logo
Монголчууд хар тамхи зөөвөрлөгчдийн дамжин өнгөрөх цэг болжээ

Монголчууд хар тамхи зөөвөрлөгчдийн дамжин өнгөрөх цэг болжээ

2012/04/06
Амархан аргаар мөнгөжих сонирхол монголчуудыг соронз адил татаж байна. Энэ нь ямар ч аргаар хамаагүй мөнгө олох хүсэлд хөтлөн, зах дээр зогсож хэдэн төгрөг олох гэхээсээ хар тамхи зөөгөөд хэдэн сарынхаа орлогыг нэг дор халааслах гэсэн гэнэн зандаа хөтлөгдөн харь газарт хэцүү нэртийн хаалга татаж буй монголчуудын тоо жилээс жилд өссөөр. Өнгөрсөн жил гэхэд л хар тамхи зөөсөн хэргээр манай улсын 44 иргэн гадаадад шалгагдсан байдаг. Энэ төрлийн хэргээр цаазын ял сонссон 14 хүн байгаа гэхчлэн цөөхөн монголчуудад хэтэрхий ихдэхээр тоо баримт байдаг юм билээ.

Хамгийн сүүлд «Чингис хаан» олон улсын нисэх онгоцны буудлаас Хятад руу нисэх гэж байсан хоёр хүний цүнхнээс хоёр кг хар тамхи олдсон тухай мэдээллийг цагдаагийнхан өгч байсан. Өнгөрсөн оны 12 дугаар сарын долоонд гарсан гэх уг хэрэгт аав, хүү хоёр холбогдсон.

Хар тамхины хэрэгт тухайлбал, гүрэн дамжуулан зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийн яриагаар Малайзаас Өмнөд Солонгос, тэндээсээ Монгол, Монголоос Хятад гэхчлэн тодорхой чиглэлээр энэ бизнес явдаг бөгөөд монголчуудын хувьд авч явсан бараагаа хэлсэн газарт нь аюулгүй хүргэх л үүрэгтэй. Тэд эзнийг нь, бас илгээгчийг нь ч мэдэхгүй. Мэдэх шаардлага ч байхгүй гэнэ лээ. Гэхдээ энэ ажлыг зохион байгуулагч нь монгол хүн биш гэдгийг цагдаагийнхан тэртэй тэргүй мэддэг юм билээ. Харин манайхан яаж тэдэнтэй холбогддог нь сонин.

Ийм төрлийн хэрэгт орооцолдон цагдаа шүүхийн хаалга татсан хүмүүсийн ярьж буйгаар хар тамхи наймаалагчидтай голдуу интернэтээр холбоо тогтоосон байдаг гэнэ. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа 30 гаруй хүн бий. Тэдний мэдүүлснээр гадагшаа сургуульд явуулна, хэлний курст сургана, гадаад хүнтэй гэрлүүлнэ, өндөр цалинтай ажилд зуучилна гэсэн заруудад дэгээдүүлсэн байдаг.

Мөн гадаадын иргэд ч манай улсад сүүлийн үед хар тамхийг өөрсдийн биеэр зөөвөрлөж авч ирэх нь ихэссэн. Энэ нь манай улсад хууль яаж хэрэгжиж байгаагийн тод жишээ. Манайд мансууруулах бодисын эсрэг хууль, эрх зүйн орчин сайн бүрэлдээгүй учраас ийнхүү хар тамхи зөөвөрлөгчдийн дамжин өнгөрүүлэх цэг болсон гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн сарын 13-нд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Хятадын иргэн 27 настай Вон гэх эмэгтэйг баривчилсан байна. Тэрбээр Монголд ирээд удаагүй байсан бөгөөд зочид буудалд байрлаж байхад нь цагдаа нар баривчилжээ. Энэ эмэгтэй хар тамхины төрөл дотроо хамгийн үнэтэйд тооцогддог мансууруулах бодис хэрэглэж байсныг манай эрүүгийнхэн илрүүлсэн юм.

Түүнийг Монгол Улсад хар тамхи борлуулдаг бүлэглэлүүдтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа. Хэрэв сэжигтэн Вон хар тамхины бизнес эрхэлдэг нь тогтоогдвол улс дамнасан хар тамхины бүлэглэлүүдтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй гэдгийг албаныхан хэлж байсан. Энэ бүхнээс харахад манай улсад гадаадын гурван иргэн хар тамхийг хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан анхны тохиолдлууд

Түүнээс гадна гадагшаа хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон хүмүүс голдуу амьдралын боломж муу, эсвэл хэн нэгэнд хууртаж мэхлэгдсэн гэж ярьдаг. Хамгийн хачирхалтай нь тэдний дийлэнх нь чухам юу хийх гэж буйгаа сайн мэддэг. Тэр бүү хәл нэг биш удаагийн үйлдэлтэй, зохион байгуулалттайгаар оролцдог гэнэ. Гаднаас брэндийн бараа оруулж ирэх, эсвэл хил дамжуулан зөөх гэх мэтийн ажил хийж байгаа гэдэг ч ихэнх нь энэ халхавчин дор амь насаа золих аюултай ажил хийдэг.

Тухайлбал, БНХАУ-ын Тяньжины боомт дээр өнгөрсөн оны есдүгээр сард хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан манай улсын таван иргэний хэргийг Хятадын Ардын шүүх хэлэлцжээ. Тэдний гурав нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Сэжигтнүүд 200-800 грамм капсултай героиныг залгисан нь гаалийн шалгалтаар илэрсэн аж. Иймээс Хятадын Ардын шүүхээс иргэн Б-г 800 грамм героин залгисан хэрэгт буруутган цаазаар авах ял оноосон байна. Түүний найз бүсгүйчүүд болох Б, Н нарт бүх насаар нь хорих ял, Г, Ц нарт 15 жилийн хорих ялыг туc туc оноосон билээ. Үүн шиг хэцүү замаар бусдын өгөөш болоод шороңд орсон хүн маш олон бий.

Аль ч улс орны хилийн хяналт чангарч, хар тамхины элдэв төрлийн бодисыг барааны газраас мэдэрдэг үнэрч нохой, мэдрэмтгий багаж .гээд юм юмаар тоноглогдсон. Тиймээс манайхан залгих, бүдүүн гэдэс рүүгээ шургуулах зэргээр хүний санаанд оромгүй аргаар хар тамхи зөөвөрлөдөг. Тэгээд ч эхэн үедээ БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудын хооронд энэ ажлаа хийдэг байсан бол одоо Монголоос. зөөх болсны илрзл нь дээр дурдсан хэрэг байж болох юм.

Хар тамхи зөөвөрлөх сүлжээнд орж, нэг биш удаа аз туршсан нэгэнтэй санамсаргүй таарч байсан юм. Гадаадаас түр иреэн хэмээн өөрийгөө танилцуулсан тэрбээр хоёр жилийн өмнө нэгэн филиппин эртэй танилцсан гэнэ. Хэд хэдэн удаа уулзаж, наргиж гайгүй дотно танилцсаны дараа амархан аргаар ахиухан мөнгө олох боломжтой хэмээгээд улмаар нэг баг болжээ.

Тэд Хятадаас Макао руу 2-3 удаа хар тамхи тээвэрлэгч хийсэн байна. Ил тод цүнх савандаа хийгээд авч явж болохгүй учраас залгиж авч гардаг байж. Ийм аргаар хар тамхи ихээр зөөдөг нь илэрсэн учраас одоо явцгүй болжээ. Нэг хэсэг бусдын цүнх рүү cэмхэн хийчихдэг байсан бол одоо эерэгээрээ өөрсдөө мөнгөө тохиролцож зөөвөрлөдөг болсныг ярьсан.

Мөн Хятадад ял эдэлж байгаа Байгалмаа 2010 баригдсан болохоос өмнө нь олон удаа зөөсөн гэдгийг ч хэлж байв. Хар тамхи зөөх хүнийг сонгохдоо үнэхээр амьдралын хувьд боломжгүй, ийм ажил хийхээс өөрөөр амин зуулгаа яая гэсэн хүмүүс байдаг юм болов уу хэмээн бодож байснаа түүнээс асуухад, «Тэр ч юу л бол. Амархан мөнгөтэй болно гэхээр ихэнх нь азаа үзэхээр шийддэг. Тэгээд ч ийм ажил хийж байгаа манайхныг харсан хэн ч ядуу зүдүү, ядарч зовcон гэж хэлэхгүй. Цэвэр цэмцгэр, аятайхан царай зүстэй л хүмүүс байдаг шүү дээ» гэсэн юм. Гэхдээ тэр одоо энэ ажлаа хийхээ больсон гэнэ.
Гадагшаа бараанд явлаа гээд бүтән сараар алга болохдоо мөнгөжөөд ирдгийг ойр дотныхон нь анзаарчээ. Тэрбээр хар тамхи зөөж яваад гурван монгол хүн Хятадад баригдсан тухай мэдээлэл хэвлэлээр гарахад л аюултай, амь дүйсэн ажил гэдгийг хамгийн ихээр ойлгосон гэнэ.

Тиймээс өөртөө тангараг тавиад хүчээр өөрийгөө татаж авсан хэмээж байв. Энэ хүний ярьснаас үзэхэд хар тамхины хэрэгт ядарсан нь биш задарсан нь холбогддог бөгөөд халдвар нь ч амархан тархах аюултайг хууль хяналтынхан сэрэмжлүүлcээр байна. Ер нь сүүлийн үед арван жилийн сурагчид хүртэл бөөнөөрөө нийлж, сонирхлын журмаар нэг нэгнээ уруу татах нь жирийн үзэгдэл болжээ. Энэ мэтээс харахад манай улс хар тамхины хэрэгт дэлхийн тээвэрлэгч орнуудын тоонд аль хэзээний ороод байгаа нь судалгаагаар нотлогдсон билээ. Хар тамхи гэгч аймшигт зүйлээс хол байхыг анхаарах ёстой болов уу.

Р.Саруултөгс
Эх сурвалж: “Өглөөний сонин”


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш