logo
Зохих тайлбар, мэдээллийг олон нийтэд даруй хүргэхийг шаардлаа

Зохих тайлбар, мэдээллийг олон нийтэд даруй хүргэхийг шаардлаа

2012/04/14
2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулсантай холбогдуулан МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргаснаа Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээллээ.
Уг мэдэгдэлд “АТГ иргэн Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасныг прокурорын байгууллага зөвшөөрч, шүүгч захирамж гаргасан бөгөөд энэ үйл ажиллагаа ЭБШХ-ийн дагуу явагдсан гэж холбогдох албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Гэтэл үүнийг улс төрийн зарим хүчин улс төрийн байр сууринаас тайлбарлаж, түүнд МАН оролцсон мэтээр зориуд мушгин гуйвуулж байгаад харамсаж байна. Энэ шийдвэрийг гаргасан АТГ, прокурор, шүүхийн байгууллагууд нь УИХ, Засгийн газар, улс төрийн нам, хүчнээс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг болохыг тэмдэглэж байна” гэжээ.
Уг мэдэгдэлд мөн “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч, эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна” хэмээн тэмдэглээд энэ үйл явдалтай холбогдуулан улс төрийн зорилгоор элдэв дүгнэлт, тайлбар хийх нь асуудлын үнэн зөвийг олоход саад тотгор учруулж, олон нийтийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлөн нийгэмд бухимдал үүсгэх ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй тул албадан саатуулах ажиллагаа зохион байгуулсан АТГ, шийдвэр гаргасан шүүх, прокурорын байгууллага уг асуудлаар холбогдох тайлбар мэдээллийг олон нийтэд хуулийн хүрээнд цаг алдалгүй хүргэхийг шаардсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш