logo
Б.Лхагвасүрэн: Мөнгө авсан байх гээд дэл сул яриа гарч уур хүргэдэг юм

Б.Лхагвасүрэн: Мөнгө авсан байх гээд дэл сул яриа гарч уур хүргэдэг юм

2012/04/13
“Би амьдралынхаа турш шүлэг бичлээ. Эргээд харахад олигтой шүлэг бичиж чадаагүй юм байна. Ганц шүлэг бичсэн нь “Боржигоны бор тал” юм даа” хэмээн даруухан ярих эрхэм найрагчийн талаархи танилцуулга хэрэггүй.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагч Монголын утга зохиолд уянгын хэц татсан гавьяатай нэгэн. Түүний шүлгээс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдаг болохоор уншигчид түүнд хайртай. Эрхэм найрагч ахтай орчлонгийн эрээн бараан, амьдралын хэв маягийн тухай ярилцсанаа уншигч Танд өргөн барьсу.


Цахим хөгжил орчин үеийн хүүхэд, залуусыг дуусгаж байна
-Монгол хүний хүн чанарын тухай их ярих болжээ. Таны бодлоор хүн чанар, мөн чанар хоёрын ялгаа юу вэ?

-Өндөр хөгжил хүн чанарыг хөөдөг туулга хэлбэртэй юм. Зах зээлийн нийгэмд хүн өрөөлийг бус амин хувиа бодох хэмжээнд хүрдэг. Монгол хүний амьдрал таатай биш байгаагийн нэг үзүүлэлт юм даа. Хүн чанарын талыг нь эхээсээ авч төрдөг. Үлдсэн хэсгийг нь өөрөө олдог. Харин мөн чанар бол мөнх юм. Хүмүүн мөн чанараа алдахгүй явах, ямагт хамт байх нь том үүрэг гэж ойлгодог.

-Хүн хүний хувь тавилан өөр байдаг. Хүний хувь тавиланг бурхан зурдаг гэдэгтэй Та санал нийлэх үү?

-Хувь тавилан хүнд бурхнаас заяадаг гэдэгт итгэдэг. Зураг төөрөг хэлбэртэй далдын нэгэн увдис дунд хүн төрөлхтөн оршдог байх. Харин хувь тавилангаа бүтэн байлгах, түшиж явах, оногдсон сайхан хувь заяагаа гомдоохгүй байх, тааруухан тавилангаас өөрийгөө зөв авч гардаг байх нь тухайн хүмүүнд оногдсон үүрэг. Үүнд гайхаад, сонирхоод байх зүйлгүй. Хүн хувь заяаныхаа тойрог дотор ямар байх нь өөрөөс чинь эхэлдэг шүү л гэж хэлэх байна.

-Бие төрмөл, ухаан суумал, ааш араншин олдмол гэвэл санал нэгдэх үү?

-Энэ бол шигшигдсэн үг. Гэхдээ ухаан суумал биш төрмөл дэвсгэр юм. Түүнийг боловсрол мэдлэгээр дэмжиж тэтгэж байж их ухаан болгодог. Тэгэхээр яах аргагүй ухаан төрмөл. Хувь заяа бол бурхны өршөөлөөр тайлбарлагдах зүйл. Нөгөөтэйгүүр ааш араншин хүнд суудаг. Ааш араншинг олсон, олдмол гэх нь зохимжгүй.

-Таныг саяхан нутагтаа амарчихаад ирсэн гэж сонссон. Дараа нь “Очоод золгох хүнгүй боллоо” гэж ярьсан байсан?

-Нутгийн өвгөчүүл цөөрөх биш, бүр цөөн болсон. Төрсөн нутагтаа очиход намайг үнсэх биш миний үнсэх хүн олон болсон байна. Энэ бол уйлахад ч багадмаар зүйл. Нутаг нутгийн өвгөчүүл янз бүрийн ааш араншинтай байж таарна. Зарим нь зөрүүд, зарим нь жигтэйхэн уужуу тайван, зарим нь яаруу адгуу. Багадаа харж өссөн нутгийн хөх өвгөчүүл надад ч, бусдад ч адилхан хүн болохын шалтгаан байдаг. Тэд минь эргэж ирэхгүй шүү дээ гэж бодохоор гунигтай байна.

