logo
Ихэр цамхгийн буйран дээр 100 давхар байшин сүндэрлэлээ

Ихэр цамхгийн буйран дээр 100 давхар байшин сүндэрлэлээ

2012/04/10
АНУ-ын Нью-Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагад өртсөн Дэлхийн худалдааны төвийн /ДХТ/ ихэр цамхгийн буйран дээр барьж буй 100 давхар цамхгийн барилгын ажил дуусчээ.

ДХТ-1 гэж албан ёсоор нэрлэсэн уг цамхгийн барилгын ажлыг яг зургаан жилийн өмнө буюу 2006 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн байна. 104 давхар Эрх чөлөөний цамхаг нь дэлхийн баруун тал бөмбөрцгийн нутаг дэвсгэр дэх хамгийн өндөр барилга болж байгаа бол дэлхийд өндрөөрөө гуравдугаарт орох гэнэ. Уг цамхгийн өндөр нь 1776 фут /541 метр/ ажээ. Цамхгийн барилгын ажлыг төлөвлөсөн ёсоор энэ оны арванхоёрдугаар сард дуусгах бөгөөд ирэх оны хавар нээх юм. ДХТ-1 цамхгийн барилгын ажилд 3,8 тэрбум гаруй доллар зарцуулсан нь дэлхийн хамгийн үнэтэй барилгад тооцогдож байна.

Одоо тус цамхаг нь 443 метр өндөртэй «Эмпайр стейт билдинг» цамхгийг гүйцэн Нью-Йорк хотын хамгийн өндөр барилга болоход ердөө 1,2 метр дутуу байгаа аж. «Эмпайр стейт билдинг» цамхаг нь өндрөөрөө Америкт гуравт ордог байна. Харин хамгийн өндөр барилга нь «Уиллис-тауэр» бол түүний дараа Чикаго хотын «Трамп интернэшнл хоутел энд тауэр» ордог ажээ. Энэ цамхаг нь өндрөөрөө дэлхийд 15 дугаарт ордог байна.

ДХТ-1 цамхаг нь дэлхий дээрх хамгийн аюулгүй бөгөөд найдвартай цамхаг болох гэнэ. Учир нь суурийг нь ган хөндлөвчөөр бэхэлсэн бол эхний давхрууд нь цонхгүй бөгөөд төмөр бетоноор цутгажээ. Цамхгийг түрээслэхээр «Конде Наст» хэмээх томоохон хэвлэлийн газар хэдийнэ гэрээ хийсэн гэнэ. Түүнээс гадна, 64-69 давхруудад нь Америк, Хятадын соёлын харилцааг хөгжүүлэх асуудал харилцсан «Хятадын төв» байрлах юм.

Энэ цамхгаас гадна Дэлхийн худалдааны төвийн шинэ цогцолборт дахин гурван өндөр барилга, мөн есдүгээр сарын 11-ний халдлагын үеэр амиа алдагсдад зориулсан дурсгалын цогцолбор, музей багтах юм. Дурсгалын цогцолборыг өнгөрсөн онд буюу эмгэнэлт явдлын 10 жилийн ойн үеэр нээсэн бөгөөд харин музейн нээлтийн ажиллагаа энэ оны намар болно.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш