logo
Шударга ёсыг МАН тогтоодоггүй

Шударга ёсыг МАН тогтоодоггүй

2012/04/16
Ардын намын үүрэг даалгаврыг гүйцэтгэж, Александр Матрасовийн үүргийг гүйцэтгэсэн өмгөөлөгч нар шүүх байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийснийхээ төлөө хуулийн дагуу хариуцлагаа хүлээв.
Долдугаар сарын 1 гэх дуулиант хэргийг тойрсон хариуцсан ажилдаа хариуцлагаггүй хандсан дөрвөн дарга, хорвоогоос зуурдаар буцсан дөрвөн халуун аминий аль илүү үнэ цэнэтэй вэ гэсэн асуултад Шүүх байгууллага сонгуулиас өмнө эцсийн хариуг өгнө гэдэгт ард түмэн итгэж байна.
Онц байдал зарласан тэр өдрүүдэд цагдаагийн байгууллага ард түмнээ өмгөөлөх, улс эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах, үймээн самуун даамжирахаас сэргийлэх үүрэг хүлээж байсан. Хуулиараа ч тийм л үүрэгтэй. Гэтэл жирийн иргэдийг гэртээ харих гээд, юу болоод байгааг ойлгох сөгөөгүй явахад нь ангуучлан хөөж буудсан гэмт хэргийн эзэд хэн бэ. Энэ хэргийг үйлдэх үед Цагдаагийн байгууллагыг хэн толгойлж байв. Яагаад шууд удирлагадаа байгаа хүмүүст тушаал, заавараа ойлгомжтой өгч, чанга гараар захирсангүй вэ.
Үүнд л ард түмэн хариулт нэхэж байна. Гэтэл Ардын намынхан дундуур нь гүйж орон хуулийг шүүхийн өмнөөс тайлбарлах, тайлбарлуулах оролдлого хийх шаардлага байсан гэж үү. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр талбай болон түүний ойролцоо явж байгаад камерийн дуранд өртсөн иргэдийг хоморголон баривчилахад Ардын нам хаана байв аа. Шүүхийг эрх мэдлийнхээ хүрээнд дарамталж, уснаас хуурай гарахын тулд камерт өртсөн бүхнийг баривчлуулж, дахин хэлмэгдүүлэлт явуулж, хүний эрхийг хөсөр таягдан ард түмнээ буруутгахадаа үл гэмшсэн Ардын нам өнөөдөр албан ажилдаа хариуцлагаггүй хандсан дөрвөн даргын хэргийг шүүх болохоор юунд эмээж, эмзэглэж, өмгөөлж, хамгаална вэ.
Хийсэн хэрэггүй байтлаа гэртээ хүрэх замдаа цаг бусаар хорвоог орхисон дөрвөн халуун амь өнөөдрийг хүртэл биднийг хэн хөнөөв, үүнд хэн хариуцлагаггүй хандав гэдгийг нэхсээр байна. Даргын албан тушаалд тухалж, бүхнийг захирах болохоороо дарангуйлагчийн дүрд хувирдаг, хариуцлага нэхэхээр самарч болох бүхэнтэй зууралдаж, нам нь хүртэл бусдыг золиослон байж, ямар ч үнээр хамаагүй уснаас хуурай гаргах гэж оролдож байгаа нь бохир намаг балчигт шигдэгсэд бохир заваанаар бүхнийг шийдэхийг хүсдэг хамгийн тод жишээ болж байна.
Тэд шүүхийг бохирдуулж, хуулийг завхруулж, эрх мэдлийг өөрсөдөдөө ашигтай, ард түмэнд чанга хатуугаар мөрдүүлэхийг хүсч байна. Өмгөөлөгчидийг ч тэд дөрвөн даргаа уснаас хуурай гаргахын тулд шахаж, дарамталж, хэлмэгдүүллээ. Хэлмэгдүүлэлт, намын шахалт, дарамт үргэлжилсээр байгааг “Дөрвөн даргын шүүх хурал” ил тодоор харуулж байна.
Монголын ард түмэн, ардчилалд, шүүх байгууллагад МАН дарамт шахалт үзүүлж буй үйлдэлээ таслан зогсоохгүй бол Ардчилалд аюул учирч байгаад, хууль ёс шударгаар хэрэгжих үйл явцад саад бэрхшээл үүссээр байгаад аюулын харанга дэлдэхээс өөр аргаггүй байдалд хүрээд байна.
Цагдаа нар нь тушаалаар хүн буудсан гэдгээ хүлээгээд байх. Үүнийг нь УИХ-ын гишүүд нь хүртэл баримт гарган дэлгээд байх. Гэтэл Ардын намын угшилтай л бол тухайн албан тушаалыг хашиж байх үедээ эрх мэдэлдээ эрдэн буруу тушаал өгсөн байсан хуулиас гадуур эрх эдлэх гээд л зүтгээд байх.
Дөрвөн даргын мууг үзэж, уйлуулж, заавал шоронд хорьж, ард түмний өмнө нүцгэлэх гэсэнгүй. Хамгийн гол нь хууль ёс шударгаар хэрэгжиж, шүүх байгууллага бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, ард түмэн ч, албан тушаалтан ч, намын баатар ч бай бүгд ялгаагүй хуулийн өмнө иргэн хүн л байх ёстой. Энэ шударга зарчимыг л ард түмэн хүсч байна. Дарга нарыг шүүх болохоор өмгөөлөгчид нь хүртэл ажил хаяад л, шалтаг тоочоод л, Ардын нам нь “буруугүй” гэсэн бичиг шидээд л бүхнийг шийдээд байдаг бол Монгол Улсад хууль, шүүх байгууллага, ардчилсан нийгэм хэрэгтэй гэж үү.
Үнэнийг хүссэн ард түмэнд намын бус, өмгөөлөгчийн бус Шүүх байгууллагын эцсийн шийд хэрэгтэй. Үүний дараа л шударга ёсны тухай бүгдээрээ ярилцах боломж бий болно. Шударга ёсыг МАН тогтоодоггүй гэдгийг эцэст нь хэлэхэд илүүдэхгүй байх аа.     

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш