logo
Пакистанд гэмгүй хүүг буу тулган алсан хэрэг гарав

Пакистанд гэмгүй хүүг буу тулган алсан хэрэг гарав

2011/06/11
Пакистаны цагдаа нар нэгэн ноцтой хэргийг мөрдөж байна. Албан хаагчид нь өсвөр насны хүүг телевизийн камерын өмнө ойрын зайнаас буудсан хэргийг мөрдөн шалгаж байгаа тухайгаа Пакистаныг гадаад, дотоодын аюулаас хамгаалах үүрэгтэй зэвсэгт хүчний байгууллага мэдээлжээ. Бичлэгийг Пакистаны Аваз телевизээр дамжуулсан байна. Зурган дээр байгаа зэвсэггүй хүүг 18 орчим настай Шарфраз Ша гэж тогтоожээ. Түүнийг Карачи хотын нэгэн дүүрэгт олны хөлийн газар ойрын зайнаас гар болон хөл рүү нь хоёр удаа буудсан байна. Харин цагдаа нар энэ хүүг гэмт хэрэгтэн байсан, түүнтэй тулгарсныхаа дараа хөнөөсөн гэж мэдэгдээд байжээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар  Шарафа Шаг дээрэм хийхээр оролдсон гэж буруутгасан аж. Цэргүүдийн төлөөлөл түүний зэвсгийг хураасан гэж мэдүүлсэн ч бичлэг дээрээс тэрээр зэвсэггүй харагдаж байгаа юм. Шарафа Шаг эмнэлэг рүү хүргэсэн ч тэрээр ихээр цус алдсанаас болж удалгүй нас барсан байна. Пакистаны дотоод хэргийн яамны удирдлаган доор байдаг рэйнжерүүд буюу Пакистаныг гадаад дотоодын аюулаас хамгаалах хүчний албан хаагчид энэ аллагад оролцжээ. Хүүгийн гэр бүлийнхэн түүнийг гэм зэмгүй гэж мэдүүлсэн байна. Пакистаны ерөнхий сайд Юсиф Раза Гилани болсон хэрэг явдал улс үндэстнийг цочроолоо гэж мэдэгдээд буруутай хүмүүсийг шүүхийн өмнө авчирна гэсэн байна. Насанд хүрээгүй хүүг зэрлэгээр хөнөөснийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Карачи хотод жагссан иргэд Шарафа Шагийн аминд хүрсэн алуурчдыг дүүжлэн хороохыг шаардсан байна. Улс төрийн намууд болоод хүний эрхийн бүлгүүд аллагыг зэмлэн буруушаажээ. Засгийн газрын албаны хүн аллагатай холбогдуулан таван цэргийг баривчилсан гэж мэдэгдсэн байна. Энэ нь сүүлийн үед Пакистаны зэвсэгт хүчнийхэн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгааг харуулсан хоёр дахь бичлэг юм байна. Өнгөрсөн сард Пакистаны Кветта хотод таван Чечень хүнийг буудан хороожээ. Эдгээр нь Пакистаны аюулгүйн хүчнийхэн хэтэрхий түрэмгий авирладаг гэсэн шүүмжлэлийг нэмэгдүүлэх нь гарцаагүй. Шарфраз Ша хүүг өчигдөр Карачи хотод оршуулжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш