logo
Хятад эрчүүдэд 2020 оноос эхнэр олдохгүй болох нь

Хятад эрчүүдэд 2020 оноос эхнэр олдохгүй болох нь

2012/04/10
Хятадад 2020 он гэхэд гоонь эрчүүдийн тоо 25 саяд хүрч, тэдэнд эхнэр олдохгүй болох нь гэж тус улсын нийгмийн шинжлэх ухааны академи урьдчилан анхааруулсан байна. Хятадад төрж байгаа хүүхдүүдийн хүйсийн тэнцвэрт харьцаа алдагдаж байгаа нь хүн амын өсөлтийн гол асуудал болж байна гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Үүний гол шалтгаан нь хүүхдийн хүйсийг урьдчилан тодорхойлох замаар үр хөндүүлж байгаатай холбоотой байна.

Хятадууд хүү мэндлэхийг эртнээс билэгшээж ирсэн уламжлалыг даган охин хүүхэд олдсон бол ихэвчлэн үр хөндүүлдэг ажээ. 1980-аад оноос хэт авианы оношилгооны багаж нэвтэрснээр хүүхдийн хүйсийг урьдчилан мэддэг болсон нь хүйсийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаагийн гол шалтгаан болж байна гэж шинжлэх ухааны академийн төлөөлөгчид ярьсан байна.

Академийн гаргасан статистикийн тоо баримтаас үзвэл, Хятадад төрж байгаа хүүхдүүдийн 100 нь охин байхад 119 нь хүү байна. Энэ байдал эртнээс ажиглагдаж байгаа юм. Дашрамд, хотын оршин суугчид хоёр хүүхэдтэй болохыг хүсдэггүй бөгөөд хэвлийнд анхны үрээ ч хөндүүлэх тохиолдол гардаг болсон нь хүйсийн тэнцвэрт байдлыг улам ихээр алдагдуулж байгаа аж. Хятадын зарим дүүрэгт охин хүүхэд 100 төрж байхад эрэгтэй хүүхэд 130 мэндэлж байгаа нь эрдэмтдийн санааг улам бүр зовоож байгаа гэнэ.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш