“TLG13” ТББ болон “М Си Эс Кока Кола” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн плэйоффын тоглолтууд амжилттай үргэлжилж байна. Өнгөрсөн ням гаригт плэйоффынэхний шатны нэмэлт тоглолтууд явагдаж, 2012 оны Спрайт супер лигийн хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорсон. Лиг эхэлснээс хойш нэг ч хожигдолгүйгээр хүснэгтийн нэгээр гарсан 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс”, тус хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн, супер лигийн хүснэгтийн хоёроор гарсан “Эрдэнэдрийлинг RIGS” багууд плэйоффын эхний шатанд өрсөлдөгч багуудаа цуврал тоглолтонд 2:0 харьцаатайгаар буулган авснаар хагас шигшээд шалгараад байсан.
Харин энэ жил цом хамгаалан тоглож буй лигийн хошой аварга ИНЕГ-ын Буянт-Ухаа болон 2010 оны лигийн аварга “Мега старс” багуудын тоглолт, Спрайт хөгжлийн лигийн анхны аварга “ОТИС” болон “Орчлон Мон Торх” багуудын цуврал тоглолт тэнцсэн учир нэмэлт тоглолтоо хийлээ. Тус хоёр тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж, “Мега старс” 111:83 харьцаатайгаар ИНЕГ-ын “Буянт-Ухаа” багийг буулган авлаа. Харин “ОТИС” баг “Орчлон Мон Торх” багийг эцсийн мөчид 92:90 харьцаатайгаар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Плэйоффын нэмэлт тоглолтуудын тоймыг хүргэе.
ИНЕГ-ын “Буянт Ухаа” баг цом хамгаалж чадахгүй
Плэйоффын эхний шатанд Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа” болон 2010 оны аварга “Мега старс” багууд учраа таарсан. Эхний хоёр тоглолтонд 1:1 харьцаатайгаар тэнцсэн бол нэмэлт тоглолтонд 111:83 харьцаатайгаар “Мега старс” баг өрсөлдөгчөө хожиж хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр ИНЕГ-ын “Буянт-Ухаа” энэ жил цом хамгаалж чадахгүй, энэ жилийн лигийг орхиж байна. Тоглолтын эхний үеэс “Мега старс” багийн ээлж дараалсан амжилттай довтолгоонууд гүйцэтгэж 30:16 харьцаатайгаар эхний үеийг өндөрлүүлсэн. Тус үед “Мега старс” багийн Тамир 11 оноо, Алтаншагай 10 оноо авч шилдгүүд байлаа. Үлдсэн үеүдэд “Мега старс” илүү багийн тоглолт гаргаж байсан. Харин 4 үеийн эхэнд Нямдаваа алсын зайнаас хоёр удаа, Энх-Учрал дундаас нэг довтолдж тоог 64:77 болгож хамгийн их ойртуулсан ч хамгаалалт муу байснаар эргээд онооны харьцаа холдож улмаар 111:83 харьцаатайгаар хожигдлоо. Тус тоглолтонд “Мега старс” багаас Алтаншагай 35 оноо, 5 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэж шилдэг нь байж багаа хожилд хүргэлээ. Харин цом хамгаалагчдаас Нямдаваа 17 оноо, Цогтбаяр 11 оноо авсан ч баг нь хожигдлоо.
“ОТИС” эцсийн мөчид өрсөлдөгчөө хожлоо
ОТИС” болон “Орчлон Мон торх” багууд мөн нэмэлт тоглолтоо хийсэн бөгөөд эцсийн мөчид “ОТИС” баг 92:90 харьцаатайгаар өрсөлдөгчөө хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Тоглолтын эхний үед “ОТИС” баг илүү тоглолт үзүүлж, тэр дундаа Олдохбаярын үр дүнтэй тоглолт эхний үеийг ОТИС тэргүүлэхэд тус болсон. Тэрээр эхний үед 16 оноо аван улмаар 34:26 харьцаатайгаар “ОТИС” баг давамгайлсан. Тоглолтын 2,3 үед ч 10 гаруй онооны зөрүү арилахгүй байлаа. Харин тоглолтын шийдвэрлэх 4 үед “Орчлон Мон торх” багийн хамгаалалт сайжирч оновчтой довтолж тус үед 26 оноо авсан байна. Цаг дуусахад 3 минут дутуу байхад тоо 82:82 болсон бөгөөд түүний дараа Нямбаяр, Ууганбат, Лхагвасүрэн нарын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Гэсэн ч эцсийн мөчид алдаа гаргаж улмар ОТИС-ийн Нямдорж дундаас амжилттай довтолж 92:90 харьцаатайгаар ОТИС хожил авч хагас шигшээд шалгарсан. Тус тоглолтонд ОТИС багаас 21 оноо, Нямдорж 15 оноо авч шилдгүүд байснаар багаа хожилд хүргэлээ. Харин Орчлон Мон торх багаас Ууганбат 17 оноо, Нямбаяр 15 оноо, Оюунбат 15 оноо аван багаас шилдэг тоглолт үзүүлсэн ч баг нь хожигдож энэ жилийн лигийг орхиж байна.
Хагас шигшээн тоглолтууд Тэмүүжин спорт зааланд ирэх амралтын өдрүүдэд явагдана.