-Ахмадууд минь “Одооны хүүхдүүд” гэж их ярих болж. Таныг үнсдэг байсан өвгөчүүл тэгж ярьдаг байсан болов уу?

-Нутгийнхаа өвгөчүүлийг “одооны хүүхдүүд” гэж үгүйсгэж байхыг сонсоогүй. Харин орчин үед чинь “одооны хүүхдүүд” гэж үгүйсгээд байдаг болчихсон юм байна. Өөрсдийнхөө амьдарч байсан үе, өнөөгийн цаг үеийг харьцуулсан ойлголтгүйгээс ингэж хөнгөн дүгнэлт хийдэг. Бидний үед хэрэглэдэг зүйл цөөхөн, хүсдэг, шунадаг нь бага. Өнөөгийн хүүхдүүдийн оюун ухааныг үймүүлж байгаа шиг техникийн цахим хөгжил байсангүй. Ийм хөгжил орчин үеийн хүүхэд залуусыг “дуусгаж” байна. Тэдний буруу биш. Хэрэв алдаа гэж байдаг бол он цагийнх л байж таарна. Бид бага байхдаа ямар байлаа, ямар орчинд өслөө гэж бодон залуус, хүүхдийг хайрлах ёстой. Эднийгээ хүн шиг хүн болгох учиртай. Их шуугиантай орчлонд амьдарч байгаа учраас хүүхэд, залуус маань “одооны хүүхдүүд” гэсэн зэмлэлээс өршөөгдөх ёстой.

-Монгол эр хүний чанар гээгдэж, монгол эмэгтэй хүний зан өдрөөс өдөрт хувьсаад байх шиг?

-Эр хүний нүд, сэтгэл хоёрыг гоёж явдаг нь бүсгүй хүн. Бүсгүй хүн “үгүй” гэж хэлж чадахаа боливол бүсгүй хүн биш болдог. Эр хүн “Бүсгүй хүн бүр миний өмнө сөгдөх ёстой” гэж бодвол эр хүн биш болно. Бидний үеийн бүсгүйчүүд “Би чамтай суухгүй” гэж хэлж чаддаг байлаа. Тэр л биднийг эр хүн болгосноос биш “Тэгье”, “За” гэсэн бүсгүй хүн биднийг эр хүн болгоогүй. Тэгэхээр бүсгүй хүний эрхэмсэг чанар аль болох хадгалагдаж байгаасай гэж хүсдэг. Одоогийн саармаг үед алдарч байгаа ч гэсэн эрхэмсэг хэмээх нь бүсгүй хүний хөдөлшгүй зан чанар учраас эргээд ирнэ. Ирж ч байна. Бүсгүйчүүд минь эрхэмсэг үнэн, шальдар булдарт урагдахгүй байхыг хичээдэг болжээ. Харин эрчүүд нь эр хүн шиг байх ёстой. Өнөөгийн эрчүүд үүнийг их сайн бодмоор.

-Уран бүтээлчид уран бүтээл дээрээ сэтгэлийн үгээ таталгаж хэн нэгэнд дурсгадаг нь ёс мэт болжээ. Таны сэтгэлээс гардаггүй таталбар юу вэ?

-Би уншиж үздэг. Миний тухай юу бодож төсөөлдөг тухайгаа хүмүүс номынхоо урд хавтасны хуудсанд бичсэн үг дээрээ алддаг юм шүү дээ. Гэхдээ тэр алдсан үгэн дотор намайг гомдоохоор нэг ч үг байхгүй. Яруу найрагч Нямбуугийн Нямдорж надад Бунины гурван боть ном дурсгахдаа таталсан үг санаанаас гардаггүй. “Н.Нямдорж, Б.Лхагвасүрэн хоёр ямархан явсныг Бунин мэднэ” гэсэн байдаг. С.Удвал дарга миний дэвтэр дээр бичиж өгөхдөө “Б.Лхагвасүрэнгийн оосор нь урт, олом нь бөх байг” гэсэн. Энэ мэт сайхан үг олон бий.

-“Надад номоо өгсөн бүх хүний номыг унших гэж хичээдэг” гэж ярьж байсан тань санаанд буулаа. Уншиж амжиж байна уу?

-Өөрийнхөө амьдарч буй он цагт гарч байгаа бүх номыг уншиж бардаггүй юм гэхэд яруу найраг, уран зохиолын номуудыг уншихыг хичээдэг. Шинээр хэн орж ирэв, өөр өнцгөөс бичиж үү гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Зохиолч хүн мэдэхгүй байх шиг ичгүүртэй зүйл үгүй. Мэдэхдээ ярьж, сонсож биш чимээгүй уншиж мэдэх учиртай. Би уншсан номоо бусдад ярих дургүй. Бичсэн ном хэнийх ч байж болно. Өөрийн нүд, сэтгэл, мэдрэмжээр уншиж ойлгодог. Дотроос уншиж гэгээрэхээс биш гаднаасаа гэгээтэй харагдахыг бодож явсангүй.

-Б.Лхагвасүрэн найрагчийн Монголын утга зохиолд тавьсан тангараг, татсан хэц залуу хойч үеийн ямар уран бүтээлчид тусгалаа олох бол?

-Хэрэв яруу найрагчид уралдааны морьд гэвэл гарааны зурхайгаас эргээд хоорондоо ойрхон явна. Зул задрах хүртэл бөөнөөр яваа гэсэн үг. Яваандаа нэг, хоёр нь толгойлж, цойлж гарч ирнэ. Залуу яруу найрагч олон гарч ирлээ. Тэр нь тийм гэж хэлэх аргагүй. “Яруу найраг нэг хэвийн байна эсвэл нэгнээсээ ялгарах зүйлгүй юм гэж тайлбарлах уу” гэж өөрөөсөө асуусан. Өнөөдрийнх шиг он цагт яруу найрагчид бөөн байхаас аргагүй юм гэсэн хариултад тулсан. Монголын уран зохиолд олон хүн нэрээ мөнхөлнө. Тэднийг бариан дээр зогсч буй маргаашийн уншигчид шүүнэ. Түүнээс биш өнөөдөр дунд нь амьдарч яваа хөгшин, залуу хэн нэгэн шүүн тунгаах нь буруу. Би туршлагатай, ахмад, насаараа шүлэг бичсэн гэдгээрээ дарангуйлж залуу яруу найрагчдад хатуу үг унагаж, гомдоохыг хүсдэггүй. Уралдааны замд юм юм тохиолдоно. Уяа цөмөрнө, хүүхэд нь ойчно, эзэнгүй хүлэг уралдана, сайн морийг зальтай унаач хүүхдүүд ухраана, морь нь хадуурна. Хурдан морины уралдаанд болдог бүх л зүйл Монголын яруу найргийн ертөнцөд болж байдаг юм.

Эцэг шигээ юм бичдэг хүн болжээ гэж бодох зүгээр санагддаг
-Та айлын ганц хүү. Цөөхүүлээ байхын зовлон, ганцаардахын гуниг байсан байж таарна?

-Дээрээ ах эгчгүй, доороо дүүгүй эрх танхи өснө гэдэг сайхан мэт боловч аав ээжийгээ унаад өгөхөөр ганцаараа л үлддэг. Гэхдээ өөрийгөө ганцаараа гэж хэлэх дургүй. Надад зургаан хүү, хоёр охин, олон ач зээ бий. Би хүү, охиноос төрсөн үрсээ бүгдийг нь “ач” гэдэг. Охиноос төрснийг зээ, хүүгийнхийг ач гэдгийг эсэргүүцдэг. Намайг налж эрхлэх, орчлонгийн жамыг үзэхэд уйлах, санаж бэтгэрэх хүн олон бий. Тиймээс би орчлонд олон уяатай. Олуулаа байх шиг, үр хүүхэд нь амьд сэрүүн харагдаж байхаас илүү жаргал юу билээ. Алддаг ч онодог ч хүүхэдтэй бай, хамаагүй харагдаж л байгаасай. Би үүнийг л бурхнаас гуйдаг.

-Таны биеийн тал болсон Баасан эгчийн тухай яриа дэлгэмээр санагдлаа. Танд олон уран бүтээлч төрүүлж өгсөн буянтай хүн гэж боддог?

-Хасар маань ижийтэйгээ адилхан. Дүр төрх, байгаа байдал нь. Ааш араншингийн хувьд аавтайгаа ижил. Ижий нь Хасарт, Хасар ижийдээ их хайртай. Бид хоёр уйлж, дуулаад хэдэн хүүхдээ бараадаад л явж байна. Гэхдээ хүн хүүхдүүдийнхээ аль сайн яваад нь биш амьдрал тааруухан, эсвэл өвчин зовлон ороодог хүүхдэдээ их сэтгэл зовдог. Өвдөж зовдог, зөрүүд хүүхдэдээ хайртай байдаг. Хасар маань нялхаасаа өвчин ороомтгой хүүхэд. Одоо Францад амьдарч байна. Эцэг, эх болсных хүүхдийнхээ шүлэг уншихыг харах сайхан байлгүй яахав. Эцэг шигээ юм бичдэг хүн болжээ гэж бодох зүгээр санагддаг юм. Харин миний хань Хасарыгаа сайн шүлэг бичлээ гэж хэлэхгүй. Манайхаар орж гардаг хүмүүс дандаа уран бүтээлч учраас хань минь шүлгийг сүрхий мэдэрдэг. Хүүдээ ахадсан үг хэлэхгүй. Урам хайрлах дургүйдээ биш, эхийн магтаал ихэдвэл хүүд минь хүндэднэ гэж боддог ханийнхаа ухаанд баярладаг.

-Ижий бурхан, ээж шүтээн гэж ярихаас биш аавыгаа бид мартаад байх шиг. Аав гэж түшигтэй уул үгүй бол ижий бурхан яах билээ гэж бодохгүй юм?

-Ижий их ойрхон байдаг болохоор илүү юм шиг санагддаг байх. Гэхдээ аав шиг том орон зай ертөнцөд хаана байна вэ. Би аавыгаа их санадаг. Аав маань цөөн үгтэй, тоотой дуугардаг, гүжирмэг хүн байсан. Миний зүүдэнд цөөхөн ирдэг. Амьд байсан шигээ тоож байна гэж боддог. Ганц юм болохоороо эрх нь хэтэрвэл амархан эвдэрнэ гэж боддог байсан байх. Намайг цөөхөн үнссэн. Ерөөсөө загнахгүй, муухай харахгүй, ахин дахин үнсээд нялуураад байдаггүй. Би ижий аав хоёроо эн тэнцүү хайрлаж, бодож явдаг. Шүлэг бичихдээ хүртэл сүнс нь гомдох вий гэж ижилхэн бичдэг.

-Монголчууд бид цөөхөн, цөөхөн гэж ярих юм. Харьд байгаа монголчууд маань эх нутагтаа ирвэл бид цөөхүүлээ биш шүү дээ?

-Амьдралтай газар хүн, өвстэй нутагт мал гэж айхавтар үг бий. Ертөнцийн соёл иргэншилтэй танилцаж, ажиллаж, амьдарч буй монголчуудын тухайд хэзээ нэгэн цагт эх нутагтаа ирж таарна. Олуулаа болох шаардлагатай байх. Ёс бусаар олуулаа болж болохгүй. Гэхдээ би монгол угшилтай, монгол хүн олон болоосой гэж залбирна. Монгол хүн гадагшаа явж байвал Монголынхоо хөгжилд нэмэр болохын тулд гэж өөртөө бодох ёстой. Тэгж яваа байх гэж боддог. Тэднийгээ дуудахын зэрэгцээ төр хүний газарт амар амгалан энх мэнд байхад нь анхаардаг байгаасай гэж давхар бодох юм. Түүнээс биш тэнд бай, энд амьдар гэвэл хавчлага болно.

-Таны шүдэнзний цуглуулга дотор ховор нандин, дурсамжтай шүдэнз олон байх. Ер нь яагаад шүдэнз цуглуулах болсон бэ?

-Миний цуглуулдаг ганц зүйл шүдэнз юм. Гэхдээ огт зураагүй, хайрцаг нь эвдрээгүй шүдэнз цуглуулна. Шүдэнзний хайрцаг дээрх зураг цаг үеийнхээ түүхийг өгүүлдэг. Хаад, эртний барилга, ан амьтан, эрвээхэй шувууны гээд янз бүрийн зураг байдаг. Хайрцагны загвар, зураг тэр чигээрээ урлаг. Марк цуглуулахтай л агаар нэг. Хоёрдугаарт, хүн буй болоод гал олсон байх. Гал нь олсон хүмүүнээ хүн болгосон байх. Энэ утгаар би галыг бэлгэшээж шүдэнз цуглуулдаг.

-Бэлгэшээл гэснээс монголчууд сүрхий зөнтэй улс. Тэр ч утгаараа зарим нэг муу зүүднээс цээрлэдэг байх?

-Шүд унаж, өвдөж зүүдлэх муу гэдэг нь батлагдсан зүйл. Түүнээс биш муур тааралдах энэ тэрийг тоодоггүй. Аян замд явж байхад хярс, зурам, нохой өвөр талаас орвол бэлгэшээдэг, өврөөс гарвал жаахан таагүй байдаг. Айл бүрт, хотоор дүүрэн муур байна. Зарим нь муурыг хүүхдийн дайтай эрхлүүлж, даралт бууруулдаг гээд нурууг нь илээд сууж байх юм. Би муурт тэгтлээ дотносохыг хүсдэггүй. Араатнуудын хамгийн жижиг хэлбэр шиг санагддаг учраас тэр. Гэртээ хэзээ ч муур тэжээхгүй гэж бодож явдаг хүн дээ.

“Монгол поп”-ыг үндэслэгч нь Д.Болд гэвэл худлаа болно

-Та Төрийн шагналын зөвлөлд ажиллаж байсан хүн. Зарим хүн олон удаа нэр дэвшиж байж энэ шагналыг авсан байдаг юм билээ. О.Дашбалбар ах гэхэд л долоон удаа, Д.Пүрэвдорж гуай зургаан удаа ч гэдэг бил үү?

-О.Дашбалбарыг долоон удаа нэр дэвшсэн гэж мэдэхгүй юм. Жаахан ташаа яриа болов уу. Өөрийнх нь амьдарч байсан цаг хугацаатай харьцуулаад бодохоор нэг биш. Харин Д.Пүрэвдорж гуай дөрвөн удаа нэр дэвшиж байж тав дахь дээрээ авсан байх. С.Пүрэв гурван удаа нэр дэвшсэн санагдана. П.Бадарч хоёр ч удаа нэр дэвшсэн байдаг байх шүү.

-Шагнал авсан нь баярлаж, аваагүй нь гомдоно. Ер нь Төрийн шагналын зөвлөлд ажиллаж байхад хэцүү байсан биз?

-Хэцүү. Авсан бол би өгсөн юм шиг, аваагүй бол би өгөөгүй юм шиг ойлгоно, хандана. Салбар хуралдааныг даргалдаг байлаа. Есөн жил ингэж давхар алба хашсан даа.

-Таныг ажиллаж байхад шагналын шалгуур өндөр байсан уу?

-Өндөр, өндөр. Гэхдээ дэмий гэмээр зүйл ч байдаг л байсан. Гэр бүлийн бат суурьшилтай байдал, биеэ авч явах байдал гээд л…

-Та хэдэн удаа нэр дэвшсэн бэ?

-Би нэг удаа дэвшээд авсан. Тэр ч бүү хэл 1982 онд анхны номоо хэвлүүлээд 1990 онд хоёр номтой байхдаа Төрийн шагнал хүртсэн.

-Дуучин Д.Болд Төрийн шагнал хүртсэн. Зарим нь үгүйсгэж байхад, нөгөө хэсэг нь дэмжиж байна. Энэ тухай Таны бодол?

-Хүмүүс янз бүрээр л ярьдаг. Ямар зүйл хийдэг, бүтээдэг хүн юм бэ би мэдэхгүй юм. Дуулж л байгаа харагддаг. “Монгол поп”-ыг үндэслэгч нь Д.Болд гэвэл худлаа болно.  Монголчууд чинь “Хүүе Дамдин”-аасаа эхлээд л поп дуулж байсан байлгүй. Хөгжүүлсний тухайд гээд өгвөл хэнд ч өгч болно. Төр таалсан хэрэг. Төрийн зарим зүйлд бид үл оролцох, тэвчээртэй байх хэрэгтэй. Д.Болдод төр урам өгч байгаа байлгүй дээ.

-Таны бэлтгэсэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг олон хүний сэтгэлд хүрсэн. Яагаад ийм нэвтрүүлэг хийх болов?

-Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй 100 эрхмийн тухай нэвтрүүлэг хийе гэж зорьж байгаа юм. Залуу, хөгшин хэн ч хамаагүй. Ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн байх ёстой. Эцэстээ 100 DVD, ном болон хэвлэгдэнэ. “Монгол хүн бүхэн эрхэм” гэж Д.Сосорбарамын хэлдэг үнэн. Гэхдээ онцгойрсон 100 эрхмийг онцлох ёстой. Цаашид 200, 300 болох байх. Үргэлжлэлийн эхлэлийг тавьж байгаа учраас баяртай явна. Нэвтрүүлэгт хөтлөгч, редактор хийж оролцож байна. Хамгийн гол нь энэ чинь ямар хүн бэ гэдгийг гаргах нь чухал. Түүнээс биш сонгуулийн шоу болгож, хэн нэгнийг магтан дуулах гээгүй.

-Мөнгөөр нэвтрүүлэг хийдэг, бүр 30 сая төгрөг авдаг гэж нэг цахим хуудаст бичсэн байсан?

-Хэнээс ч сохор зоос аваагүй, авдаг ч үгүй. Янз бүрээр л бичдэг. “Hero” энтертайнментын залуустай хамтарч бүтээдэг юм. Бид нэвтрүүлэгтээ оролцох хүнд урилга өгч, гуйж оруулдаг. Бэлтгэсэн нэвтрүүлэг олон бий. Бэлтгэхэд хугацаа ордог. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин уран нугараач Б.Норовсамбуугийн ижийгийн зургийг архиваас олж өгч байгаа юм. Түүнд ижийгээ харах боломж олгосон. Энэ бол өгөөж. Нэвтрүүлэг бэлтгэхэд мөнгө авдаггүй гэдгийг дахин хэлмээр байна. Сард хоёр хүний нэвтрүүлэг хийх ёстой. Гурван жилийн хугацаанд хийж дуусгана. Хэн нэгнийг сонгуульд нэр дэвшүүлж, амжилтад хүргэх гэж бид нэвтрүүлэг хийгээгүй. Монголчууд, монгол хүн оюуны ийм чадамжтай юм шүү гэдгийг л харуулахыг зорьсон. Заримдаа “Б.Лхагвасүрэн мөнгө авсан байх” гээд дэл сул яриа гарч уур хүргэдэг юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш