logo
Шоронгийн харгалзагчийн үүргийг робот гүйцэтгэх үү?

Шоронгийн харгалзагчийн үүргийг робот гүйцэтгэх үү?

2012/04/14
Шоронгийн харгалзагчийн үүргийг гүйцэтгэх чадвартай анхны роботыг нэг тэрбум воны төсөвтэй төслийн хүрээнд зохион бүтээжээ. Робот хоригдлуудын зан байдлыг ажиглаж, аливаа зөрчил гарсан тохиолдолд энэ тухай мэдээллийг хяналтын төв рүү шууд дамжуулдаг байна. 1.5 метр өндөртэй роботыг гол төлөв шөнийн цагаар ашиглана. Өмнөд Солонгост төвтэй Asian Forum of Corrections байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирээдүйд шоронгийн аюулгүй байдлыг хангахад роботыг ашиглах аж. Энэ байгууллагын тэргүүн, профессор Ли Байк-Чул ярихдаа "Энэ төрлийн роботыг хоригдлын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, хүнд нөхцөлд ажилладаг харгалзагчдын ажлын ачааллыг бууруулах  зорилгоор бүтээсэн" гэжээ.
Харгалзагч роботыг Өмнөд Солонгост бүтээсэн бөгөөд одоогоор анхны туршилтанд оруулж байгаа юм байна. 3D камер болон хүний зан авирыг судлах зориулалттай програм суулгасан робот хоригдлын зүй бус зан авир, зохисгүй үйлдлийг хяналтын төв рүү мэдээлэх чадвартай аж.
Ли Байк-Чул хэлэхдээ "Робот гурван хэмжээст камераа ашиглан хоригдлын бүх үйл хөдлөлийг хянана, хоригдол ямар нэг зүй бус зан авир гаргавал энэ тухай мэдээлийг хяналтын систем рүү дамжуулна, тиймээс харгалзагч нар цаг алдалгүй хүрэлцэн ирж, арга хэмжээ авна" гэжээ.
Шоронгийн албан хаагчид түүнчлэн хяналтын өрөөнөөс гаралгүйгээр роботын утасгүй системийг ашиглан хоригдолтой харилцах боломжтой гэнэ. Робот шоронд бие даан эргүүл хийхээр програмчлагдсан бөгөөд IPad ашиглан роботыг гараар удирдах ч боломжтой. Зохион бүтээгчид дараагийн шатанд хоригдлуудыг нэгжих  чадвартай робот бүтээхээр төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ тийм роботыг ашиглаж эхлэхэд шоронгийн систем хараахан бэлэн биш байгааг тэд онцолж байна. Өмнөд Солонгосын эрдэмтэд робот технологийн салбарт дэлхийд тэргүүлэхээр зорьдог. Тэд сургууль дээр Англи хэл заадаг, Хойд Солонгосын хил дээр харуулд гардаг, таеквондогоор тулалдаж, жүжигт тоглодог, мөн гэр цэвэрлэдэг роботуудыг бүтээсэн билээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш