Улстөрийн санаа зорилгоор үйлдэгдсэн аллага бол захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч гэсэн оролцогчтой, хамсаатнууд нь хэд ч байж болзошгүй, маш нарийн зохион байгуулагдсан, далдлах халхавч, ул мөрөө баллах арга нь боловсронгуй, илрүүлэхэд ээдрээ төвөг ихтэй байдаг онцлогтой. С.Зоригийг егүүтгэсэн хэрэг үйлдэгдэх үед манай улсын нийгэм, эдийн засаг тэр аяараа хямарч, улстөрийн нөхцөл байдал тогтворгүй, төр засгийн эрх мэдлийн төлөө нам, эвсэл, бүлэглэлүүдийн тэмцэл эрс хурцадмал байсан үе билээ. Өрсөлдөгч талуудын зөрчил тэмцлийн нэг илрэл нь төр нийгмийн зүтгэлтнээ хөнөөсөн явдал байв.
Улстөрийн аллагыг зориуд, санаатайгаар зохион байгуулж үйлдсэн гэмт этгээдүүдийг халуун мөрөөр нь нэн даруй, хугацаа алдалгүй илрүүлэх үүрэг цагдаа, тагнуулын газрынханд ногдсон. Тэд эхний үед мэргэжлийн чадварлаг, туршлагатай алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг томилж, байгаа хүч бололцоогоо дайчлан ажиллаж байлаа. Гэтэл эрэн сурвалжлах ажиллагааны явцад санамсаргүй мэт боловч санаатай гэмээр эргэлзээтэй үйл явдлууд гарсаар, ажлын эрч хүч суларсаар, ажлын хэсгийн бүрэлдэхүүн солигдсоор, ард иргэдийн шаардлага асуултад «Ажиллагаа хэвийн явагдаж байна. Сэжигтнүүдийг мухарлаж, хүрээ нь хумигдаж, илрүүлэхэд ойртож байна» гэсэн нэгэн утгат хариулт өгсөөр нэг л мэдэхэд 14 жилийг өнгөрүүлчихээд амар жимэр сууцгааж байна.
Ажлын хэсэгт өнөөдөр хаанахын хэн хэн ажиллаж, тэд юу хийж, ямар үр дүн гарч байна вэ? Энэ ноцтой хэргийн талаар эргэн дурсаж буйн учир энэ.
БОЛСОН ЯВДЛЫГ САНАЯ
1998 оны аравдугаар сарын хоёрны баасан гарагийн орой 22:40 цагт Нийслэлийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл иржээ. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн дуудлагаар өгсөн хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод тэр даруй хүрэлцэн очив. Хэргийн газарт очиход С.Зориг бусдад алуулаад, цогцос нь гэрийн босгоны дотор талд, нэлийсэн цусан дунд халуунаараа хэвтэж байж. Тэрээр 1996 оны сонгуульд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд бөгөөд тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшээд байсан юм.
СТВЕ Хэргийн Газрын үзлэг, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр «Хохирогчийн биед хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр 18 тооны шарх үүссэний дөрвөн удаагийнх нь цээжний хөндийд гүн нэвтэрч, уушги зүрхэнд нь хүнд шарх үүсгэж, цус алдсанаас амь нас нь хохирчээ» гэсэн дүгнэлт гарсан.
Мөн хохирогчийн хоёр нүд хөхөрсөн, баруун гарын алга нь хутганд зүсэгдэж цус гарсан, хамар нь шалбархайтай байсан гэдэг. Цогцосны ойролцоо нууц шифрээр онгойдог түгжээтэй албан хэрэгцээний дипломат цүнх хэвтэж байсан бөгөөд түүний гадрыг хурц иртэй зүйлээр зүсч, урж, сийчсэн байжээ. Хэргийн газраас гутлын ул мөр, гар хурууны хээ арваадыг илрүүлэн олж, тусгай аргаар бэхжүүлж авсан байна. Малгай, гар утас олдсон ба малгай нь Э.Бат-Үүлийнх. Тэр орой С.Зориг ажил тараад өрөөндөө нэр бүхий хүмүүстэй шатар тоглож нэлээд суусан бөгөөд 22:15 цагт эхнэр Б.Булган руугаа утастаж, «Одоо ингээд харилаа» гэж хэлсэн байдаг. Яг 22:30 цагт орцныхоо үүдэнд машинаас бууж, дотогш орсон гэж жолооч нь гэрчилдэг. Гэртээ ганцаараа амьд үлдсэн эхнэр Б.Булганаас тэр орой цагдаагийнхан мэдүүлэг авахад тэрбээр дараах зүйлийг ярьсан байна. «Хаалга тогшихоор нь онгойлготол нүүрэндээ багтай хоёр хүн дайраад орж ирсэн. Тэр хоёр хүн миний гарын эрхий хурууг харийн уяагаар холбож хүлээд «Танай сейф хаана байна» гэсэн.
Тэгж байтал удалгүй хаалгыг гаднаас нь түлхүүрдэх чимээ гарч, яөгөө хоёр үүдний зүг ухасхийн явсан. Дараа нь тэнд пэдхийсэн чимээ гарсан. Энэ үед намайг угаалгын өрөөнд оруулсан байсан. Тэр хоёр «Гичий, хулгайч аа», «Ална шүү хулгайч аа» гэсэн үгийг олон удаа хэлж байсан. Тэд бие биеэ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан. Анх орж ирэхдээ хутга, сүх барьж орж ирсэн. Чимээ намжсаны дараа манай үүдэн дээр хүн дуугарахаар нь дуудсанд манай орцны айлын хоёр хүүхэд орж ирж, угаалгын өрөөнөөс намайг гарган, уяаг тайлж өгсөн.
Гэрэл асаагаад харахад С.Зориг алагдсан хэвтэж байсан. Хоёр хүүхдээр цагдаа дуудуулсан. Хэрэгтнүүд гарахдаа «Энэ бол Эрдэнэтийн эхлэл шүү. Дараагийн ээлж Э.Бат-Үүл гэж хэлж байсан» гэжээ. Утга авцалдаа муутай, байж боломгүй зүйлүүдийг ийнхүү өгүүлсэн нь хэн хүнд эргэлзээ гайхашрал яах аргагүй төрүүлсэн билээ.
З.Батсүх
Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа
Эх сурвалж: Өглөөний сонин