Эрдэмтэд хэдхэн жилийн дараа газар хөдлөлтийг богино хугацаанд урьдчилан таамагладаг болно. Орос, Британийн мэргэжилтнүүд байгалийн гамшгийн маш өчүүхэн шинж тэмдгийг мэдэрч чаддаг хиймэл дагуулын “TwinSat” гэдэг онцгой системийг байгуулахаар ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд орчин үеийн шинжлэх ухаанд нэлээд дэвшил гарсан боловч газар хөдлөлтийг урьдчилан таамаглах нь эрдэмтдийн хувьд хамгийн ярвигтай асуудлуудын нэг хэвээр байгаа билээ. Гэсэн хэдий ч байгалийн гамшиг болох гэж байгааг хэдэн жилийн өмнөөс урьдчилан таамаглаж байсан тохиолдол байдаг аж. Жишээ нь, Москвагийн Газар зүйн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Алексей Любушин өнгөрсөн оны гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтийг бүр 2008 онд урьдаас таамаглаж байсан гэнэ.
Ямар нэгэн урьдчилсан шинж тэмдгийг ажиглах нь нэг жилийн дараа газар заавал хөдлөнө гэсэн үг биш бөгөө зөвхөн 70 хувийн магадлалтай таамаг байдаг ажээ. Газар нэг жилийн дараа биш хагас жил буюу хоёр жилийн дараа ч хөдөлж болзошгүй байдаг гэнэ.
Нарийвчилсан лавтай таамаглал хийхэд дэлхийн царцдсын хөдөлгөөнөөс аваад гол нуурын усны түвшингийн өөрчлөлтийн явцын талаарх мэдээлэл маш чухал байдаг аж. Газар хөдлөлтийн зарим шинж тэмдэг гамшиг болохоос ердөө хоёр гуравхан долоо хоногийн өмнөөс илэрдэг байна. Эдгээр шинж тэмдэг нь хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээ авахад маш чухал юм.
Харин Орос, Британийн эрдэмтдийн хамтран бүтээж байгаа хиймэл дагуулын систем нь газар хөдлөлтийн бүх шинж тэмдгийг нарийн мэдрэх гэнэ.
“TwinSat” cистемийн сансрын аппаратууд нь газар хөдлөлтийн шинж тэмдгүүдийг байнга хянаж байх бөгөөд цуглуулсан мэдээллүүдээ газар хөдлөлтийг бүртгэдэг станцуудад тэр даруйд нь дамжуулах юм. Уг систем нь 2018, 2019 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Газар хөдлөлтийн аюултай бүс нутагт оршдог Япон, Филиппин, Индонези зэрэг улсууд энэ төслийг ихэд сонирхож байгаа гэнэ.
Д.Жаргал
МОНЦАМЭ