logo
Д.Баярсайхан: Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу савтай ус шидсэн

Д.Баярсайхан: Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу савтай ус шидсэн

2012/04/16

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан тус байрны жижүүртэй уулзав. Тэрээр Н.Энхбаярыг отож байсан хүчнийхэн 11-ний оройн 19 цаг 50 минутын орчим хүч хэрэглэхийг завдаж байхад нь харсан гэрч юм.

-    Н.Энхбаярын эрх чөлөөнд халдах тэр үед яг юу болсон бэ?

-    Н.Энхбаяр дарга нэг хамгаалагч, жолоочтойгоо гурвуулаа ирсэн. Өөрөө арын суудалд хамгаалагч нь урдаа суусан байсан. Тэгээд орцныхоо ойролцоо зогсоход дөрвөн том биетэй залуу машиныг нь тойрч зогсоод цонхоо онгойлго гэж байгаад жолоочийн талын цонхыг хага цохисон. Би буу барьж байгаад цохичихов уу гэж бодсон. Тэгээд цонхоор нь хоёр гурван гар ороод ноцолдож байгаад хаалганууд нь нээгдэхэд жолоочийг нь чирч унагасан. Хоёр нь Н.Энхбаяр даргыг чирч буулгахад даргыг хамгаалагч үсэрч буугаад ноцолдож эхэлсэн. Гэтэл хаанаас ч юм хоёр хүн гараад ирсэн. Тэгээд хоёр хоёроороо жолооч, хамгаалагч хоёрыг дараад унагачихсан. Харин даргыг хоёр том биетэй залуу чирч, гулдран машин руугаа чихэхийг завдсан. Н.Энхбаяр дарга биеийн тамираар байнга хичээллэдэг болоод ч тэр үү тэр хоёрт хүчрэгдэхгүй машиных нь хаалга руу жийж, бүх чадлаараа тэмцсэн. Тэгээд “Баяраа... жижүүрээ хүн дуудаарай, хүн дуудаарай” гэж орилсон. Тэр хооронд би МАХН-ын төв байр руу утсаар мэдэгдсэн. Дарга хаалга руу жийж байгаад савж унасан юм. Тэгээд зүрх нь өвдсөн юм шиг байна лээ.

   Тэр үед та тэдэнд туслахгүй яагаад хараад байсан юм бэ?

-    Би мухар олгойн хагалгаа хийлгээд удаагүй байгаа. Гэдэс минь цоорхой. Хүнд туслах нь битгий хэл өөрийгөө арай хийж авч явж байна. Гэхдээ би телевиз, түргэн дуудсан.

-    Энэ байранд хэдэн айл байдаг юм. Урд шөнө байрны оршин суугчид ямархуу байдалтай байсан бэ?

-    Урд шөнө энд байсан бүх хүн унтаагүй. Зарим айлын хүүхдүүд цагдаа нар луу савтай ус шидлээ гээд шуугиад байсан. Цоорхой гэдэстэй болохоор нааш цааш гүйгээд учрыг нь сайн олоогүй.   


Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш