Түүнээс гадна олны чихийг халууцуулж, уур ундууцлыг хүргэсэн бөх бол улсын начин Ц.Улаанхүү юм.
Дундговь аймгийн харьяат тэрбээр хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэрэгт нэр холбогдсон. Түүнд өнгөрөгч оны наймдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял оноосон юм.
Энэ мэт бөхчүүдтэй холбоотой танхайрч хүн зодсон тухай ярианууд гардаг ч урт гартай бөх байдаг тухай өмнө нь сонсогдож байгаагүй. Үүний нэг жишээ бол Улсын арслан До.Ганхуяг, улсын начин Д.Нямлхагва нар хулгайн хэрэгт холбогдсон явдал гэж болно. Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяраар улсын арслан хэмээх өндөр нэр хүндтэй цолыг До.Ганхуяг арслан өөрийн дасгалжуулагч гэх улсын начин Д.Нямлхагватай нийлэн хулгай хийж, бөх сонирхогчдыг нүүр хийх газаргүй болгосон. Энэ талаар дурьдвал, Франц улсад олон улсын жудо бөхийн тэмцээн болж манай улсаас Улсын арслан До.Ганхуяг дасгалжуулагч улсын начин Д.Нямлхагва хоёр хамт явж оролцсон байдаг.
Тухайн үед амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргана гэж явсан багш шавь хоёр тэмцээний эхний тойрогт ялагдаж хасагджээ. Ингээд тэд Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яаман дээгүүр үнэгүй хоноглох газар хайн, Монгол айлуудаараа дайлуулсан байдаг. Гол нь тэнд аж төрдөг монголчуудын ар гэрийнхэндээ дайж явуулсан үнэ бүхий эд зүйлс, илгээмжийг нь замаас “хумсалсан” байсан. Үүнээс гадна Улсын начин Б.Одхүүгийн удаа дараагийн танхайн хэрэг, Д.Мөнх-Эрдэнэ арслангийн холбогдсон алдарт 17 чингэлэг спиртийн хэрэг гээд дурдаад байвал бөхчүүдийн холбогдсон чих халууцуулам хэргүүдийг тоочвол урт дараалал гарна. Тэд гэм хийсэн үйлдлээ “бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг юм хэмээн аргалах гэж хичээдэг.
Гэвч даравч далдайна, булавч бултайна гэдгээр тэдний энэ үйлдэл хэрээс хэтрээд байгаа. Тухайлбал, олон жил тээвэрт явсан улсын заан Долгорсүрэн олонд хүндлэгдсэн бөх хөвгүүдтэйг хүн бүр мэднэ. Гэхдээ хөвгүүдтэй нь холбоотой таагүй мэдээллүүд цаг үргэлж сонсогддог. Д.Сумъяабазар аварга гэхэд саяхны гэгээн цагаан өдөр мисс эхнэр Ч.Мичидмаагийнхаа нүүрэнд нударга буулгаж, олны нүдийг оройд нь гаргаад авч. Нэгэн танилын маань хэлж буйгаар энэ явдал төрийн ордны баруун талын зам дээр болсон юмсанж. Тухайн үед машинтайгаа явж байсан аварга, мисс хоёр гэнэтхэн зогсч, Ч.Мичидмаа машинаасаа буугаад яаран алхтал Д.Сумъяабазар аварга араас нь үсэрч гарч ирээд гэргийнхээ нүүр рүү нударга буулгаж аваад машиндаа суулгаад яваад өгчээ.
Мөн одоогоос хоёр жилийн өмнө долдугаар сарын 28.29 нд Орхон аймагт болж өнгөрсөн Даншиг наадмын үеэр олон алдар цуутай бизнесмен, төрийн түшээд дэнж хотойтол наадаж, өөрсдийн шандас хурдан хүлэгийнхээ хүчийг үзэхээр хуран цугласан байна. Энэ үеэр танхай зангаараа алдартай, их аварга Дагвадорж гарынхаа чилээг Засаг дарга Д.Оюунбатаар гаргаснаар баярын арга хэмжээ өндөрлөж байсан удаатай. Энэ мэт их аваргатай холбоотой хэрүүл, зодоон үе үе сонсогддог ч тэгс гээд өнгөрдөг уламжлал хэдийнэ тогтсон гэж болно.
Сүүлийн хэдэн жил дараалан үндэсний их баяр наадмын дараа хүчит бөхчүүд маань “сэргээш”-ийн хэрэгт нэр холбогдож ирсэн. Хамгийн сүүлд буюу Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар тав давж шөвгөрөн “Өсөх идэр” чимэг хүртсэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Б.Соронзонболд, “Улам нэмэх” чимэг хүртсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, улсын начин Ц.Сумъяабэйс нар сэргээшийн төрөлд багтдаг бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Сөүл хотын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Энэ мэтээр манай хэдэн бөхчүүд ард түмний хайрыг даахгүй, тэнэгтэж байна даа.
Ч.ОРГИЛ