Айлчлалын эхний өдрийн үдээс хойш Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тус улсын Ерөнхий сайд Омурбек Бабанов бараалхав. Киргизийн Ерөнхий сайд хэлэхдээ, «Чингис хааны ууган хүү Зүчийн хүүн Батхаан Их хуралдайгаа Иссык-куль буюу Монголчуудын нэрлэдгээр «Ишгэн хөл» нуурын эрэг дээр зарлаж байсан түүхтэй. Эрт үеэсээ улбаатай Монгол Киргизийн харилцаа өдгөө ч ийнхүү өрнөн хөгжиж байгаад бид баяртай байна. Та бол эх орондоо ардчиллыг эхлүүлэгчдийн нэг төдийгүй авлигын эсрэг тууштай тэмцэж ирсэн хүн. Тиймээс манай улс танай улсын хэрэгжүүлж байгаа шүүхийн шинэтгэл хийгээд шударга ёсыг тогтоох, авлига, хээл хахуултай тэмцэх туршлагагаас суралцах хүсэлтэй байна. Бид ашигт малтмалын хуулиа шинэчлэн батлахаар хэлэлцэж байгаа. Тиймээс та бүхэн өөрийн орны мэргэжилтнүүдээ ирүүлж дэмжлэг үзүүлэхийг хүсье» гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, «Бид хоёр арванаар өртөөлсөн ардчиллын туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна. Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар замнаж буй улс орнуудыг дэмжих тусгайлсан санг санаачлан байгуулж байгаа. Энэ сангийн хүрээнд Киргиз Улсыг бид цаашид ч дэмжих болно» гэлээ.
Мөн өдрийн үдэш Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг хүндэтгэн БНКиргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, ерөнхий сайд Омурбаек Бабанов, парламентын дарга Асылбек Жээнбеков нар хүндэтгэлийн зоог барив.