logo
 Гамбууш: Би Тайландад хүүхэд төрүүлэх боломжтой болох мэс засал хийлгэж, умайдаа алтан утас суулгуулна

Гамбууш: Би Тайландад хүүхэд төрүүлэх боломжтой болох мэс засал хийлгэж, умайдаа алтан утас суулгуулна

2012/04/05
Гамбууш сүүлийн үед ихээхэн намба суужээ. Тэрээр жаргах насандаа ирсэн учраас гэр бүлийн амьдрал зохиож, үр хүүхэдтэй болохыг хүсдэг болсон гэнэ. Түүний ирээдүйд хийхээр шийдсэн зоримог алхмуудын талаар дараах ярилцлагаас уншаарай.
-Хатагтай Гамбуушийг клипэнд тоглож байгаа гэж сонссон юм байна. Ямар дууны клипэнд тоглож байна вэ?
-Миний хамгийн сүүлд хийж байгаа ажил маань МУГЖ Н.Чулуунхүүгийн охин 2010 оны “Морин хуур” наадмын гран при шагналт Ч.Мөнхжаргалын ая З.Жанарайгийн үг “” продакшны “Бусдын дурласан зүрхэнд бүү дурла” гэдэг дууны клипэнд тоглоод дуусаж байна.
-Ямар утга санаа илэрхийлсэн бүтээл вэ. Яагаад энэ саналыг хүлээж авах болов?
-Клипний утга санаа нь таалагдсан учраас саналыг нь хүлээж авсан. Хүний амьдралын хамгийн гол утга учир нь гэр бүлийн аз жаргал гэж би боддог. Гэтэл гэр бүлээсээ гадуур хувийн харьцааг бусадтай тогтоох нь эрчүүдэд илүүтэйгээр ажиглагддаг. Түүнээс гадна хүмүүсийн хоёр дахь амьдралыг энэ клипээрээ харуулахыг зорьсон учраас тоглохыг зөвшөөрсөн.
-Өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор уран бүтээл, ажил төрлөөсөө хэсэг завсарлага аваад байна. Энэ оны 9-р сарын 2-нд Цонжин болдогт “Алтан говь тэмээн сүрэг” ТББ-аас Геннисийн номонд орохоор зорьж буй 10 мянган тэмээтэй жуулчны арга хэмжээний зохион байгуулалтын хэсэгт нь орж ажиллана. Энэ талаархи асуудал урьдчилсан зохион байгуулалтын хэмжээнд явагдаж байгаа учраас Тайланд явахаа түр азнаад байна.
    -Нууц биш бол ямар шалтгаанаар Тайландыг зорих гэж байгаа юм бол?
    -Товчхондоо мөрөөдлөө биелүүлэх юм.
    -Тодруулбал?
    -Төгс эмэгтэй болохыг хүсч байна. Үүний тулд Тайландад очиж мэс засалд орж, хүүхэд төрүүлэх чадвартай болох гэж байгаа юм. Нөхөргүй ч үр хүүхэдтэй болмоор байна шүү дээ. Ганц хүн айл болдоггүй гэдгийг өдий насандаа ойлголоо. Гэр бүлтэй байна гэдэг хамгийн сайхан аз жаргал гэдгийг ойлголоо. Тиймээс хэдэн жил амьдрах нь чухал биш хамгийн гол нь гэр бүлийн аз жаргалаар амьдарч үзмээр байна.  Үр хүүхэдтэй болж, эх хүний жаргал зовлонг нь мэдэрмээр байна.
-Ээж болохыг хүссэн эмэгтэй бүр эрүүл саруул хүүхэдтэй болохыг хүсдэг. Таны үр хүүхэд ямар нэг байдлаар асуудалтай төрөх вий гэх эмзэглэл төрдөг үү?
-Энэ талаар ер нь бодож байгаагүй. Тэр үеийн тэнгэр мэдэх байлгүй. Өөрөө унасан хүүхэд уйлах биш. 
-Та одоо найз залуутай юу?
-Байгаа. Дотно уулздаг гадаад дотоод нэлээд эрчүүд бий. 
-Та мэс засал хийлгэснийхээ дараа тэдний хэн нэгэнтэй нь хамтын амьдрал зохиох уу. Танд гэрлэх санал тавьсан уу?
-Ер нь бол Америк, европын таван орны эрчүүд надад санал тавьсан. Би мэдээж Монгол хүнтэй суухгүй ш дээ. Монгол эрчүүд маань надтай ямар нэг гэрт ороод амьдрах биш хэзээд нууц амрагаараа үлдэнэ.
-Тэгвэл Монгол эрчүүдээс хүүхэдтэй болох уу эсвэл суух хүнээсээ хүүхэдтэй болох уу?
-Хэнээс хүүхэдтэй болох нь чухал биш хэн хийж чадах нь гол ш дээ. Би хүүхэдтэй болохыг л хүсдэг. Эцэггүй ч гэсэн нэг хүүхэдтэй болъё, Хуруу шилний ч болтугай хүүхэдтэй болъё гэж хүсдэг. Тиймээс мэс засалд орчихоод нэг мөсөн хуруу шилний гурван ихэр хүүхдийг хоёр удаа гаргаад алдарт эх болчихъё гэж бодоод байгаа ш дээ.
-Монголчууд удам судраа чухалчилдаг болохоор асуулаа л даа?
-Би л өөрөө хүссэн, луувангаа иднэ үү байцаагаа иднэ үү миний асуудал. Би бусдад зориулж энэ бүхнийг хүсээгүй. Хэн юу ярих нь надад падгүй. Би өөрөө өөртөө л жаргалтай байвал болох нь тэр. Өсөж том болсных нь дараа бусад асуудлыг шийдэх байлгүй дээ. Одоо ярихад арай эртэдэнэ. Илүүц биз дээ.
-Танд Perfect эмнэлгийн Оюун эмч мэс засал хийх хэвээрээ байгаа юу?
-Тиймээ. “Perfect” эмнэлгийн Оюун эмчдээ баярлаж явдгаа илэрхийлье. Надад үнэ төлбөргүйгээр хийж өгөх юм. Би Тайландад мэс засалд орчихоод Монголдоо ирээд Оюун эмчээрээ хамар, хөх, шүд хийлгүүлнэ. Ер нь бол царай бол яахав дээ. Гөлийчихсөн, индүүдчихсэн юм шиг, шаазан ваар шиг царайтай байх нь утгагүй шүү дээ. Хүн заавал хөөрхөн төрөх албагүй, харин тачаангуй байх хэрэгтэй. Эрчүүд ер нь тачаангуй эмэгтэйд татагддаг болохоос биш хананд наасан плакат шиг хүүхэнд дурлаад байдаггүй ш дээ. Тэгээд ч хүн ямар нэг хэмжээгээр өөрийнхөө насанд тохирсон үрчлээтэй байх ёстой. Нас нь яваад л байдаг. Яваад л байдаг. Таг индүүдсэн, алтан утас гүйлгүүлчихсэн шаазан ваар шиг хүн болчихвол тэнэг л харагдана шүү дээ. 
-Манай гоо сайхны мэс засалд орсон одууд хоорондоо ихэр юм шиг харагдах болсон нь нэг л эмч дээр очдогтой нь холбоотой гэдэг юм билээ?
    -Хүн ер нь юугаа өөрчилж, ямар эрхтэнээ засах нь тэр хүний л эрхийн асуудал биз дээ. Нийгэмд зориулж гоо сайхны мэс засал хийлгэдэггүй. Өөртөө л зориулж хийлгэдэг байх гэж би боддог. Би бол давтагдашгүй. Ер нь тэгээд Монгол улсад нэг л Ганбууш байдаг биз дээ.
    -Та өөрөө тэр гоо сайхны мэс засал хийлгэх болохоор хэн нэгэнтэй адил болохоос санаа зовохгүй байна гэж үү?
-Би өөрөө өөртөө таалагдаж, надад бүх зүйл сайхан санагдаж байвал бусдад ямар харагдах, хэнтэй адилхан харагдах нь хэнд хамаатай юм бэ. Адилхан болбол болог л дээ. Намайг Одгэрэлтэй адилхан гээд л байдаг ш дээ. Тэгвэл би мэс засал хийлгээд улам л адилхан болно биз. Би Одгэрэлийг хүндэлж явдаг. Тэгэхээр хүндэлдэг хүнтэйгээ адилхан болсон ч яадаг юм. Хэнд хамаатай юм. 
-Тэгвэл та яагаад өнөөдрийг хүртэл гоо сайхны хагалгаанд ороогүй юм бэ?
-Монголд бидний үед мэс засал энэ тэр гэж байгаагүй ш дээ. Тэгээд ч тэр үед хүнийг залуу нас нь чимдэг байлаа. Тиймээс ч ажил гэр, ажил гэр гээд бодож санах юмгүй явлаа. Харин одоо 50, 60 хүрсэн хойноо мэс засал хийлгэх ёстой болж байна шүү дээ. Яг үнэндээ Монголд л 60 насыг өтөл нас гээд байдаг болохоос биш дэлхий нийтийн хувьд бол залуу насандаа орно шүү дээ. Тэгээд өөрсдийгөө хөгшин гээд яриад байдгийг нь ёстой ойлгодоггүй. Би өөрийгөө хөгшрөөгүй залуу байна гэж боддог. НАС БОЛ ЗӨВХӨН ТОО.
-Мэс засал хийлгэчихээд хамгийн түрүүнд хийх ажлын төлөвлөгөөг тань сонирхвол?
-Мэс засал хийлгэчихээд наркозоо гартал хөдөө гадаа хэсэг амарч байгаад шоу ертөнцтэйгөө холбогдоно доо. Тэгээд цаашаагаа телевизийн нэвтрүүлгүүд, кино, өөрийн амьдралынхаа тухай номоо гаргана даа. Ажил ч их байна аа их байна.
-Та удахгүй 100 хувь эмэгтэй хүн болох юм байна. Тэгэхээр таны иргэний үнэмлэх, бичиг баримтууд бүгд өөрчлөгдөх үү?
-Би энэ мэс заслуудыг чинь өөрийнхөө төлөө л хийж байгаа юм. Хэн нэгэнд, бусдад таалагдах гэж хийж байгаа юм биш. Тийм болохоор хэн намайг юу гэж хэлэх нь ерөөсөө сонин биш. Миний иргэний үнэмлэх ямар байх нь ч сонин биш. Би хүнтэй суух уу суухгүй юу, хүүхэд төрүүлнэ үү төрүүлэхгүй юу энэ бол хэнд ч чухал биш. Энэ бол миний л амьдрал. Би хүссэнээрээ л амьдрах болно. Би бол би. Давтагдашгүй.
-Тийм л дээ. Гэхдээ хүн амьдарч байгаа бол бичиг баримт зайлшгүй байх ёстой.  Тийм болохоор л асуугаад байна л даа?
-Визинд би байгаа төрхөөрөө л гарчихдаг шүү дээ. Тэгээд ч манайд л нэг их аймаар, байж боломгүй мэт бодоод байдаг болохоос биш гадаадад бол огт тоодоггүй. Байдаг л нэг асуудал. Хил гаалийнхан ямар ч асуудалгүйгээр гаргаад л явуулдаг. Урьд нь зөндөө л явж байсан. Огт тоодоггүй шүү дээ. Тийм болохоор миний хувьд асуудал биш.
-Гадагшаа тэр дундаа томоохон зорилго өвөрлөсөн хүнд зардал мөнгөний асуудал тулгардаг. Хөрөнгө санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Би ямар тасарсан баян хүн байгаа биш. 25000 долларын асуудал байгаа л даа. Хүмүүс ийм тийм боллоо гээд олон нийтэд зарлаад ивээн тэтгэлэг, хандив авдаг. Би бол тийм зүйл хиймээргүй байна л даа. Харин сэтгэлээрээ дэмжиж тусалж байгаа хүмүүс бий. Төлөвлөсөн ажлуудаа хийгээд тухайн үед тусалсан хүмүүсийн мөнгийг эргүүлээд бүрэн төлнө гэж бодож байгаа.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд сүүлийн асуултыг үлдээе?
-Шуум.мн сайтын хамт олонд намайг зочноороо урьж ярилцсанд талархал илэрхийлье. Хүн баян ч бай хоосон ч бай, асар том орд харшид амьдардаг ч бай тэр хүний сэтгэл зүрх нь хоосон байвал тэр аз жаргал биш гэж би боддог. Тиймээс хүмүүстээ хандаад хэлэхэд учраа мэдэхгүй насандаа юм уу оюутан насандаа амжиж гэр бүлийн амьдралаа зохиогоорой гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол хүн санаа суучихсан хойноо хайрлана, дурлана, амьдрал зохионо гэдэг тийм ч амар байдаггүй шүү дээ. Мөн хүний амьдралын аз жаргал бол гэр бүл байдаг. Нэг гэрийн хоёр бие биенээсээ өө хайхаасаа илүүтэйгээр нэг нэгэндээ итгэж, хамтын амьдралыг хамтдаа цогцлоох ёстой гэж би боддог. Би өөрөө хойд эх хойд эцгийн нүүр үзсэн болохоор гэр бүлийн амьдрал тогтвортой байх нь хамгийн чухал зүйл шиг санагддаг. Хэдийгээр бидэн шиг хүмүүст хувь тавилан дутуу байдаг л даа. Гэхдээ Монголд гэрлэлтийн хууль батлаагүй ч гэсэн сэтгэл зүрхээ хуваалцаж дотно нөхөрлөдөг хүмүүс байдаг. Энэ дашрамд намайг хүндэлж, итгэж, хайрлаж байдаг найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, амьдарч байгаа буудлынхаа хамт олон, ойр дотныхондоо баярлалаа, бас хайртай шүү гэж хэлье.
    -Саяхан нэг мэдээллийн хэрэгслээр таныг гурван давхар хаалгатай байр худалдан авсан гэж бичсэн байсан. Бас таныг Twitter-ээр нас барсан гэх шуугиан гарсан?
-Амны билгээс ашдын билэг гэдэг биз дээ. Мөнхөрч дээ хөөрхий. Байртай ч болчих юм байна. Мөнхөрчих ч юм байна. Санаа тавьж энэ мэдээллийг гаргасан хүмүүст Баярлалаа гээд л хэлчихье дээ.
Ш.Булга
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш