logo
Баривчлан саатуулах баримт хангалттай байсан

Баривчлан саатуулах баримт хангалттай байсан

2012/04/14
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан саатуулах үндэслэл, холбогдуулан шалгах эрүүгийн хэргүүдийн талаар Авилгатай тэмцэх газар /АТГ/ мэдээлэл хийлээ.
Н.Энхбаярыг баривчилсантай холбогдуулан АТГ-ын  Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат,  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, УМБГ-ын дэд дарга Н.Батбаатар нар өнөөдөр 14.00 цагт "Хэвлэлийн хүрээлэн"-д доорх баримтуудыг дэлгэж, албадан баривчлах үйл ажиллагааны талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэн юм.
АТГ-ын  Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатын мэдээлснээр, "МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах хангалттай олон шалтгаан байгаа"-г харгалзан үзэж албадан баривчилсан ажээ. Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон тогтоолыг өөрт нь төдийгүй өмгөөлөгчид нь танилцуулж, удаа дараа зарлан дуудах хуудас гардуулсан боловч тухай бүрт мэдүүлэг өгөх, хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлхээс татгалзаж байжээ.
"Мөрдөн байцаах шатанд эрүүгийн хуульд заасны дагуу нийт арав гаруй удаа зарлан дуудах хүргүүлсэн ч  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй" гэж Э.Амарбат мэдэгдлээ.
Сэжигтэн ийнхүү удаа дараа байцаалт өгөхөөс татгалзсан учир хуульд заасан бүх арга хэмжээг авахаас өөр аргагүй болсон байна.
Үүссэн нөхцөл байдал мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хуульд заасан журмын дагуу хэргийг шүүх, прокурорт танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн шүүхээс сэжигтэнг таслан хорих захирамжийг өчигдөр 17.00 цагийн үед  гаргасан байна.
Н.Энхбаярыг албадан баривчлах үед хамгаалагч нь галт зэвсэг гаргаж сүрдүүлснээс бөгөөд, Төрийн тусгай хамгаалалтыг татах хүсэлт тавьсан атал албаны есөн ажилтнаар хүч нэмэгдүүлэн эсэргүүцэл үзүүлж, хаалгаа дотроосоо түгжих зэргээр цагдан хорих тухай тогтоолыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсжээ.
Албадан баривчилхаар очсон алба хаагчид Н.Энхбаяр болон өмгөөлөгчид нь баривчлах тогтоолыг танилцуулсан ч хүлээж аваагүй байна.  Тиймээс  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу албадан ирүүлэх хүсэлтийг Цагдаагийн байгууллагад тавьж, тэр дагуу албадан баривчлах арга хэмжээ явагдсан АТГ-ын ажилтнууд мэдэгдлээ.
Мэдээллийн үеэр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдан хорих шалтгааны талаар баримтуудыг дэлгэсэн юм.
-"Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэн, тухайн үедээ “Өргөө” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Ж.Энхжаргал нь 2010 оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Улсын мөрдөн байцаах газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 21-нд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Үүний дараа иргэн Л.Сэргэлэн 2011 оны  нэгдүгээр сарын 20-нд  “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилсан  талаар цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу УМБГ-аас Эрүүгийн хуулийн 148 дүгээр зүйлийн 4-т зааснаар мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн ажээ. Үүнээс гадна 2000 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байх үедээ Япон улсын зүгээс Монголын бурханы шашинтнуудад зориулан бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжүүдийг хувьдаа ашигласан гэх хэрэгт сэжигтнээр татагдсан байна. Эдгээр хэргийг нэгтгээд Эрүүгийн 21147024 дугаартай хэргийг УПЕГ-аас 2011 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяаллыг тогтоох тогтоолоор харьяаллыг Авлигатай тэмцэх газар болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтэст хүргүүлсэн байна. Энэ дагуу хамтарсан мөрдөн байцаагчдын хэсэг байгуулж мөрдлөг явуулаад, Н.Энхбаярыг 2011 оны аравдугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар хүнд гэмт хэргийн сэжигтнээр тооцсон. Иймээс хууль заасан журмын дагуу түүний хэрэгт хяналт тавьж буй прокурор Сүхбаатар хүсэлт гаргаснаар СБД-ийн шүүхээс өчигдөр цагдан хорих захирамж гарсан бөгөөд, уг захирамжийн дагуу баривчлах арга хэмжээг эхлүүлжээ.
Н.Энхбаярыг цагдан хорихоор машиныг нь зогсоосон. Ингээд хуулийн дагуу хамгаалагчид нь тогтоолоо танилцуулсан ч   зөвшөөрөөгүй. Хамгаалагч буу гаргаж ирээд сумлан, улмаар АТГ-ын ажилтнуудыг буудна гэж сүрдүүлсэн байна. Энэ үед АТГ-ын ажилтан ажилтан буу гаргаж аюултай нөхцөл үүсээд байна гэдгийг хамгаалагчид нь тайлбарлаад  буугаа далд хийсэн ч хамгаалагч буугаа буулгахгүй онилсоор байжээ. Энэ үед ажилтан самбаачилж бууг нь холдуулж чадсан байна.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг сэжигтнээр 14 хоног, хэрвээ шаардлагатай бол яллагдагчаар татаж хоёр сар гаруй хугацаагаар хорьж болох юм байна.
Төв аймгийн цагдан хорих газар сэжигтнийг хүргүүлэх үеэр эмч хүлээн авч үзлэг хийсэн бөгөөд даралт хэвийн, биед элдэв сорви гэмтэл байхгүй байна гэсэн дүгнэлт үйлджээ.
Я.Баяраа
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш