logo
Харийнхны дэглэсэн “Чөтгөрийн 13” эмгэнэлт жүжгийн гол дүрээр Н.Энхбаярыг сонгов уу?

Харийнхны дэглэсэн “Чөтгөрийн 13” эмгэнэлт жүжгийн гол дүрээр Н.Энхбаярыг сонгов уу?

2012/04/14
Хэд хоногийн өмнөөс л жилд цөөхөн тохиодог хар баасан гараг буюу “Чөтгөрийн 13”-ны өдөр давтагдах тухай ойр тойрныхондоо ярьж хэлж байсан билээ. Гэтэл энэ хар өдөр монголчуудын хувьд талаар нэг өнгөрсөнгүй. Гол төлөв харийнхны муу ёрын өдөр хэмээн үздэг 13-ны баасан гараг бидний хувьд огт хамаагүй биш гэдэг нь өчигдөр шөнө болсон үйл явдлаас тодхон харагдаж байна. Өнөөдөр цахим үнэмлэхээр сонгууль өгөх нь тодорхойгүй, Тавантолгойн хувь хишиг хүртэх нь эргэлзээтэй, ямар нам хүчнийг сонгохоо шийдээгүй энэ цаг мөчид МАНАН-г сарниаж, гурав дахь хүчний орон зайг бий болгосон МАХН, МҮАН, БНН болон бусад төрийн бус холбоодын хавсарсан хүч хаврын салхи хуйсагнасан энэ зэврүүн өдрүүдэд улам бүр ширүүсч эхлэв. Жил бүрийн хавар монголчуудын хаврын синдром эхэлдэг зуршилтай ч энэ жилийн хувьд сонгуулийн жил учир энэхүү синдром бүр илүү их цар хүрээг хамарч байгаа нь хэнд ч тодорхой. МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах “Number one” ажиллагааг хоёр дахь удаагаа шөнө дөлөөр зохион байгуулсан ч тус намын гишүүд, дэмжигчдийн зүгээс нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгарсан тул арга буюу үүр, цүүрээр хүмүүсийг дуг нойрондоо автаж байхад баривчилсан явдал нь Монголд төдийгүй, дэлхийд шившиг болсон хөгийн үйл явдал боллоо.

Муаммар Каддафиг захын нэг нөхөр галт зэвсгээр буудан хөнөөж байсан цаг саяхан. Ливичүүд тэгэхэд ямар их баярлаж байсныг дэлхий нийтээрээ ажиглаж байлаа. Гэвч хэмжээлшгүй эрх дархтай байсан түүний дарангуйлал тамын оронд очсоноор төгсгөл болсон уу гэвэл болсон. Гэхдээ энэхүү улс орны доторх үймээн самууныг АНУ болон бусад улс, орнуудын томоохон эдийн засгийн бүлэглэлүүд мөнгөөр угжин зохион байгуулж байсан гэдгийг уншигчид мэдэж буй биз ээ. Тэгвэл өнөө өглөө буюу 13-ны Чөтгөрийн хар баасан гарагийн нар мандахаас өмнө яг л өнөөх цус сорогчид үүр цайхын алдад ичээндээ ордог шиг тусгайгийн хар хувцастнууд “Тусгай даалгавар”-ын дагуу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хөл нүцгэн чигээр нь толгойд нь хар уут углан Төв аймгийн мөрдөн рүү тушаал ёсоор хүргэснийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд нүд тавин харж, үзэж байна. Өнөөдөр лав Монголд улсад ажил хийж байгаа хүн бараг байхгүй байх. Харин ажил хийж байгаа цорын ганц салбарынхан сэтгүүлчид л байж мэдэх юм гэвэл арай л дэгсдүүлсэн явдал болно биз. Тангарагтаа үнэнч эмч нар хийгээд олон салбарын хүмүүс сэтгэлдээ айдастай ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь үнэн. Тэд зав л гарвал телевиз, радиогийн мэдээ сонсч Монголд амьдрахад хэцүү болсон талаар өөр хоорондоо эргэцүүлэн ярьцгааж байна.

Н.Энхбаярыг хорьж, цагдаж, байцааж болно. Гэхдээ баривчлах ажиллагааны хамгийн хоцрогдсон бүдүүлэг арга, хэлбэрийг өнөөгийн ХХI зуунд хэрэглэж байгаа нь манай хүчний байгууллагынхны урагшгүй үйл ажиллагаатай шуудхан холбоотой. Тиймдээ ч 2008 оны долоодугаар сарын нэгэнд гарсан гэмт хэргийн буруутнуудыг өнөөдрийг болтол тогтоож чадаагүй бөгөөд энэ бүхэн эрх барьж буй улс төрийн намуудтай шууд холбоотой тул ийнхүү сонгуулийн өмнө арга буюу ямар нэгэн “буруутныг” тогтоож гэмээнэ сонгуульд ялалт байгуулахыг урьтал болгож байгаа нь засгийн эрх барьж буй МАН-ынхантай шууд хамаатай. Бид өөр хоорондоо жийлцэж, бие биенээсээ өшөө авах хойгуур Хятадын далд улс төрийн бодлого Монголд аль хэдийнэ биеллээ олж, хэрэгжиж байгаа нь сүүлийн үед Монголын баялгийг хуу хамж байгаа “Айвенхоу Майнз” болон “Чалко” компаниудын бусармаг үйл ажиллагаанаас харагдаж байна. Өнөөдөр манай улсад үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл үгүй болжээ. Төрийн гурван өндөрлөг урд, хойд хөршөөс гадна хаа холын мөнгөтэй улс орнуудад байгалийн баялгийнхаа хувьцааг зарж, эдийн засгаа хөгжүүлнэ гэсэн юм ярьж байгаа боловч яс юман дээр шар толгойтой хэн нэгэн бадарчин канад юм уу, австрали нөхрийн оруулсан хөрөнгө оруулалтын цаана өнөөх л өлсгөлөн царайлсан өгөр хужаа нар байгаа гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Энэ тийм биш гэж үү? Эрхэм уншигч та нэгийг эргэцүүлж бодоорой. Биднийг өөр хоорондоо хөлөө жийлцэж, сонгуульд ялна, ялахгүй дээрээ хүрч жижиг асуудлаар мэтгэлцэж, маргалдаж байх хойгуур эдийн засгийн хараат орон болох аюулын харанга аль хэдийнэ дэлдэж эхэллээ. Н.Энхбаярыг хорихын цаана их учир бий. Үүнийг намууд, хүмүүс янз янзаар тунгаан ярьж байгаа. Харин харийнхны хүслээр дэглэгдэж буй эмгэнэлт жүжиг ийнхүү Чөтгөрийн 13-ны хар баасан гарагт дэглэгдэж, түүнд нь манай төрийн томчууд болон олигархиуд гол дүрд нь тоглож байгааг ард түмэн мартах учиргүй.
А.Харанга (www.wikimon.mn)

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш