logo

"Хууль тогтоох эрх мэдэл рүү Цэц халдлаа" гэв

2012/04/11
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр 4 асуудлыг хэлэлцсэний дотор Их хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай Үндсэн хуулийн цэцийн маргааны тухай асуудал анхаарал татаж байв.
УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн ч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна гэж үзсэн юм. Харин АН-ын бүлгийн гишүүд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, холимог тогтолцооны 28  нь ард түмнээрээ босгоо тогтоолгоод, хувиараа эрэмбэлэгдээд гараад ирэх боломж нөхцлийг хангасан илүү оновчтой хувилбар гэж үзэн, санал гарган ийм заалт оруулсан. Тэд уг асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шатанд өмнөх байр сууриа хамгаалах шийдэлд хүрсэн байна.
АН-ын бүлгийн дарга Ч.Сайхан­билэг « МУ-ын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү МУ-ын Их хурал хэрэгжүүлнэ гэдэг заалт бий. Цэцийн дүгнэлтээс харахад Цэц нь сонгуулийн ямар тогтолцоо бодлого явах вэ гэдгийг шууд зааж өгч байна. Уг Их хурлын хуулийн заалтуудыг бүгдийг нь хүчингүй болгон, Их хурал Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд хуульд ямар өөрчлөлт, зүйл заалтуудыг хүчингүй болгохоо УИХ хийдэг. Харин Цэц УИХ-ын өмнөөс дэндүү санаа нь зовж бүх асуудлыг нь хийж дуусгажээ. Энэ нь Үндсэн хуулийн хамгийн гол суурь зарчим хууль тогтоох эрх мэдэл рүү МУ-ын Үндсэн хуулийн Цэц дэндүү халдаж байна гэсэн үг юм» гэв.
 Тус бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байв. АН-ын бүлгээс орон нутгийн сонгуулийн хуультай холбогдуулан Үндсэн хуулийн 41-ийн 1-д заасан МУ-ын бүх хуулийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцах ёстой. Энэ заалтынхаа дагуу орон нутгийн сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах талаар Засгийн га¬зар, Ерөнхий сайд хэрхэн ажилласан вэ гэдэг талаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ерөнхий сай­дыг авчирч, энэ чиглэлээр мэдээл­лийг сонсоё гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэд Ерөнхий сайдын байр суурийг сонсоод бүлэг шаардлагатай бол тухайн асуудлаар ээлжит бус хуралдаанаа хуралдуулж эргэн авч хэлэлцэх нь зүйтэй гэж тохирчээ.
Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжихээр болов. Түүнчлэн, Оюутолгойн орд газарт илэрсэн зэс, алтны нөөцтэй газрууд, стратегийн орд, Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар хууль тогтоомж хэрхэн зөрчигдөхгүй явагдаж байгаа талаар судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулан сар гаруйн өмнөөс ажиллуулжээ. Ажлын хэсгийн мэдээллийг мөн сонсож, стратегийн 15 үндсэн ордтой холбоотой асуудлыг багцаар авч үзэхгүй бол болохгүй нь гэдэгт санал нэгджээ. Хамгийн анхны Тавантолгой, Ухаа-худагтай холбоотой асуудалд МУ-ын хууль зөрчигдсөн байх магадлал байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий орд газруудад оруулах боломжтой 39, 40 гаруй орд байгаа юм. Энэ ордуудын хэрэгжилт хэрхэн явж байгааг Ерөнхий сайдтай улс төрийн хариуцлага ярих нөхцөл үүсээд байна гэж АН-ын бүлэг үзжээ.
Бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр бүхий албан тушаалтнуудыг Тавантолгойн орд газартай холбогдуулан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгч, Эрүүгийн хэрэг үүсгэхээр болоод байсан ч Нийслэлийн Прокурорын газраас түүнийг нь хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор мэдээ¬лэл хийжээ. Энэ асуудлын хүрээнд бүлгийн зүгээс ажлын хэсэг байгуулагдан ажилласан байсан бөгөөд дүгнэлтээ танилцуулсан юм байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга «Хувь хүнийг элдэв янзаар дором­жилж болох байх.
Авилгатай холбоотой асуудлыг ярьснаас хойш хэвлэл мэдээллээр гүтгэлгийн чанартай нийтлэл нэвтрүүлэг ихээр гарсан. Энэ бичгийг би доромжлол гэж хэл­мээр байна. Монголын ард түмнийг доромжилсон Нийслэлийн проку­рорын бичиг юм. Уг бичигт «Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтад үндэслэн Авлига­тай тэмцэх газар энэ сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн хэдий ч маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгон эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэж байгааг мэдэгдэв» гэснийг гишүүн уншиж танилцуулаад, нэг өдрийн дотор маш шуурхай ажиллаж олон жилийн дүнтэй хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэдэг нь авилгал хүчний байгууллагад ямар хэмжээгээр байрлаж шигдэж байгааг илэрхийлж байна.
Авилгатай холбоотой асуудал нь өнөөдөр ухаан орсон хүн бүрийн мэдсэн мэдэрсэн асуудал юм. Энэ асуудлыг гаргаж тавингуут хэргийг ийм шуурхай хэрэгсэхгүй болгож байгааг ойлгохгүй байна. Цаашдаа энэ асуудлыг зохих шатны дээд байгууллагад нь мэдэгдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Д.Сувд
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш