байраа авъя л даа. Гэвч тэр нь сэрүүн зүүд. Тарчигхан амьдралтай ардынхаа сэтгэхүйгээр тоглож мөнгө олно гэдэг өрөвдмөөр юм.
Уг нь “Юнител” компани өөрийнхөө үнэт зүйлсийг “Анхдагч, манлайлагч, үнэнч шударга, нээлттэй, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч” гэж ирээд л гоё үг, сэтгэл татам байдлаар тодорхойлжээ. Гэвч шударга байцгаая уриатай гарч ирээд шударга бусын жишээ болоод байна. Үүний илрэл нь иргэд хэрэглэгчдээс Юнителийн тухай гомдол хэл ам тасардагүйгээс харж болно. Ямар сайндаа л “хулхи” Юнител гэх нэр хүртэл аваад амжсан. Нэгэн баримттай зүйл дуулгая.
Сарын өмнө “Юнител”-ийнхэн нэгэн улсын үйлдвэрийн газарт баахан үнэгүй дугаар, утасны хамт тарааж л дээ. Тэнд ажилладаг нэг найз маань 8928…. дугаарыг утастай нь авчээ. Мэдээж тэд сайхан рекламдсан болохоор. Сар бүрийн эхэнд сүлжээндээ ярих 250 минут байнга орж ирнэ гээд л. Мөн өмнө нь барьдаг байсан 8802….гэсэн дугаараа мөн сэргээлгэсэн юм.
Гэтэл дараа төлбөртийнх нь хэрэглээний үнэ таамаглахааргүй их гарахаар нь гайхаад асуутал өөрөө танихгүй “Миний туслах” үйлчилгээний төлбөр нэмэгдсэн байж. Мань хүн гайхаад би энэ үйлчилгээг идэвхжүүлээгүй шүү дээ хэмээн операторт нь хэлэхэд “уучлаарай, та утсаа унтраасан үед автоматаар төлбөр нь гарна” гээд хариу хэлэх завгүй утсаа тавьчихжээ. Энэ ч яахав. Бүр инээдтэй зүйл нь нөгөө үнэгүй тараасан утасныхаа мөнгийг сар бүрийнх нь цалин дээрээс суутгаад байж. Тэгэхээр нь би мөнгийг нь төлчихье гэтэл “үгүй ээ, заавал цалин дээрээс чинь авах ёстой” гэж хүн гайхмаар утгагүй тайлбар өгсөн байх юм. Нөгөөх маань бүр аргаа барчихсан ууртай гэгчээр ирэх сар дахиад ийм үйлдэл гаргах юм бол зохих тазарт нь өгч шалгуулна хэмээн ярьсан юм.
Ихэнх хэрэглэгч дээрх хүний нэгэн адил төлбөрийнхөө хүснэгтийг авч, нэг бүрчлэн тулгаж нягталдаггүй. “Юнител”-ийн үйлчилгээний төвүүд хэрэглэгч шаардсан тохиолдолд дэлгэрэнгүй тооцоог гаргаж өгдөг тул тэр бур шахаж шаардалгүй хэлснээр нь тооцоогоо барагдуулдаг. Энэ мэтчилэн янз бүрийн аргаар хэрэглэгчдийнхээ халаас руу дур мэдэн гараа шургуулдаг “Юнител” одоо болимоор юм.
П.ДӨЛГӨӨН