logo
Үхэл нь хүртэл мөнгөөр үнэлэгдэх хөөрхийлөлтэй бүсгүйчүүдийн хувь тавиланг хэзээ эргүүлэх вэ?

Үхэл нь хүртэл мөнгөөр үнэлэгдэх хөөрхийлөлтэй бүсгүйчүүдийн хувь тавиланг хэзээ эргүүлэх вэ?

2012/04/10
Зах зээлийн нийгэм рүү шилжин орсон 1990-ээд оны эхэн үед болж бүтэхгүй бүхэн гарч Монгол Улс эзэнгүй айл шиг болсон. Энэ үед траншейны гэх нэрийн дор тэнүүлчин хүүхдүүд одширсон. Харин хэдэн жилийн өмнөөс эдгээр хүүхдүүдийн тоо цөөрч эхэлсэн нь овоо доо гэх итгэл төрүүлж байсан ч энэ нь эерэг үзүүлэлт биш байсан гэдэг нь сүүлд мэдэгдсэн. Учир нь эдгээр хүүхдүүд алга болсон нь сайндаа ч биш тэднийг хил гаргаж эрүүл эрхтнийг нь зарж байсан гэх.
Траншейны хүүхдүүдийн асуудал дуусаагүй байтал гадаад руу 18-25 насны охидыг ажилд зуучилж өгнө гэх зар ч ихсэж, жаахан охид байсхийгээд л алга болдог боллоо. Харин үүний цаана хүн худалдаалах гэмт хэрэг байна гэж хэн санах билээ дээ. Ингээд Монголын охид хүн худалдаалах гэмт хэргийн бай болж гадаад руу нэг нэгээрээ гарсаар байсан, гарсаар ч байна.
Уг нь монголчууд элдэв бусын зүйлгүй мөрөөрөө ажлаа хийж, амьдарцгааж байсан цаг саяхан боловч Азийн цээжинд орших монголчуудын амьдрал айдас түгшүүр дунд байх болсон гэдгийг энэ бүхэн харуулж байна. Нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэдэг байсан энэ хэргүүд одоо бараг энгийн үзэгдэл болж байгаа гэхэд болохоор болж. Нэг үгээр хэлбэл хүн худалдаалах гэмт хэрэг аалзны тор мэт манай улсыг аажим аажмаар бүрхсээр байна. Төрсөн ах, эгч, хамаатан садан нь хүртэл дүүгээ худалдаалж байсан хэрэг олон гарсан. Нүд улаан мөнгө цагаан гэгч нь энэ.
Сайн сайхан амьдралыг мөрөөдөн гадаадын улс руу очиж амьдарч ажиллаж сурна хэмээн хилийн дээс алхсан цэцэг цэв рүү шиг охид харийн нутгийн онгоцны буудал дээр буусан даруйдаа ямар зүйлд орооцолдсоноо мэддэгч хариу үйлдэл хийхэд нэгэнт оройтсон байдаг. Учир нь тэдний бүх бичиг баримтыг эзэн гэх хүн нь хураан авч шатаадаг байна. Ингээд тэдэнд эзний үгээр явж харанхуй өрөөнд хоригдохоос өөр арга үлдээгүй. Харин тэднийг зуучилж, хэдэн төгрөг харж, өөрийнхөө охин шиг охидыг худалдсан этгээд мөнгөний үнэрт шунаж дараачийнхаа охиныг олохоор ангуучилж эхэлдэг. Амтатсан хэрээ 13 дахина гэгчээр, ангуучилж яваад баригдсан хүмүүс цөөнгүй.
Ангуучилж яваад баригдсан нөхдийн нэг хэсэг нь хууран мэхлэх замаар охид бүсгүйчүүдийг БНХАУ-д худалдсан гэх Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг, Н.Сэлэнгэ, Б.Бүрнээбаатар. Тэдэнд холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын зургаанд хаалттай болсон. Тэдний шүүх хурал шүүгдэгч төрөх дөхсөн, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, өмгөөлөгч ирээгүй гэх олон шалтгаанаар хойшилж байсан ч энэ удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж шүүх хурал болох нь тодорхой болсон юм.
Хүн худалдаалсан гэх энэ хэргийн эздэд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйпчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худаддаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж байсан юм.
Хэрэв тэд гэм буруутай нь нотлогдвол 2-15 жил хүртэл хорих ял авах ёстой байсан боловч шүүх тэдэнд энэрэнгүй хандаж гурваас таван жилийн ял оноосон. Ийнхүү дөрвөн жил сунжирч, зургаан удаа хойшилсон хэргийн анхан шатны шүүх ямартай ч ял оноож шийдвэрлэлээ. Гэхдээ тэдэнд өгсөн ял дэңдүү бага. Хүнийг амьд байхад үхсэн хүний тоонд оруулж биеийг нь үнэлүүлэх журмаар хил дамнуулан худалдсан тэдэнд насаар нь хорих ял ч багадмаар.
Шүүхийн шийдвэрийг үгүйсгэхгүй ч охин үрээ алдаж хүний нутагт худалдуулсан эцэг эхийн сэтгэл энэ яланд дэндүү сэтгэл гонсгор байгаа биз ээ. Манай охид бүсгүйчүүдийн хамгийн их худалдаалагддаг газар нь урд хөрш. Хятад улсад янз бүрийн шалтгаанаар хууртагдан очсон 3000 орчим Монгол охид эмэгтэйчүүд байдаг нь батлагдсан. Энэ нь албан ёсны тоо. Үүний цаана хууль бусаар хэд байгааг хэн ч мэдэхгүй.
Хэдэн алхмын цаана эцэг эх, нутаг ус нь байгаа ч тэдэнд зугтах эх нутаг руугаа явах эрх болоод бичиг баримт гээд байх зүйл байхгүй. Өдөр шөнөгүй дарамтанд орсон охид бүсгүйчүүдийн зарим нь тэвчиж чадалгүй амиа хорлож, хувь тавилантайгаа эвлэрдэг гэх. Мөн хүнд өвчин тусаж хохирол учруулж байгаа нэгнийг нь тахир дутуу болгож ядуусын хороололд аваачиж зардаг байх юм.
Тэгэхээр худалдаалагдсан охид бүсгүйчүүдийн үхэл нь хүртэл мөнгөөр үнэлэгдэж хувь тавилан нь хог шиг хаягдаж байгаа нь үнэхээр өрөвдөж, харамсмаар. Харьд худалдаалагдсан охид бүсгүйчүүд бүгд ижилхэн өрөвдмөөр боловч тэдэн дотор азтай худалдагдсан бүсгүй гэж байдаг гэнэ. Тодруулбал, гадаадын порно кино хийдэг этгээдүүдийн гарт очих.
Тэдний гарт ихэвчлэн насанд хүрээгүй охид очдог бөгөөд тэд бусдыгаа бодвол зовж шаналах нь арай л бага гэнэ. Хужаа бараа шиг хил дамнан худалдагдсан охидыг дотор нь азтай, азгүйгээр нь хуваан ялгаж охид бүсгүйчүүдээ хүний наймаанд алдаад дуусна гэдэг гунигтай, гутамшигтай биш гэж үү. Магадгүй зарим нэг нь дуртайдаа хүн дагаж яваад биеэ үнэлж байгаа хэмээн хэлж байж магадгүй. Гэхдээ ингэж хэлэхээсээ өмнө яагаад ямар шалтгаанаар ийм байдалд орж байгааг нь бодож үзэх хэрэгтэй.
Нийгэмд муу муухай зүйл хүчээ авч байгаа нь үнэн ч хүний наймааг үл тоож болохгүй шүү гэдгийг дахин хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай манай улсад хүний наймаа хогийн ургамал шиг дэлгэрвэл Монгол Улсын мөхөл ирж цэвэр Монгол цус үгүй болж үндэсний аюулгүй байдал хөндөгдөнө. Хүний наймаа одоохондоо асуудал биш юм шиг, ярихгүй хэлэхгүй, санаа зовохгүй асуудал болгон ярихгүй байгаа боловч бага багаар идсээр идэгдсээр л байгаа гэдгийг мэдрээсэй.
Харийн оронд биеэ үнэлж яваад улмаар өвчин тусч бусдын гарт эндсэн, амиа хорлосон эмэгтэйчүүдийн шарил хүний нутгийн газар доор хог мэт булагдан эх орноо үгүйлж байгаа нь лавтай. Тэднээс үлдсэн зүйлийг эх оронд нь авчирч чадахгүй ч тэдэн шиг болох эрсдэлд орсон, эрсдэлд орох магадлалтай охид бүсгүйчүүдээ хайрлаж хамгаалах цаг нь ирчихээд байна. Охид ариун бол төр ариун гэдэг шиг охидоо ариун байлгахын тул хүний наймаатай тэмцэх цаг нь болжээ.

Г.Мянгаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш