-”Петро Чайна Дачин Тамсаг” компани байгаль орчны хохиролд хэчнээн төгрөг гаргах ёстой юм бэ?
-Манай компани иргэний хөдөлгөөнүүдийн хүсэлтээр тус компанийн үйлдвэрлэл явуулж байгаа газарт байгаль орчны хохирлын үнэлгээ хийсэн. Үүнийгээ бүрэн эхээр нь шүүх бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Байгаль орчны хохирлын үнэлгээ нэг сая ам.доллар гэж тогтоосон. Үнэлгээг хамгийн багаар тогтоосон нь энэ. Гэтэл тэд хохирлоо төлөхгүй хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Зөвхөн хөрсний бохирдлыг тооцоолж гаргасан. Орон нутгийн тоосжилт, зам харгуй ургамлын сийрэгжилтийг тооцвол их тоо гарна. Өнөөдөр Тамсагийн тал нэг ширхэг ч өвсгүй хувхай хоосон болсон. Өмнө нь зургаан настай хүүхэд дунд нь ороход харагдахгүй халиурсан өвс ургадаг байсан юм билээ.
-Үйлдвэрлэлийн эргэн тойронд нөхцөл байдал ямар байна вэ?
-Уртаашаа 18, өргөөшөө 12, доошоогоо 7-8 метр гүнзгий усан бассейн шиг том нүх ухаж шатахуун нэрсэн шаараа хаядаг. Хөрс рүү шаар нэвчүүлэхгүйн тулд зориулалтын гялгар цаасыг тавьдаг. Мөн шаар нь ууршиж хатуурсны дараа шороогоор булах ёстой. Гэтэл компанийнхан ахуйн хог хаягдлаа хамтад нь хийгээд хатаагүй байхад нь шороогоор булж байна. Ийм 200 гаруй нүх бий. Ингэж булсан шаар ойрын 30 жилдээ хөрсөнд шингэхгүй. Дорж хаяж 60, 70 жилийн дараа шингэнэ. Шаараа хатаалгүй булсан хөрсөн дээр мал амьтан, хүн явж живж үхэх аюул ойрхон байна. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцсэний эцэст шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Учир нь шүүх хуралд гэрч оролцуулах шаардлагатай гэнэ.
Д.Тэлмэн
Эх сурвалж: “Unen.mn”