logo
Ачааны вагонд их хэмжээний тарваганы арьс нууж гаргахыг завджээ

Ачааны вагонд их хэмжээний тарваганы арьс нууж гаргахыг завджээ

2012/04/07
Сүүлийн үед хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан, хилийн боомтоор нэвтэрч буй Монгол Улсын иргэд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хилийн хуудас бөглөхгүй байх шийдвэр гаргажээ. Хилийн хуудас бөглөх нь ачаалал ихтэй томоохон боомтуудад дараалал үүсгэж зорчигчдыг багагүй бухимдуулдаг. Тиймээс шалган нэвтрүүлэх боомтоор нэг зорчигчийг 30 секундэд шалгах норматив хугацаа байдаг бөгөөд үүнийг улам багасгаж, шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Хил хамгаалах ерөнхий газрын хилийн шалган нэвтрүүлэх албаны хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхчулуунаас цөөн асуултад хариулт авав.

-Иргэд ямар боомтоор гарч орох хуудас бөглөхгүй байх вэ?

-Одоо 28 хилийн боомт ажиллаж байгаа. Эдгээр боомтоор бүгдээр нь хилээрорж, гарах хуудас бөглөхгүйгээр гарах юм.

-Орж, гарах хуудаст Хил хамгаалах ерөнхий газраас хичнээн хөрөнгө гаргаж байсан бэ?

-Жилд ойролцоогоор 20 гаруй сая төгрөг гаргаж байсан. Энэ хуудсыг Монгол иргэд бөглөхгүй болсоноор14-15 сая төгрөгийг хэмнэх боломжтой болж байгаа юм. Харин гадаадын иргэд хуучин журмаар явна.

-Хил дээр ямар төрлийн зөрчил хамгийн их гарч байна вэ?

-Хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр гарч байгаа гол зөрчил нь гадаад руу ажил хөдөлмөр эрхлэхээр гарсан иргэд хууль бус үнэмлэх ашиглах. Мөн хууль бусаар эд зүйл гарах оролдлого нэлээд гарч байна. Тухайлбал, Гашуунсухайт боомтоор арслан зааны соёо гаргах гэж байгаад баригдсан. Энэ сарын 4-ний өдөр Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор ачааны вагонд их хэмжээний тарваганы арьс нууж гаргах гэж байсныг хилийн шалган нэвтрүүлэх апбаны ажилчид илрүүлсэн.

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис зөөвөрлөх хэрэг нэлээд гардаг. Он гарснаас хойш энэ төрлийн хэрэг хичнээн илэрсэн бэ?

-Хил хамгаалах байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авсан чиглэлийнхээ дагуу тагнуул, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Яг хар тамхи гээд тогтоогдоод саатуулсан зүйл байхгүй байгаа. Гэхдээ хар тамхины төрөл байж болох ургамлыг нэлээд илрүүлдэг. Тухайлбал, Сэлэнгэ аймаг дахь хипийн шалган нэвтрүүлэх боомтын хилчид таваарын вагон дотроос хар тамхины төрлийн ургамал байж болох нэг удаагийн үйлдлийг илрүүлж, холбогдох байгууллагат шилжүүлсэн байгаа.

Н.Алтанцэцэг
Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш