Наян оны сүүл 90-ээд оны эхээр өвөрмөц хоолой, донжлог төрхтэй нэгэн бүсгүй “Авгын цагаан уул” зэрэг дууг дуулсаар гарч ирсэн даруйдаа олны анхааралд өртөж байлаа. Урлагийн гэр бүлд өссөн тэрээр өөрийн дүү Маралгуагийн хамт уран бүтээлээ хүргэдэг байсныг та санаж буй байх. Одоогоос арваад жилийн өмнө аймшгийн кино үзэх хоббитой хэмээн эвэртэй туулай үзүүлж байсан тэрээр гэнэт бурхан шашны дууч болон бас нэгэн сюрприз барьсан. Энэ чиглэлийн урсгалыг эхлүүлсэн гавьяатай ч гэж түүнийг үнэлж болох. Хоббигоо ч өөрчлөн үүлний зураг авах дуртай болсон гэнэ лээ. Өдгөө уран бүтээлийнхээ зэрэгцээ Тайхар чулууны орчимд жуулчны бааз ажиллуулан нөхөр, хүүгийнхээ хамт амьдарч буй дуучин бүсгүй маань их сонин тохиолдлоор ханьтайгаа учирсан аж. Тухайн үедээ одоогийн од гэгдэж буй олны танил эрхмүүдээс илүүтэй хүндэтгэл, талархалд дарагдаж байсан түүнд 300 гаруй захидал ирж байсан гэх юм билээ. Чухам л зүрхээ дугтуйлан илгээсэн тэр олон дотор түүний хүүгийн аав, ирээдүйн хань нь байсан гэдэг. Хэдий дуучин бүсгүйн анхны амьдрал бүтэлтэй байгаагүй ч тэрээр өөрийг нь гэсэн олон зүрхээс түүнийг сонгон, захидлаар харилцаж явсаар, анхныхаа болзоог Сүхбаатарын талбайд товлож байсан аж. Ингэж Арын сайхан хангайн бэр болсон түүнд хадам аав нь “Нигүүлсэхүйн залбирал” тоглолтынх нь үеэр 100 гаруй бог бэлэглэж байсан гээд түүний амьдралд дурсамж дүүрэн тохиолдлууд олон байдаг төдийгүй ойр тойрныхон нь жинхэнэ романтик дурлал хэмээн тэдний хайрын түүхийг яриулах дуртай байдаг гэнэ лээ.