logo
Гашуунсухайт, шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Гашуунсухайт, шивээхүрэн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2012/04/05
Хилийн боомтуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг богино хугацаанд боловсруулан баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд, харъяа агентлаг, аймгийн удирдлагад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Энэ нь хилийн боомтуудын хяналт, шалгалт, боомтоор дамжин өнгөрч байгаа зорчигчдын ачаа тээврийг сааталгүй түргэн, шуурхай нэвтрүүлэх, хяналт, шалгалтыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган олон улсын жишигт нийцсэн боомт болгон хөгжүүлэх Засгийн газрын зорилтыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилготой юм.
Ерөнхий төлөвлөгөөнд дээрх зорилтоос гадна нүүрс, ашигт малтмал тээвэрлэх авто замын сүлжээг өргөтгөх, мэргэжлийн хяналтын лаборатори, гаалийн хяналтын барилга байгууламж барих газар, ачаа ачиж буулгах терминаль, тээвэр ложистикийн үйлчилгээний байгууламж, цогцолбор зэргийг байгуулахаар тусгажээ.
Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх бүсэд цацраг шалгах төхөөрөмж, тээврийн хэрэгслийг ариутгах, электрон пүү, ачаа тээврийг шалгах рентген камер зэрэг хяналт шалгалтын тоног төхөөрөмж байрлуулах юм байна. Үүний зэрэгцээ нүүрс тээвэрлэх экспортын 6 салаа, импортын 4 салаа, ашигт малтмал тээвэрлэх экспорт, импортын тус бүр 1 салаа зам байгуулахаар төлөвлөжээ.
Төлөвлөгөөнд тусгаснаар нүүрс, ашигт малтмал тээвэрлэх замыг зорчигч тээврийн болон иргэний ачаа тээвэрлэх замаас тусгаарлаж, хилийн шалган нэвтрүүлэх цогцолборын хоёр талаар гарах, орох ачаа тээврийн 3, зорчигч тээврийн 2 салаа замтай байх юм.
Үүнээс гадна Гашуунсухайт боомтоос 6,5 километрт байх Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар барьж байгаа орон сууц, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжийг орон нутгийн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээний төв болгон хөгжүүлэх зэрэг олон ажил хийх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш