Умард Солонгос их удирдагч, мөнхийн эцэг Ким Ир Сены мэндэлсний 100 жилийн ойгоор энхийн зорилгоор хиймэл дагуул хөөргөх пуужин туршина гэж мэдэгдэж байсан. Харин ОХУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсууд үүнийг нь эсэргүүцэж, хэрэв пуужин өөрсдийнх нь газар нутагт орж ирвэл пуужинг агаарт устгана гэж мэдэгдэж байсан. Умардчууд мэдэгдлийнхээ дагуу пуужин хөөргөсөн боловч бүтэлгүйтэж, 90 секундын дараа пуужин агаарт дэлбэрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв хиймэл дагуул төлөвлөсний дагуу хөөргөсөн бол 10 минутанд тойрог замд орж, 20 минутанд мэдээлэл цацаж эхэл ёстой байсан юм. Мөн пуужин төлөвлөсний дагуу хөөрсөн бол Зүүн Хятадын тэнгис болон Филиппины ойролцоо унагах байсан юм. Гэхдээ бүтэлгүйтвэл Өмнөд Солонгос, Япон улсуудын нутаг дэвсгэр дээр унах аюултай байв. Умард Солонгосын хөөргөсөн “Тайподон-2” пуужин нь 98 фийт буюу 30 орчим метр урт, алсын зайн тусгал нь 4,160 миль буюу 6,700 км, хөөргөлтийн эхний 2 үе шатанд шингэн түлш хэрэглэнэ. Харин 3 дахь үе шатанд ямар түлш хэрэглэх нь тодорхойгүй. Технологийн хувьд 1962 оны ЗХУ-ын үеийн техник юм. Тиймээс Япон болон Өмнөд Солонгос ЗХУ-ын үеийн хоцрогдсон технологиор хийсэн пуужин хяналтаас гарч аль нэг улсын газар нутаг дээр унаж магадгүй гэж санаа зовон пуужингийн довтолгооноос хамгаалах систем суурилуулаад байсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хиймэл дагуул хөөргөлт бүтэлгүйтсэний дараа Умардын эрх баригчид эрдэмттэйгээ хариуцлага тооцсон байж магадгүй гэнэ.
Shuum.mn
Shuum.mn