Нүүрснийхээ чанар нөөцөөр дэлхийд гайхагдаж, их гүрнүүдийн сонирхлыг татах болсон Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдын нэг нь хятадууд байх нь нэгэнтээ тодорхой болсон. Хэдийгээр тарж бутарсан ч гэлээ Засгийн газраас үүрэг авсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн хавар Тавантолгойн Цанхийн баруун хэсэгт үйл ажиллагаа явуулах стратегийн хөрөнгө оруулагчаар Хятад, ОХУ, АНУ тэгээд Япон, Өмнөд Солонгосыг оролцуулна гэдгийг зарласан. Тодруулбал , Хятадын БНХАУ-ын “Шинхуа Энержи” Тавантолгойн ордод хамгийн их хувь эзэмших стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон.
Эрчим хүчний мангас болсон Хятад улс Монголын нүүрсний томоохон хэрэглэгч .Бараг ганц ч зах зээл нь гэхэд дэгсдэхгүй. Далайд гарцгүй, дэд бүтэц муутай Монгол Улс хүссэн хүсээгүй хятадуудад нүүрсээ зарахаас өөр замгүй. Тиймээс Тавантолгойгоо монголчууд наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад л хятадуудад өгөх нь анхнаасаа илэрхий байсан. Хэдийгээр Япон, Өмнөд Солонгос улс Монголоос нүүрс худалдаж авах сонирхлоо илэрхийлж байгаа ч Хятадын нутаг дэвсгэрийг дайрч өнгөрөх нь мэдээж. Хэрвээ Хятад нүүрсний тээвэрлэлтэд хориг тавьчихвал Монгол Улс нүүрсээ юун дэлхийн зах зээлд гаргах манатай болно. Тиймээс л том боломжоо ашиглан Монголын томоохон стратегийн ордод хятадууд давуу эрх эдлэх нь ойлгомжтой болчихоод байгаа юм. Харин Оюутолгойн ордод хятадууд жижиг чулуугаар том чулууг цохих бодлого барьж байна. Тиймээс тэд “Айвенхоу майнз”-ын охин компанийг эхлээд халаасандаа шургуулахаар шийдвэрлэсэн хэрэг. Чалко” нь Хятадын төрийн өмчит “Чайналко”-гийн охин компани бөгөөд “Саус гоби сэндс”-ийг худалдах гэрээ байгуулахдаа “Овооттолгой”-н нүүрсийг олборлож, дэд бүтцээр дэмжихээр болсон гэх. “Саус гоби сэндс”-ийг хяналтын хувьцааг худалдсанаар “Айвенхоу Майнз”-ын хувьд компанийнхаа хувьцааг арилжаалснаар Оюутолгой төслийн дараагийн шатыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг бүрдүүлж байгаа гэнэ. “Айвенхоу Майнз” компани нь “Саус гоби сэндс”-ийн хувьцааны 57.6 хувь буюу 105 сая ширхэг хувьцааг эзэмшдэг байсан юм. Харин дэлхийн уул уурхайн аварга загас гэгддэг “Рио Тинто” “Чалко”-гийн толгой компани “Чайналко”-той түнш бөгөөд урьд нь Оюутолгойд Хятадын компаниудыг оруулах тухай тохиролцож байсан гэх яриа байна.
Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компани, Өмнөговь дахь Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ-ын “Чинхуа” корпораци эзэмшдэг. “Чинхуа” нь ”2003 оноос Шивээ-Овоогийн боомтоор нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Тус компани жилдээ 1,5-2,0 сая тонн нүүрс олборлож, Хятадын зах зээлд нийлүүлдэг аж. Нарийнсухайтын орд дээр Монгол Улсын Засгийн газар тогтвортой байдлын гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ирэх 2013 онд дуусах гэнэ лээ.
Дорнод дахь ураны бүлэг ордын хоёр нь болох Мардай, Гурванбулагийн ураны ордыг БНХАУ-ын төрийн мэдлийн CNNC буюу Цөмийн энергийн корпораци, Сүхбаатарын Төмөртэйн овооны цайр, хар тугалгын ордыг БНХАУ-ын “Цайрт минерал” компанийн эзэмшилд ороод удаж буй. Гурванбулагийн ураны ордын хайгуулын лицензийн 75 хувийг Канадын “Вестерн проспектор“ компани БНХАУ-ын Цөмийн энергийн корпорацид 31 сая канад.доллараар уг ордыг зарсан гэх яриа гарсан.
Сүхбаатарын Төмөртэйн овооны нөөц одоо бараг дуусч байгаа хэмээн салбарынхан нь ярьдаг. Энэ ордын хувь заяа ийнхүү хятадуудын гараар дуусгавар болж байгаа бололтой юм. Мөн стратегийн орд газрын жагсаалтад багтсан Хөвсгөлийн Бүрэнхааны ордын MV-003996 лицензийг Хятадын “Сутайхэн цо” компани болон MV-011823, MV-011824 тоот тусгай зөвшөөрлийг “Топруонхэнцо” компани эзэмшдэг юм байна. Түүнчлэн Ховдын Хөшөөтийн уурхайг стратегийн орд газрын жагсаалтад багтаахыг зарим хүмүүс УИХ-аас шаарддаг. Тус уурхай 85 сая тонн нүүрсний нөөцтэй. Ховд аймгийн Сутай хайрхан уулын ар бэл, Баатарын нуруу дамжин оршдог уг уурхайн эзэд нь Монголын ард түмэн биш Хятадын хөрөнгө оруулалттай БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани болчихоод байна.
УИХ-аас стратегийн орд газруудын жагсаалтыг баталж, уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тохиолдолд 51 хувийг нь төр эзэмшинэ гээд заачихсан бий. Тус жагсаалтад багтсан 15 ордын долоо нь одоо хятадуудын эзэмшилд нэгэнтээ шилжчихээд байна.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3928 тусгай зөвшөөрөл хүчинтэйгийн 1209 ашиглалтынх, 2719 хайгуулынх аж.