logo
Ориг гутал /Шог өгүүллэг/

Ориг гутал /Шог өгүүллэг/

2012/04/14
Хулхи гутал худалдсан хэргээр би гэдэг хүн баларч үзсэн түүхтэй нэгэн. Италид суралцдаг хамаатангийн оюутан залуу хэдэн гутал явуулаад өөртэй ашигтай надад ашигтай хэдэн гутал борлуулаад өгөөч гэж гуйлаа. Харахад сайхан эднүүд... Олон хүн батганы хошуу багтах зайгүй үйлчлүүлдэг худалдааны том төвд лангуутайг хэлэх үү үгийн солиогүй за гээд тавьчихлаа.

Урт түрийтэй, өндөр өсгийтэй хэдэн эмэгтэй гутал, гоё чамин хийцтэй хэдэн эрэгтэй ботинк лангуун дээр гаргаж тавиагүй байхад шахам гараас шүүрээд дууслаа... Үнгийж үрчийсэн хэдэн төгрөгөө индүүдэх нь халаггүй тэнийлгэн тоолж суутал албаны байрын дэгжин нөхөр ааг амьсгаагүй гүйсээр орж ирээд,

-Цагдаад очно доо , чи яахаараа хуурамч хятад гутал итали гээд зарж байдаг бүдүүн зүрхтэй амьтан бэ? Май энийгээ хар гээд шинээрээ будаг нь ховхорч, хөлд орж байгаа хүүхдийн элээсэн гутал шиг майжийсан юм өмнө минь гаргаж ирлээ.

-Муусайн луйварчингууд ийм аргаар л мөнгө олдог биз дээ? Харваас хүний өөдөөс харж чадахгүй гөлөг гөлөг хийгээд, чи ер нь нилээн лоохуутай эр байна. Цагдаад өгч шалгуулна даа гээд бөөн хэл ам болов. Хэдэн төгрөгийг нь үрэх нь битгий хэл тоолж ч амжаагүй сууж байсан  би ичсэн хүн ална гэдэг шиг,

-Май энэ мөнгөө ав, би яаж мэддэг юм бэ? Италиас таньдаг хүүхэд явуулсан... итгэхгүй байгаа бол шуудангаар ирсэн, хүлээж авсан, гаалийн татвар төлсөн бичгийг нь хар гээд овгосхийлээ. Хэдэн төгрөгөө бүрэн бүтэн авсандаа сэтгэл нь бага зэрэг тайвширсан эр,

-Энэ удаа цагдаад бариулж муугий чинь үзсэнгүй шүү. Дараа иймэрхүү үйлдэл гаргавал шоронд хатааж, шонд дүүжилнэ шүү гэж занаад алга болов. Түүнийг явав уу үгүй юү хоёр авгай байдагаараа орилсоор ирээд,

-Энэ хүн мөн байна. Таны зарсан гутлууд чинь бүгд хулхи гутал байна. Өсгий нь мултраад,үдээсээрээ тасарчихлаа гэв.

-Мөнгөө буцааж ав даа... яах аргагүй л италиас ирсэн гутал. Гаалийн бичиг нь байна...
Нөгөө хоёр хүүхэн санасаныг бодвол намайг чичлээд, урж тасдаад хаячихсангүй. Шуудангийн бичиг үзэж толгой сэгсрээд, мөнгөө эгүүлж аваад одов. Тэднийг хамар өндийв үү нэг цагдаа дагуулсан, овоо хэдэн гутал бөөндөж авсан туранхай өндөр хүүхэн тас намжирдаад,

-Аймаар муухай хүн юм аа. Италийн ориг гэж байгаад хулхи гутлаа бөөндсөн шүү дээ гээд уйлагнав. Миний муухай сайхан ч өнгөрч. Хэдэн гутлаас болж шоронд орох юм биш байгаа гэсэн айдас өөрийн эрхгүй хоолойг минь багалзуурдан авав.

-Өршөөгөөрэй, миний таньдаг хүүхэд Италид сурдаг юм. Тэрний л явуулсан гутал шүү дээ. Тэрнээс биш би хятадын гутал оруулж ирж зардаг хүн биш гэж  биеэ өмөөрлөө.

-Өршөөгөөрэй гэнүү? Ямар муухай хүн бэ? Тавлаад байгаа юм уу?Энэ хүнийг би заавал цагдаад аваачиж шалгуулнаа гээд мөнөөх хүүхэн хоолойгоо сааралтуулан хэлэхэд танил нь бололтой цагдаа муухан мушийгаад,

-Иргэн та энэ гутлуудаа боож аваад надтай хамт цагдаагийн хэсэг дээр очно доо гэж захирангуй тушаалаа... Цагдаагийн хэсэг дээр бүртгэж дуусаад,  шинээр хавтаст хэрэг нээлээ. Санаатайгаар хүн хохироосон хэргээр зүйл анги сонсоно гэнэ

-Хохироосон ч юм алга.  Мөнгий нь буцаагаад өгчихсөн. Харин миний гутлуудыг хэн буцааж шинэ болгож өгөх вэ?

-Та урд нь цагдаад байцаагдаж үзсэн үү?

-Буруу хойшоо, үгүй

-Өөрөө хүн хараагаад байна уу?

-Хараалыг нь мэдэхгүй. Манай эмээ л ингэж ярьдаг байсан юм

-Мэдэхгүй юмаа хамаагүй битгий ярьж бай... Ялангуяа цагдаагийн ахлах дэслэгч хүний өөдөөс...

-Надад одоо цагдаа доромжилсон зүйл анги нэмэгдэх үү?

-Та битгий үймүүлээд байгаарай. Таныг адраад байвал хорьчихно шүү

Та зүгээр энэ гутлуудыг хятадын аль хотоос авсанаа мэдүүлээдэх. Мэдээж хуурамч гутал авсанаа мэдэхгүй гэж мэлзэнэ биз дээ.Та үүнийг маш сайн мэдэж  байсан. Хямдхан ч аваа биз. Яаж хүн хуурч, яаж ашиг олох уу гэдгээ сайн төлөвлөсөн . Тийм үү?

-Италиас шуудангаар ирсэн бичиг байна шүү дээ

-Ийм юмыг ямар ч хүн хийж чаддаг болсон цаг үе...

-Лангуу түрээсэлж, амиа зогоодог хүн ийм юм юу гэж хийх вэ. Хаашаа зугтах вэ?

-Зугтнаа... Зальдаж луйвардаад эх орноо “хаяад” дүрвэдэг цаг шүү дээ... Гадаад паспорт чинь хаана байна? Хэзээ “урагшаа” явсаныг чинь тогтооно доо...

-Ёо ёо ёстой хийцэлж байх шив дээ. Тийм бол амархан нэг арга байна. Таны нетэд ороод тэр хүү рүү захиа бичье. Эндээс зургаан цагийн зайтай юм. Хичээлээ давтаж байх ёстой.

Мэргэн санаа олсоныхоо төлөө өөр нэг хүнийг цагдаад байцаагдах ажилтай болгов уу даа. Дэслэгч ширүүн дуугаар,

-Бөөс минь чи аятайхан сураад явж чадахгүй... Хуурамч гутал явуулаад...  наймаа хийж байгаа гээд мөрөөдчихжээ ... Хаанаас авсанаа үнэнээр нь бич гэж байна. ”Би энд италид сурдаг оюутан. Худлаа хэлэхгүй. Наполь хотын гутлын зах дээрээс авсан юм. Итал орноос итали гутал л явуулна биз дээ?  Бээжинд байгаа биш ” ”Танай наана чинь хятадууд их үү? ” ”Хятадгүй газар гэж байдаг юмуу? Дүүрэн хятад бий. Бас зах, дэлгүүрүүд ч байна”

-Өө, ойлгомжтой. Хятадуудаас аваад италиас явуулдаг... Бас санадаг санаа...

Та нар хүн мэхлэхийн тулд зориуд санаачилж сэдсэн ажил байна шүү дээ

Италийн мафуудаас дажгүй “суралцаж” байгаа юм байна... Маргаашаас хар тамхины асуудлаар шалгана. Наад гутлуудыг чинь шинжилгээнд өгнө. Гутал дотроо юу хийж явуулдагыг чинь мэдэх болноо.

Харин таныг хорихоос өөр аргагүй боллоо гэж тун эелдэгхэн хэллээ... Гутал дотор юу байдаг билээ хэвийг нь алдуулахгүй гэж чихсэн зөөлөн цаас л байсан шүү дээ. Тэгээд ч тэр гутлын зах дээр үйлдвэрийн гологдол, хамгийн чанаргүй гутлаа зардаг ч юм билүү, мань мэтийн гадаадыг шүтсэн улсад “хямдхан” үнэтэй нь л чухал байсан байж таарна. Италичууд бас хятадууд шиг “хулхи” гутал “хийдэг”-ийг Монголын цагдаа илрүүлээд, комиссар Катано болчихгүй шүү дээ. Олон зуун жилээр уламжлагдсан “Наймаалж”-ийн  сүлжээг дүүргийн нэг ахлах дэслэгч гаргаж тавиад Итали-Монголын гутлын мафчдыг  барилаа гэвэл түүн шиг худлаа юм энэ дэлхийд байхгүй. Мафийн “толгойлогч” Сильвио Берлускини агаадаа хэлэх сэн. Сэрүүн зүүдэлж дээ, нөхөр ахлах дэслэгч ээ... Намайг барьсаныхаа төлөө ахмад болохыг чинь харъя... Гартаа гав зүүлгэж байхдаа би дотроо ийн “үгэлж” байлаа.

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш