logo
Шакира Колумб хүүхдүүдэд гар сунгалаа

Шакира Колумб хүүхдүүдэд гар сунгалаа

2012/04/16
Колумбын алдарт поп дуучин Шакира эх орондоо ирж, хүүхдийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн нээлтэд оролцлоо. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр таваас доош насны орон гэргүй 6.000 орчим хүүхдэд тусламж олгох юм байна. Хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцодгоороо алдартай дуучин Колумб даяар 13 салбар төвтэй 'First Things First' байгууллагын ажил үйлсийг магтан сайшаажээ. Шакира хэлэхдээ "6200 хүүхэд чанартай боловсролын үр шимийг амсах болно, хүүхдүүдэд багаас нь анхаарал хандуулах нь тэдний амьдралд хамгийн чухал нөлөөтэй" гэсэн байна. 
Поп од өөрийн төрсөн хот болох Барранкилад очсоныхоо дараа хойд, өмнөд Америкийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, Колумбын төрийн дууллыг дуулна. Мөн тэрээр Америкийн ерөнхийлөгч Барак Обамтай уулзахаар төлөвлөжээ.
Шакира нэрээрээ алдаршсан Шакира Изабель Мебарак Риполл  1977 оны хоёрдугаар сарын хоёронд төржээ. Тэрээр 1990-ээд оны дундуур Латин Америкийн хөгжмийн ертөнцөд тодрон гарч ирсэн  дуучин,  ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, сайн үйлстэн юм. Колумбын Барранкилла хотод төрж өссөн Шакира дунд сургуулийн сурагч байхаасаа өөрийн хоолойн чадавхи, рок-н-ролл, латин, Ойрх Дорнодын нөлөө орсон өөрийн араб бүжгийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байсан байна. Түүний төрөлх хэл испани  бөгөөд англи, португал, итали хэлээр чөлөөтэй ярьдаг.   
BMI компанийн тооцоолсноор Шакирагийн 60 сая гаруй цомог дэлхий даяар борлогдсон бөгөөд тэрээр Колумбын түүхэн дэх хамгийн өндөр амжилт гаргасан дуучин юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш