logo
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй

2012/04/16
Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд
Монгол Улсын Ерөнхий сайд
С.Батболдын хэлсэн үг

Монгол Улсын барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг тохиолдуулан улс орны бүтээн байгуулалтад гар бие оролцон хөдөлмөрлөж байгаа нийт барилгачид, барилгын салбарын алдар гавъяатан, ахмадууд, эрхэм хүндэт төлөөлөгчид, ноёд хатагтай та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Сүүлийн жилүүдэд манай орны барилгын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжиж, гүйцэтгэсэн барилга угсралт, зураг төслийн ажил, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж  байна. Өнгөрсөн 2011 онд 450.6 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсэн 2010 оны гүйцэтгэлээс даруй 99.8 тэрбум төгрөгөөр буюу 28.5 хувиар өсчээ. 2011 оны жилийн эцсийн байдлаар барилгын салбарт нийт 2130 аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, тэдгээрт ажиллагсадын тоо дөчин мянга гаруйд хүрлээ.
Энэ нь барилгын үйлдвэрлэл эрчимжиж, улсын хөгжилд салбарын гүйцэтгэх үүрэг, оруулж байгаа хувь нэмэр үлэмж өсч байгааг  харуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл болон орон нутагт 100 мянган айлын орон сууц барих төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогод ахиц дэвшил гаргах” зорилтыг дэвшүүлж Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “100 мянган айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимтэй өрнүүлж байна. 2011 онд хөдөө, орон нутагт 392, Улаанбаатар хотод 9443, улсын хэмжээнд нийтдээ 301.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, 562309.3 м2 талбай бүхий 9835 айлын орон сууцны , нийтдээ128 барилга ашиглалтад оржээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийг гардан хэрэгжүүлэгчид нь манай барилгын салбарын нийт ажиллагсад, хамт олон билээ.
    
Монгол хүн эрүүл, боловсролтой байж орлого олж, бүтээлч амьдрахад зайлшгүй шаардлагатай нэг “материаллаг” хөрөнгө бол орон сууц юм.  Орон сууцтай болох нь хувь хүн болон гэр бүлд “хувийн бусад хөрөнгө”-ийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэж хувь хүн, өрхийн амьдрал сайжирвал улс үндэстний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлнө.
Иймээс Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах үйлсэд ихээхэн анхаарч,  ажиллаж байгаа бөгөөд үүнд “100 мянган айлын орон сууц” төслийн үйл ажиллагаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ.  Энэхүү төслийг 2016 он хүртэл хэрэгжүүлснээр зөвхөн хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилтыг биелүүлээд зогсохгүй бага, дунд орлоготой иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, барилга, орон сууцны үйлдвэрлэл, угсралтыг нэмэгдүүлэх, барилгын материалын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, барилгын салбарын мэргэжилтэй ажилчдыг сургаж бэлтгэх, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тогтолцоог хөгжүүлэх, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийг бий болгох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэнэ.
Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэс дараатай бодлогын арга хэмжээнүүдийг авахад онцгой анхаарч, холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гарган ажиллаж байна.
Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолоор “100 мянган айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд барих 79486 айлын, 2012 оны 82 дугаар тогтоолоор 47537 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг тус тус баталж, 2016 он хүртэлх хугацаанд нийт 127023 айлын орон сууцны барилга, хотхон, хорооллыг баригдахаар боллоо. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ихээхэн дотоод нөөц, боломж байгааг бидэнд илтгэн  харуулж байна. 

Монгол улсын хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 85 дугаар тогтоолоор иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг 6 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж,  2012 оны 55 дугаар тогтоолоор иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 200.0 тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрч, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргалаа. Ингэснээр иргэдэд 20 хүртэл жилийн хугацаатай, 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг авч орон байрны нөхцөлөө сайжруулах боломжийг олгосон төдийгүй орон сууцны зах зээлд дэх эрэлтийг дэмжиж, урт хугацааны хөнгөлөлттэй орон сууцны зээлийн тогтолцоог бүрдүүлэх эхний алхмыг хийлээ. Өчигдөр Төрийн банкинд дээр анхны зээлдэгч нарт зээл олгох үйл ажиллагааг албан ёсоор нээж, бодитоор хэрэгжих эхлэлийг тавилаа.
Түүнчлэн 2012 оны 54 дүгээр тогтоолоор орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдийн жилийн 6 хувь хүртэл хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлээр худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 55м2 –аар тогтоосон нь иргэдийн орон сууц худалдан авах сонголтыг 3 хүртэлх өрөө сууц болгон нэмэгдүүлж, тохилог ая тухтай орчинд амьдрах боломжийг бүрдүүллээ.
 “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд орон сууцны цогцолбор хорооллуудыг барих, гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2011 оны 149 дүгээр тогтоолоор эхний ээлжинд Баянголын ам, Буянт-Ухаа, Яармаг, МҮОНРТ-ийн орчмын орон сууцны хороолол, 7, 14-р хорооллын цахилгаан, цэвэр, бохир ус, дулаан хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэхэд зориулан нийт 408.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Ийнхүү гэр хороолол болон шинээр барилгажих талбайд орчин үеийн орон сууцны хорооллыг барьж байгуулснаар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг багасахад чухал нөлөөг үзүүлэх болно.
Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, барилга угсралтын ажлын хэмжээ нэмэгдэн барилгын материалын хэрэгцээ өсөж байгаатай уялдуулан материал хийц, эдлэлийн чанар, аюулгүй байдал, бат бэхийг шинжлэн тогтоох лабораторийг байгуулах хөрөнгийн асуудлыг Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.    
Ерөнхий сайдын 2011 оны 12 дугаар захирамжаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, салбар дундын болон төрийн захиргаа, нутгийн захиргааны байгууллага хоорондын уялдааг хангаж шуурхай зохицуулах, зохих хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх үүрэг бүхий Үндэсний хороог байгуулж, Шадар сайд М.Энхболдоор ахлуулан ажиллуулж байна.

Гэвч иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэнтэй холбогдон  энэ оны гуравдугаар сарын байдлаар “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа болон захиалга авч байгаа орон сууцны барилгын 1м2 талбайн худалдан борлуулах дундаж үнэ 1.570.8 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 292.5 мянган төгрөгөөр буюу 22.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнийг судлан шалгаж үзэхэд барилгын компаниуд нь зах зээлд дэх эрэлтийн өсөлтийг далимдуулан бодит бусаар үнээ хөөсрөлттэй тогтоож байгаа дүгнэлт гарлаа. Өнөөгийн байдалд эрх бүхий байгууллагуудаас барилгын нэгж талбайн төсөвт өртөг, барилга угсралтын ажлын үнийн индексийн дагуу орон сууцны барилгын 1м2 талбайн өртгийг тооцоход дээд тал нь 1193,0 мянган төгрөгт багтаж байгаа бөгөөд барилгын захилагч, гүйцэтгэгч компаниудын ашиг 20 орчим хувиар орж тооцогдсон.      
Үүнд барилгын захиалагч, гүйцэтгэгч нар дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж хариуцлагатай хандах шаардлагатай байгааг энд онцлон хэлэхийг хүсч байна.     

Цаашид “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, орон сууцны хотхон, хорооллын инженер/цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбоо/-ийн хангамжийн түгээх гол шугам сүлжээг төлөвлөх, барих ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт улсын төсвөөс тухайн ажлын санхүүжилтийг буцаан олгох асуудлыг боловсруулж байна.
 Мөн Засгийн газраас хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөгжлийн банкаар дамжуулан зээлийн баталгаа гарах, тусгайлсан орон сууцны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох банк, санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

“100 мянган айлын орон сууц” төсөлд тусгасан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэйг энд зориуд цохон тэмдэглэж, идэвхи санаачилга гарган дэмжиж оролцохыг та бүхэнд уриалж байна. 

Барилгачин та бүхний ажил үйлс дэлгэрч, барилгын салбар амжилт бүтээлээр арвин байх болтугай.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш