logo
Хиймэл дагуулууд эртний соёл иргэншлийн нууцыг нээсээр

Хиймэл дагуулууд эртний соёл иргэншлийн нууцыг нээсээр

2012/04/10
Археологичид сансрын хиймэл дагуулуудын тусламжтайгаар эртний соёл иргэншлийн нууцыг тайлахад улам бүр ойртсоор. Англи, Америкийн судлаачид 1960-аад оноос хойш авсан тагнуулын хиймэл дагуулуудын зургуудыг судлан Ойрхи Дорнод дахь Үржил шимт Хавирган сар хэмээх бүс нутаг дахь эртний сууринг газрын зурагт оруулж чаджээ.

Археологичид нийтдээ 14 мянга орчим эртний хот, сууринг илрүүлсэн байна. Эдгээр хот суурингууд одоогийн Сири улсын зүүн хойд нутагт 23 мянган ам км талбайд 8000 жилийн турш оршин тогтносоор иржээ. Энэ тухай Британийн Үндэсний шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний тайланд дурдсан байна.

“Уламжлалт археологийн шинжлэх ухаан нь жижиг суурингуудыг гэхээсээ илүүтэй орд харш эсвэл хотуудыг судлахад судалгаагаа чиглүүлж байна. Тэгвэл томоохон хотуудад шилжин суурьшигчид жижиг суурингуудиас ирдэг. Тиймээс эдгээр сууринг газрын зурагт заавал оруулах ёстой” гэж судалгаанд оролцсон археологичдын нэг болох Харвардын их сургуулийн эрдэмтэн Жейсон Эрагийн ярьсныг “Nature News” цахим хуудас иш татан дурджээ.

Иймэрхүү иж бүрэн газрын зургууд нь хотуудын амьдралын цаашдын чиг хандлагыг ухаж ойлгоход тус дөхөм болох гэнэ.

Хиймэл дагуулуудыг ашиглан боловсруулсан аргыг «anthrosols» гэж нэрлэдэг байна. Энэ арга нь хүмүүсийн үйл ажиллагаа нь хөрсний дээд давхаргын чанарт зайлшгүй нөлөөлдөг тухай баримт дээр үндэслэдэг ажээ.

Хөрсний дээд давхарга нь органик хог хаягдлаас гадна барилгын гэх мэт хүний өөр үйл ажиллагаанаас үүдэлтэй хог хаягдлаас үүсэн бий болдог байна. Ийм хөрс нь органик бодис үлэмж хэмжээгээр агуулдаг төдийгүй илүү бутрамтгай чанартай байдаг ажээ. Чухам энэ ялгааг сансраас авсан зурагт тод харуулсан байна.

Археологичид клиникийн зургуудад хорт хавдар илрүүлэхэд ашигладаг аргыг судалгаандаа амжилттай ашиглаж байгаа аж. Энэ аргыг анагаах ухаанд төдийлөн сайн ашиглаж чаддаггүй гэнэ.

Хүн төрөлхтөн хүрээлэн буй орчны төрх байдалд хэрхэн нөлөөлж буй талаарх дүгнэлтүүдийг өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хиймэл дагуулаас авсан асар олон тооны гэрэл зургууд дээр үндэслэн хийдэг ажээ.

2000 оны хоёрдугаар сард Америкийн хиймэл дагуул «Shuttle Radar Topography Mission» (SRTM) хэмээх радарын системийн тусламжтайгаар дэлхийн гадаргууны талаарх тоон мэдээллийг цуглуулсан бөгөөд археологичид эдгээр мэдээлэл дээр үндэслэн түүхэн суурингуудын талаарх цогц мэдээллээ танилцуулжээ. Гэхдээ хамгийн гол нь ямар нэгэн газрын байршлыг тогтоогоод зогсохгүй хэр удаан оршин тогтнож байсныг нь тодорхойлсонд байгаа юм. Булш овоо олон байх нь суурингууд төдий чинээ удаан оршин тогтнож байсныг нотолдог ажээ.

Томоохон нутаг дэвсгэрт археологийн малтлага хийх боломжтой олон тооны газрыг олж илрүүлэх арга нь шинжлэх ухаанд нэг төрлийн эргэлт байх болно гэдэгт Даремын их сургуулийн эрдэмтэн Тони Уилкинсин итгэлтэй байгаа ажээ.

Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш