logo
Викилийкс сайт Монголын эрх баригчдын мэдээллийг дахин цацжээ

Викилийкс сайт Монголын эрх баригчдын мэдээллийг дахин цацжээ

2011/06/11
Улс орных нь засаг захиргааны үйл ажиллагаатай холбоотой нууц баримтуудыг дэлхий дахинд тарааж байгаа Викилийкс сайтын “ам”-ыг барихыг Америк гүрэн  хүссэн ч,  тус сайт Америк болоод бусад улс орнуудтай холбоотой мэдээллүүдийг хүргэсэн хэвээр л байна. Сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Их Британид баривчлагдаж  Лондон дахь Вандсвортын шоронд ес хоног хоригдсоны дараа шүүхээс Швед рүү шилжүүлэх шийдвэрийг сонссон юм. Өмгөөлөгчид нь  Америкийн тал Шведээс Ассанжийг нэхэж, эцэст нь цаазын ял оноож болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан ч, өнөөдрийн тухайд тийм мэдээлэл байхгүй байгаа юм. Викилийкс сайт Афганд явуулж байгаа дайнтай холбогдолтой 90 гаруй мянган баримт бичгийг ил болгосон нь дайны явцад олон мянган энгийн иргэд алагдаж байгааг анх удаа олонд дэлгэсэн хэрэг болсон. Тус сайт өнгөрөгч оны сүүлийн сард Америк улстай холбоотой олон нууц материал дэлгэсний дотор  Умард Солонгос, АНУ-ын уулзалтанд Монголын төлөөлөгч зуучлагчийн үүрэг гүйцэтгэж болох талаар ярилцаж байсан тухай баримтыг дэлгэсэн. Тэгвэл энэ удаад Канадын Худалдааны сайдын Монголд айлчилсан талаарх, тэрбээр Монголын улстөрчидтэй хэрхэн харилцсан, ямар дүгнэлт хийгээд буцсан талаар бичжээ. Мөн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой зүйлийг бичжээ.
Канадын Олон Улсын Худалдаа Хариуцсан сайд Дэвид Эмерсон 2008 онд Монголд айлчилсан нь Канадын төлөөлөгчдөөс бараг 10 жилийн дараа Монголд айлчилсан явдал болсон гэдгийг өгүүлжээ. Викилийкс сайтад бичсэнээр Дэвид Эмерсон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Гадаад хэргийн сайд асан С.Оюун, Үйлдвэр худалдааны сайд асан  Х.Наранхүү болон албаны бусад хүмүүстэй уулзаж, Монгол улс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь эрсдэлтэй, амаргүй тул Канад улстай хамтарсан нь дээр гэж ухуулж байжээ. Дэвид Эмерсон уулзалтын дараа Ерөнхийлөгч Н.Энхбаярыг мэдээлэл сайтай, алсын хараатай ерөнхийлөгч болохыг магтаад, “Энхбаяр Монголын баялгийг бүгдийг төрийн мэдэлд аваад Канадын оролцоог багасгаж магадгүй” гэж санаа зовж байснаа төлөөлөгчдөд хэлсэн байна. Харин С.Баяр, С.Оюун, Х.Наранхүү нар таалагдаж байгааг нуугаагүй байна. Учир нь эдгээр эрхмүүдийн газрын баялаг, уул уурхайг ашиглах санал нь ноён Эмерсонд таалагдсан байна. Энэ гурван эрхэм уул уурхайг ашиглахын тулд гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байсан байна. Бид цаашид Викилийкс сайтад нийтлэгдсэн Монголын эрх баригчдын талаарх мэдээллийг хүргэсээр байх болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш