«Бээжин 2008» зуны ХХIХ олимпийн наадмаас анх удаагаа Монголын баг тамирчид хос алт, хос мөнгөн медаль хүртэж дэлхийн 204 улсаас 173-ыг нь ардаа орхиж 31 дүгээр байрт шалгарсан нь гурван сая хүрэхгүй хүн амтай улс гэхэд үнэхээр гайхамшигтай амжилт.
Мөн Бээжингийн паралимпийн наадмаас анх удаагаа алтан медаль хүртсэн. Харин энэ бахдам амжилтаа 105-хан хоногийн дараа эхлэх «Лондон 2012» зуны ХХХ олимпийн наадмын талбарт бататгах нь манай тамирчид, дасгалжуулагчид болон монгол хүн бүрийн чин хүсэл, эрхэм зорилт.
Монголын баг, тамирчдаас «Лондон 2012» олимпийн наадамд оролцох эрхийг өнөөдрийн байдлаар 14 тамирчин албан ёсоор аваад байна. Мөн паралимпийн эрхийг есөн тамирчин авсан. Хөнгөн атлетикийн холын зай буюу марафон гүйлтийн төрлөөр Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Монголын тамирчдаас хамгийн түрүүнд салхи хагалж Лондонгийн олимпийн анхны эрхийг өвөртөлсөн. Түүний араас Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, буудлагын тамирчин О.Гүндэгмаа, холын зайн гүйгч, ОУХМ Л.Отгонбаяр нарын эмэгтэй тамирчид Лондонг зорих эрхээ гардсан.
Олимпийн аварга төрүүлсэн боксын спортын төрлөөр Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, 2009 оны дэлхийн аварга П.Сэрдамба, 2011 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхээ авсан бол ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ энэ тэмцээнээс олимпийн эрх авсан юм. Байт харвааны төрлөөр ОУХМ Ж.Гантөгс /эрэгтэй/, ОУХМ Б.Урантунгалаг /эмэгтэй/, нар Лондонгийн олимпийн эрх аваад байна. Мөн чөлөөт бөхийн тамирчдаас Ж.Чулуунбат /эрэгтэй/, О.Насанбурмаа /эмэгтэй/ нар Лондонг зорих эрхтэй болсон.
Харин арав дахь эрхийг буудлага спортын урт бууны /эрэгтэй/ төрлөөр анх удаа ОУХМ Н.Баяраа зуны ХХХ олимпийн наадамд оролцох эрхээ авсан бол усан спортын төрлөөр А.Тамир /эрэгтэй/, Г.Оюунгэрэл /эмэгтэй/ нар цагаан хуудсаар оролцохоор болж, эрх авсан тамирчдын тоог 12 болгосон. Тэгвэл энэ долоо хоногт дахин хоёр тамирчин олимпийн эрхтэй болсон бөгөөд тэд 2008 оны олимпийн наадмаас алт, мөнгөн медальтай ирсэн боксын спортын тамирчид. Тодруулбал, Казахстаны Астана хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнээс ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт /52 кг/, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар эрхээ авч Лондонгийн ринг дээр хүч үзэхээр болсон юм.
Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган олон жил шаналгасан /2006 оноос/ гэмтлийн улмаас Лондонгийн олимпийн наадамд хүч сорих боломжгүй болсон. Гэхдээ олимпийн аварга маань энэ бэртэл гэмтлээ бүрэн төгс эмчлүүлээд 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн рингэд хүч үзэх бизээ. Олимпийн эрхийн төлөө 56 кг-д хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай Хятадын тамирчинд ганцхан оноогоор хожигдсоноор олимпийн аваргын жинг монголчууд энэ удаа өнжихөөр боллоо. Манай боксчдоос дөрвөн тамирчин Лондонг зорихоор болсон бөгөөд тэдний хэн нь ч өмнөх амжилтыг бататгах, давуулах бүрэн боломжтой.
Монгол Улсаас өнөөдрийн байдлаар бокс, буудлага, хөнгөн атлетик, чөлөөт бөх, байт харваа усан спорт гэсэн таван спортын төрлөөр есөн эрэгтэй, таван эмэгтэй тамирчин «Лондон 2012» зуны ХХХ олимпийн наадмыг зорих эрхтэй болоод байна.
Одоо үлдсэн 105 хоногт олимпийн эрх олгох тэмцээн цөөхөн үлдсэн боловч Хөдөлмөрийн баатар, олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатараас эхлээд олимпийн эрхийн оноо нь өндөр байгаа эрэгтэй, эмэгтэй 7-10 жүдоч олимпийн эрх авах боломж байгаа. Б.Цагаанбаатар өнгөрсөн онд гадаадад болсон тэмцээнд 51 удаа барилдахдаа 41-д нь өрсөлдөгчөө ялсан нь үнэхээр өвөрмөц амжилт юм. Тэрбээр 12 тэмцээнд хүчээ сорихдоо алт, мөнгөн медаль тус бүр гурав, хоёр хүрэл медаль хүртэж, гурван тэмцээнд шагналт байрт оржээ. Олимпийн анхны аваргыг төрүүлсэн манай жүдочид Лондонгоос ганзага дүүрэн медальтай ирнэ гэдэгт монголчууд ихэд найдаж байгаа.
Чөлөөт бөхийн тамирчдын хувьд албан ёсоор аваад байгаа хоёр эрх дээрээ нэмж 6-8 эрх авах зорилт дэвшүүлсэн боловч олимпийн эрх олгох гурван тэмцээний эхний тэмцээнээс ганц ч эрх авч чадсангүй. Харин ирэх тавдугаар сард Швейцарь, Финланд улсад олимпийн эрх олгох олон улсын тэмцээн байгаа. Нэгдэх тэмцээнээс эхний гурван байрт орсон эрэгтэй, эхний хоёр байрт орсон эмэгтэйд олимпийн эрхийг олгоно. Дараагийн тэмцээнд эхний хоёр байрыг эзэлсэн тамирчид олимпийн эрхээ гардана. МЧБХ-ноос тамирчиддаа ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа. Үүний үр дүн гарч олимпийн эрхийн тоогоо нэмэгдүүлэхийг үгүйсгэх аргагүй юм.
«Лондон-2012» паралимпийн наадамд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар есөн тамирчин Лондонг зорих эрхээ албан ёсоор авсан. Үүнд: буудлагын спортоор нэг, хөнгөн атлетик, байт харвааны спортоор тус бүр хоёр, жүдо бөхийн төрлөөр дөрвөн эрх аваад байна. Одоо буудлага, хөнгөн атлетикийн төрлөөр олимпийн эрх авах боломж байгаа юм.
Гурван сар хоёр долоо хоног үлдээд байгаа энэ үед бид өмнөх амжилтаа ярих бус улсаа төлөөлөн олимпийн дэвжээнд хурд, хүч, ур чадвараа сорих тамирчдын бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базаах боломжийг нь гаргаж өгч, бүх талаас нь дэмжлэг үзүүлэх хариуцлагатай цаг үе ирээд байна. Өмнөх олимпийн наадмуудад гарч байсан шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанаас баг тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл дутсанаас амжилт буурч байсанд дүгнэлт хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн судалгаа гаргаж, тодорхой төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ базаах ёстой. Тамирчны сэтгэл зүйн хувьд хэрхэн анхаарч ажиллах нь хамгийн чухал асуудал.
Тухайлбал, байт харвааны дасгалжуулагч Ц.Бадамхатангийн хийсэн бэлтгэлийн явц болон гаргасан төлөвлөгөө, судалгаа нь нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй болсныг манай мэргэжилтнүүд сайшаасан. Бас буудлагын дасгалжуулагч Л.Ундралбатын хувьд ч шинжлэх ухааны үндэслэлтэй тамирчдаа дасгалжуулж байгааг БТС-ын үндэсний хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. Сэтгэл зүйн бэлтгэлжилт, сорилын хувьд МУБИС-ийн дэргэд бусад сургууль болон эрдэмтэн судлаачидтай хамтарсан баг ажиллаж байгаа билээ. Сэтгэл зүй бол амжилтын үндэс болсон маш эмзэг бөгөөд чухал асуудал. Харамсалтай нь энэ асуудлыг манайхан нэг их ач холбогдол өгч хамтарч ажиллахгүй байгааг манай БТС-ын салбарын эрдэмтэн, багш, дасгалжуулагчид онцлон хэлж байдаг. Ер нь тамирчны болон баг тамирчдын сэтгэл зүй нь амжилт гаргахад онцгой нөлөө үзүүлдэг. Тиймээс ч олимп хаяанд ирсэн энэ үед БТСГ, МҮОХ, Үндэсний шигшээ баг, спорт холбоод уг асуудал дээр нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой. Уг төлөвлөгөө, судалгаа, бодлогоо үндэслэн «Лондон 2012» олимпийн наадамд Монголын баг тамирчид хэрхэн оролцох зорилтоо тодорхой болгох хэрэгтэй. Ингэж хамтран ажиллаж байж л бид өмнөх Бээжингийн олимпийн наадамд гаргасан амжилтаа бататгана.
МЖБХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төсөл өргөн барихаар зэхжээ. Олимпийн аваргад нэг сая ам.доллар эсвэл нэг тэрбум төгрөг, мөнгөн медальтанд 500 мянган доллар, хүрэл медальтанд 300 мянган долларын шагнал олгох, мөн дасгалжуулагч, бэлтгэл хангагчдад урамшуулал олгохыг уг төсөлдөө тусгана гэсэн билээ.
Тэрбээр, улс эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгахын төлөө залуу нас, бие, сэтгэл, амьдралаа зориулан зүтгэдэг тамирчдад төр нь гар таталгүй урамшуулал өгч байх ёстой гэж онцлоод ОХУ, Казахстан, Франц зэрэг спорт өндөр хөгжсөн орнуудын жишээг харьцуулж ярьсан. Олимпийн наадамд 100 шахам медаль авч, багийн дүнгээр эхний гурваас буудаггүй ОХУ алтан медальт тамирчин бүртээ 350 мянган «ногоон», дасгалжуулагчдад нь мөн тэр хэмжээний мөнгө өгөхөө амласан бол казахстанчууд олимпийн аваргаа 250 мянган ам.доллароор шагнахаар болсон. Мөн францууд олимпийн медальтанд нэг удаагийн мөнгөн урамшууллаас гадна сар бүр тэтгэлэг олгодог тул тамирчид ар гэр, ахуй амьдралдаа огт санаа зовохгүй, зөвхөн амжилтын төлөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй байж чаддаг хэмээн онцолсон юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Х.Баттулга Монголын нийт тамирчдад хамаатай уг саналыг УИХ-д өргөн барихад санал нь дэмжигдэх эсэхээс үл хамааран Лондонгийн олимпийн наадамд жүдочдоос алт, мөнгө, хүрэл медальтан төрвөл энэ хэмжээний шагнал өгнө гэдгээ амласан билээ. Ийнхүү хэрэгжүүлж байгаа ажил үйлсээрээ спортын бусад холбооддоо үлгэр жишээ болж байдаг МЖБХ нь ерөнхийлөгч Х.Баттулгынхаа бас нэгэн шинэ санал, санаачилгаар Монголын их спортод урам зориг хайрлаж, шинэ эрч хүч нэмж байна.
Дашрамд сонирхуулахад, Лондон хотын метроны буудлын нэрийг олимпийн тоглолтын өмнөхөн өөрчлөхөөр зохион байгуулагчид шийдвэрлэжээ. Энэ нь дэлхийн өнцөг булан бүрийн спортын шүтэн бишрэгчдийн таалалд зүй ёсоор нийцсэн төдийгүй олимпийн түүхэн замналыг өгүүлсэн сонирхол татсан гарын авлага болох аж. Лондонд нийт 361 метроны буудал байдаг. Тэр тоогоор олимпийн баатруудыг метроны буудалд байрлуулна. Метроны буудлын нэр солигдох нь гадаад, дотоодын иргэдийн алинд ч ойлгомжтой цэгцтэй байх юм. Хөнгөн атлетикийн аваргууд хөх шугаман дээр, жүдогийн алдартнууд улаан дээр байрласан байх жишээтэй. Лондон хотын иргэд болон гадаадын зочдын хувьд ч төөрч будилах асуудал гарахгүй байхаар хийх юм. Учир нь буудлуудын хаяг хуучнаараа хүчин төгөлдөр зэрэгцэн байрлах юм. Монгол Улсын тамирчдаас «Лондон-2012» зуны ХХХ олимпийн аварга төрвөл тэнд залрах нь мэдээж. Харин манай тамирчдаас хэн нь тэр нэр хүндтэй газар нэрээ мөнхлөх бол?
Өнөөдөр 105-хан хоног үлдээд байхад Монгол Улсын баг тамирчдаас Лондонгийн зуны ХХХ олимпийн наадмыг зорих 14-хөн албан ёсны эрх авсан нь тийм ч хангалттай бус юм. Харин үлдэж байгаа хугацаанд нэмж хэдэн олимпийн эрх авахыг таах аргагүй.
Хамгийн чухал нь эрхээ аваад байгаа энэ тамирчдыг болон бэлтгэл хангагч тамирчдынх нь хамт тусгайлан авч тодорхой системтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт хийж, тамирчин бүрт сэтгэл зүйн бэлтгэлжилтийг нь хангуулж өгөх нь хамгаас чухал. Энэ асуудлыг бид 2008 оны олимпоос хойших өнгөрсөн хугацаанд хэрхэн онцгойлон авч үзэж, ажил хэрэг болгож чадав гэдгээ харах, үр дүнг нь үзэх цаг ойртлоо!
Монголчуудад Бээжингийн олимпийн наадамд гаргасан амжилтаа Лондонд батлах, бүр ахиулах боломж, чадавхи байгаа гэдэгт монголчууд итгэж, найдаж хүлээж байна.
Д.Өлзийсайхан
МОНЦАМЭ