Умард Солонгос энэ сарын 12-нд алсын тусгалтай пуужин туршина гэж мэдэгдсэний дараа Японы зэвсэгт хүчин онц байдал зарлаж, Окинава арал дээр пуужингийн довтолгооноос хамгаалах зэвсэг техник суурилуулж эхэллээ. Энэ сарын 12-ноос наана амжиж Япон улс мөн Хятадын тэнгисээс гадна өмнөд хэсгийн арлууд болон нийслэл Токио хот болон бусад хүн ам ихтэй хотуудад пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулах юм байна. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем нь Японы арал руу ямарваа нэгэн пуужин ойртож ирэхэд замд нь илрүүлж устгах чадвартай радараар тоноглогдсон зэвсэг техник юм. Японы батлан хамгаалахын сайд Наоки Танакагийн ярьж байгаагаар АНУ, Умард Солонгос болон Япон улсууд пуужин хөөргөх асуудлыг дипломат арга замаар шийдэхийг уриалсныг хүндэтгэн үзэж байгаа боловч болзошгүй халдлагаас сэргийлж, бэлэн байдал зарлаж байгаа юм байна. Японы аюулгүй байдлыг хангадаг АНУ ч Японыг бэлэн байдалд орж байгааг дэмжиж байгаа юм байна. Умард Солонгос их удирдагч Ким Ир Сены мэндэлсний 100 жилийн ойд зориулан энхийн зориулалтаар хиймэл дагуул хөөргөх пуужин туршина гэж мэдэгдээд байгаа. БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сен 1912 оны 4 сарын 15-нд мэндэлсэн юм. Харин АНУ болон түүний холбоотнууд Умард Солонгос алсын тусгалтай баллистик пуужин туршина гэдэг нь Умардчууд цаашлаад цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин часдалтай алсын тусгалтай пуужинтай болно гэж болгоомжилж байгаа юм. Умард Солонгос хэрэв алсын тусгалтай пуужин туршвал НҮБ-ын тогтоол зөрчсөн болно. Мөн Умардыг пуужин харвавал АНУ хоригоо чангатгаж, хүнсний тусламж нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгдээд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn