Сүүлийн долоо хоногт л гэхэд хүчингийн гурван хэрэг гарсан бөгөөд хохирогчдын нас нь 8-12. Ямар хүн гэхээрээ өөрийнхөө охин шиг, зээ шиг, дүү шиг хүнийг хүчирхийлж ганц олдох амьдралд нь хар толбо үлдээх үйлдэл хийдэг байна аа. Яагаад ч ойлгохгүй, бас санаанд багтахгүй байна. Ямар ч эрүүл хүний ой ухаанд ийм зүйл хийх сэдэл төрөхгүй байх. Харах хүнгүй гадаа тоглож, томдсон цүнхээ даан ядан үүрч гэрийнхээ зүг дуу аялан явах тэдний буруу гэж үү. Эсвэл хараа хяналтгүй орхиж ажил мөнгөний төлөө үр хүүхдээ гаргуунд нь гаргасан эцэг эхийн буруу юу. Үүний хариултыг хэн өгөх ёстой вэ.
Өнгөрсөн борооны хойноос цув битгий нөмрөөч, эцэг, эхчүүд ээ
Монголын "Дэв" хэмээх уран сайхны кинонд эхийнхээ гайгаар найман настайдаа хүчиндүүлж амиа алдсан охины сүнс ээжийгээ, түүнийг эргүүлэх залуусыг хэрхэн зовоож тарчилгаж байгаа талаар хангалттай гардаг. Яг л ийм байдал үүсэх гээд магадгүй нэг хэсэгт нь үүсчихсэн зовж тарчилж яваа байх. Нэг талаараа бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байгаа энэ хэрэгт хэнэггүй эцэг эхийн буруу байхыг үгүйсгэхгүй. Нарийн яривал байгаа ч байх. Хэзээ ч билээ дээ 10 хүрэхгүй настай охиноо хүчиндүүлж, амьдралд нь хар толбо үлдээж насан туршдаа сэтгэл дотроо эдгэшгүй шаналал тээж явахаар болчихсон атал охины эцэг нь алчихаагүйд нь баярлаж байна хэмээн ярьж байсан санагдана.
Магадгүй охиноо амьд харж байгаа нь тэдний хувьд баяртай зүйл боловч охинд нь хичнээн хүнд цохилт болсон гэдгийг тэр хүнээс өөр хэн ч ойлгохгүй. Энэ хорвоод хүн гэх ховорхон боломжийг олж төрсөн хэн ч хүн. Хүүхэд гэж хөсөр хаяж энийг хэн тоохов дээ хэмээн хаа хамаагүй зарж байхдаа нийгэмд болж байгаа зүйлүүдийг бодож өчүүхэн төдий боловч хайрлаж байх хэрэгтэй бус уу. Талх аваад ир гэж гаргахдаа муу ёр гэж бодлогүйгээр гарах эрсдэл нь юу билээ гэдгийг сайтар бодож байх ёстой биш гэж үү.
Магадгүй та 1000 төгрөгийн талхаар үр хүүхдээ сольж байгаа ч юм бил үү. Хүн биш араатнуудтай нэг дор амьдарч байгаа энэ нийгэмд сонор сэрэмжтэй байж алгын чинээхэн хүүхдээ харж хандаж ииахсуй л бол хэзээ алдахыг хэлж мэдэхгүй тийм л нийгэмд амьдарч байна шүү дээ. Болсон үйл явдлын дараа би тэгдэг байж дээ хэмээн мянга амаа барьж, нуур цөөрөм болтол уйлж, хэрэг хийсэн этгээдийг хичнээн харааж зүхэвч өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч үхсэн, хүчирхийлэлд өртсөн үр хүүхдээ хэвийн байдалд нь оруулж чадахгүй. Ийм байдалд орохгүйн тулд харин яг одооноос миний хүүхэд хаана юу хийж явааг, ямар замаар хичээлдээ явж ирэх ёстой билээ хэмээн харуулдан тосч өчүүхэн анхаарал тавьчихад л бузар булай донтны гэмт үйлддийг болгохгүй нь лавтай.
Гивлүүр зүүж, дээл өмсөх цаг ирж дээ охид минь
Цагдаагийн нэг албан хаагч сүүлийн үед хүчингийн хэрэг ихэсч байна. Үүнд хавар болж охид бүсгүйчүүд богино юбка, даашинз өмсөх нь нөлөөлж байна хэмээн ярьж байсан. Ийм зүйл ярих байсан юм бол ардчилсан гэх нэрийг зүүж эрх чөлөө хэмээн мянга орилох шаардлага юу байгаа юм бэ. Ардчилсан эрх чөлөөт улсад юугаа өмсч, идэж уух нь тухайн хүний эрх. Харин ардчилсан улсад дуртай хүнээ хүчиндэж, алж болно гэж заагаагүй. Гэтэл ийм мунхаг ойлголттой хүмүүс Монгол Улсад нэг биш нэлээд хэд байна.
Энэ бүхнийг гарч байгаа хэргүүдээс харж болно. Үүнийг нь цагдаа бас дэврээж богино юбка өмссөн охид бүсгүйчүүдэд ч буруу байна хэмээн хэлсэн нь ямар мунхаг зүйл вэ. Хэлэхээсээ өмнө бодох ёстой бус уу. Магадгүй хүчингийн хэрэг үйлдсэн нэг нөхөр хэнэг ч үгүй өөрсдөө богино юбка өмссөн биз дээ гээд хэлээд зогсч байхад гайхаад байх зүйлгүй бололтой. Нэг бол яршиг зүгээр үндэснийхээ урт хормойт дээлийг өмсч гивлүүр зүүгээд явъя. Тэгээд ардчилсан биш, Иран, Ирак, Афганштам шиг нөхрөөсөө оор хэнд ч царайгаа харуулдаггүй тийм хуультай, хаалттай улс орон болъё.
Ганц олдох насандаа сэтгэлдээ хар толбо үлдээж шаналал дунд өнгөрөөж байсны оронд энэ нь дээр юм шиг байна, охид минь. Тэр гивлүүр зүүж урт хормойт өмссөн хүмүүс чинь гэрээсээ ч бараг гардаггүй юм гэх нь билээ. Ардчилсан улсад дуртай хувцсаа өмсөж, дуртай газраа тоглож явж чаддаггүй юм бол энэ байдлыг авчирч ард иргэдээ хаалттай байлгаж амар тайван байлгасан нь дээр юм шиг байна. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг бол өдөр алгасалгүй гарч байгаа бага насны хүүхдүүдийг хүчирхийлж байгаа энэ хэргийн эцэс төгсгөлийг Монголд авчрах даг нь нэгэнт иржээ.
Цаазын ял эсвэл тайган болгохын аль нь дээр вэ, Ерөнхийлөгч өө
Дээр үед Хятад улсад ордонд ажиллаж байгаа бүх эрчүүдийг тайган болгодог байсан гэдэг. Тэднийг тайган хэмээн нэрлэж хэнд ч гэм хоргүй, ажлаас өөр зүйл мэдэхгүй ажлын төлөө төрсөн мэт болгоно гэсэн үг л дээ. Энэ байдал яг одоо Монголд үгүйлэгдэж, дутагдаж байна. Тэр дундаа насанд хүрээгүй бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдэд энэ шийтгэл яг тохирох юм шиг байна. Харин загатнасан газар маажив гэгчээр УИХ-ын хэсэг гишүүд бага насны охидыг хүчирхийлэгчдийг тайган болгох талаар ярьж хуулийн төсөл өргөн барихаар боллоо.
Энэ асуудал улсын хэмжээнд яригдаж эхлэхэд цагаа олсон хуулийн төсөл болох гэж байна хэмээн баярлаж сууна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын даргад өгч улмаар УИХ-ын гишүүд дэмжсэнээр хууль хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн ихэнх нь эрчүүд. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг болохоор 76 дотор янз бүрийн бодолтой хүмүүс байгаа л байх. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал С.Эрдэнэ, Н.Батбаяр нар тайган болгох хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.
Харин тэд энэ асуудал дээр нухацтай хандаж шийдэх ёстой. Хэрэг хийгээгүй хүнийг насан туршдаа нөхөж чадахгүй зүйлээр нь тоглочих юм бол маш том асуудал болно хэмээн хэлж байсан. Мэдээж Монголын цагдаа үнэн зөвийг шударга тогтоож чадаж байвал хэрэг хийгээгүй хүнд ийм хариуцпага үүрүүлэхгүй нь лавтай. Тиймээс энэ тайган болгох хуулийг хурдан баталж бузар булай хэрэг хийсэн хүнд нь үүрэх ёстой ял шийтгэлийг нь оногдуулах хэрэгтэй байна.
Үхсэнийг босгож, хийсэн хэргийг буцааж болохгүй боловч жаахан ч гэсэн сэтгэл нь амрах биз. Хүчингийн хэргийн гаралт гэх зүйлч байхгүй болно. Харин энэ хууль батлагдахаас өмнө хэрэг хийчихсэн нөхдүүдийг яах ёстой вэ. Тэдэнд насаар нь хорих ял ч багадмаар санагдана. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөн нийгүүлсэнгүй Ерөнхийлөгч болохыг илүүд үзэж цаазгүй Монгол Улс хэмээн тунхаглан зарлаж байсан нь саяхан. Үүгээр ч үл барам Өршөөлийн хууль гэгчийг батлан гаргаж хичнээн ч олон гэмт хэрэгтэнг энэ хуульд хамруулж, суллагдан гарсан хүмүүсийн хэд нь эргэн гэмт хэрэг хийж "аавын хаалга" татсан нь олны нүдэн дээр ил болж байгаа зүйл.
Энэ байдлыг эрхэм Ерөнхийлөгч маань харж л суугаа байгаа байх. Нэг үгээр хэлбэл нүүр өгсөн нөхдүүд нь бөгс өгөөд байгааг. Хөвсгөл аймагт наймхан настай охиныг хүчирхийлж мөчилж алсан, мөн бага насны хоёр охиныг хүчирхийлсэн этгээд гурван удаа цаазын ял сонссон. Хэрэг хийсэн шинжгүй өөрийн бах таваа хангаж сайхан байгаа мэт түүний нүүрэнд үргэлж "smile" тодорч явдаг. Монгол Улс цаазын ялгүй учраас түүнд насаар нь хорих ял өгөх нь мэдээж. Гэхдээ өршөөн нигүүлсэгч Ерөнхийлөгчийн маань гаргасан-Өршөөлийн тухай хуульд хамрагдаж хэдэн жилийн дараа юу ч болоогүй мэт гудамжаар хээв нэг алхаж сурсан зангаа тавилгүй бяцхан охид руу нүд явуулж, шүлсээ гоожуулан явж байхыг үгүйсгэх аргагүй.
Харин түүний гарт өртөж аймшигтайгаар амь насаа алдсан бяцхан охин хэзээ ч босч ирэхгүй. Ялын дээд хэмжээр гурвантаа сонсч байгаа Мөнх-Оргилд ганцхан боломж үлдсэн нь өршөөл гуйх явдал хэмээн түүний өмгөөлөгч хэлж байсан санагдана. Түүнд Ерөнхийлөгчөөс өршөөл гуйх эрх байгаа гэж үү. Ерөнхийлөгчид түүнийг өршөөх эрх байгаа гэж үү. Хэрвээ байдал миний бодсон шиг биш өөр тийшээ эргэсэн тохиолдолд Монгол Улсад хууль тогтоомж шударга ёс, эрүүл энх, амар тайван байдал хэзээ ч тогтохгүй, энэ чигтээ явсаар хүчирхийллийг дэмжигч улс гэх нэр авах биз.
Мөн насанд хүрээгүй охиныг гэрт нь хүргэж өгнө хэмээн машиндаа суулган хүчирхийлсэн Онцгой байдлын газарт ажилладаг Золжаргал гэх этгээдэд найман жилийн ял өгч байсан. Энэ шударга шийтгэл гэж үү. Онц ноцтой жигшмээр хэрэг хийсэн хэнд ч хууль, төр төмөр нүүрээ харуулсан шиг харуулж шийтгэсэн шиг шийтгэх ёстой. Ингэж байж л ард иргэд амгалан тайван амьдарч, ардчилсан Монгол Улс болох бус уу. 1990 онд ардчилсан улс болно хэмээн өлсгөлөн зарлаж суухдаа ийм байдалтай улс болгомоор байна гэж дотроо бодож түүний төлөө тэмцээгүй л байлтай, Ерөнхийлөгч. Бусад хэрэг дээр та Өршөөлийн хуулийнхаа гавьяаг харуулж хэд ч суллаж басхүү өршөөж болно.
Харин бага насны охидыг хүчирхийлсэн аймшигтай гэмт хэрэгтэнг л биш шүү. Танд одоо хоёр л сонголт байна. Цаазын ял эсвэл тайган болгохын аль нь дээр вэ. Ард түмэн, алдрай бяцхан үрс амгалан тайван амьдрах эсэхийг шийдэх эрх таны гарт байгаа гээд хэлчихэд буруудахгуй байх.
Г.Мянгаа
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"