logo
Террористын тухай мэдээлэл өгвөл 10 сая долларын шан олгоно

Террористын тухай мэдээлэл өгвөл 10 сая долларын шан олгоно

2012/04/06
Пакистаны «Лашкар-и-Тайба» бүлэглэлийг үндэслэгчдийн нэг болох Хафиз Мохаммед Саидыг баривчлахад тус болохуйц мэдээлэл өгвөөс 10 сая долларын шан олгоно гэж АНУ-ын эрх баригчид амлалаа. Энэ тухай мэдээллийг «Хууль эрх зүйн шагнал урамшуулал» гэдэг нэртэй засгийн газрын цахим хуудсанд байрлуулжээ. Мөн Саидын шадар болох Хафиз Абдул Рахман Маккигийн талаарх мэдээллийг 2 сая доллароор худалдан авах гэнэ.
«Лашкар-и-Тайба» бүлэглэлийг 2008 онд Энэтхэгийн Мумбай хотноо болсон террорист халдлагад шууд холбоотой гэж сэжиглэж байгаа юм. Тухайн үед халдлагын улмаас 166 хүн, тэдний дотор АНУ-ын 6 иргэн амь үрэгджээ. Энэ явдлын дараа Саидыг баривчлан гэрийн хорионд оруулсан байна. Гэвч Пакистаны шүүх түүнийг гэм буруугүй гэж үзэн суллажээ. Харин Энэтхэг улс Саидыг Интерполоор эрэн сурвалжилсаар байгаа юм.
Зарим хэвлэлүүдэд бичсэнээр бол, Саид, Макки нар Пакистан улсад өөрсдийн үйл ажиллагааг ил тод явуулдаг ажээ. АНУ дээрх бүлэглэлийг террорист байгууллага мөн гэдгийг 2001 оны арванхоёрдугаар сард зарласан байна. Түүнчлэн Саидын үндэслэн байгуулсан «Жамаат-уд-Дава» гэдэг байгууллагыг ч мөн террорист гэж үздэг бөгөөд энэ нь «Лашкар-и-Тайба»-гийн нэг бүрэлдэхүүн хэсэг юм. 1990 оны эхээр байгуулагдсан энэ бүлэглэл Кашмирыг Энэтхэг улсаас салган тусгаарлахын төлөө тэмцдэг бөгөөд түүнийг байгуулахад Пакистаны тагнуулын алба оролцсон гэж үздэг.

МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш