logo
Нүдний шил шиг зүүж болдог компьютер танилцуулав

Нүдний шил шиг зүүж болдог компьютер танилцуулав

2012/04/07
"Google" компани нүдний шил шиг зүүж, бас биедээ бэхлэн авч явж болдог компьютерийн нэгэн төрөл болох төхөөрөмжийг танилцуулжээ. Энэ тухай Google+ нийгмийн сүлжээн дэх "Project Glass" хэмээх төслийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Сүүлийн үед "Google" компани хүний биед шууд бэхэлж болдог, харилцаа холбооны өргөн боломж бүхйи төхөөрөмжүүд болох зүүдэг компьютер бүтээж байгаа гэх цуу яриа өнгөрсөн жилээс эхлэн зах зээлд тарах болжээ.

Албан бус мэдээллээр бол, дуу хоолойгоор команд өгөх замаар удирдаж болдог дээрх төхөөрөмжүүдийг "Apple" компани мөн бүтээж байгаа аж. Гэхдээ "Google" компанийхаас ялгаатай нь хэлбэр загвараараа гарын бугуйнд зүүж болдог, нугардаг дэлгэц бүхий "iPod"-той төстэй юм.

"Google" компанийн бүтээж байгаа "Project Glass" төхөөрөмж нь хэлбэр загварын хувьд нүдний шилний хүрээтэй төстэй ажээ. Google+ сүлжээн дэх "Project Glass" төслийн цахим хуудсанд уг төхөөрөмжийн хэлбэр загварыг харуулсан дүрс бичлэгийг байрлуулжээ.

Мөн энгийн болон видео дуудлага хийх, мессэж илгээх, зураг авах болон дүрсбичлэг хийх, нийгмийн сүлжээнд мэдээлэл байрлуулах, хөгжим сонсох гэх зэрэг смартфонд байдаг бүхий л функцыг суурилуулах гэнэ.

Түүнээс гадна, "Google" компанийхан уг төхөөрөмжийнхөөдэлгэцэнд бодит дүрслэл бүхий технологи суурилуулахаар төлөвлөж байгаа ажээ. Жишээ нь, хэрэглэгч цонхоор харахад цаг агаарын талаар,  харин метроны буудалд дөхөж очих үедээ боломжит чиглэлүүд болон метронд засвар хийгдэж байгаа эсэх талаарх мэдээллийг авч болох гэнэ.

 Харин удирдлагын функц нь ямар байх талаар тодорхой дурдаагүй байна. Гэхдээ функцүүдийн заримыг нь дуут командаар удирдах бололтой. Энэ төхөөрөмж нь бүрэн бие даасан байх уу эсвэл смартфонтой утасгүйгээр холбогдсон байх уу гэдгийг зохион бүтээгчид нь хараахан шийдээгүй байгаа ажээ.

  "Project Glass" төхөөрөмжийг "Google X" гэдэг инновацийн лабораторид хоёр жил орчмын турш зохион бүтээж байгаа бөгөөд бодит байдал дээр хэрэглэх өдий байна гэж CNN агентлаг мэдээлжээ. Уг төхөөрөмжийг хэрэглэх хүсэлтэй хүмүүстэй холбогдохын тулд төслийнхөөнууцыг задалсан гэж "Google"-ийн мэргэжилтнүүд бичсэн байна.

 Хэдийгээр энэ төхөөрөмжийг бүтээгээд байгаа боловч хэдийд арилжааны зорилгоор хэрэглэгчдэд санал болгох, зах зээлд гаргах эсэх нь тодорхойгүй байна. "Google X" лабораторид урьд өмнөнь бүтээж байсан төхөөрөмжүүдээс дурдвал, автомашиныг шулуун зам дээр жолоочгүйгээр явуулан удирддаг "ухаалаг" систем юм. Ийм систем бүхий автомашинуудыг шулуун замын хөдөлгөөнд оруулан туршиж байна.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш