-Таны нөхрийг авлига, албан тушаалын хэргээр хориод байна. Гэр бүлийнх нь хүний хувьд таны үгийг сонсмоор байна?
-Би өөрийнхөө зүгээс байр сууриа илэрхийлсэн. Миний нөхрийг барьж хорьсон асуудал нь ардчилсан нийгмийн хэлмэгдүүлэлт мөн. Ингэж үзэхээс ч аргагүй байдлаар баривчилсныг та бүхэн харсан байх. Шөнөжин гэрийн гадна бужгиналдаж, гэрийн хаалга үүд эвдэж орсон шүү дээ. Одоо ч бодогдоод байна. Хэцүү л юм болсон. Нөхөр маань нэгэнт шударга ёсны төлөө үг дуугарсан болохоор эргэлзээ төрүүлэх нь гарцаагүй. Удахгүй суллагдана биз дээ. Мэдээж хэрэг, болж өнгөрсөн хэрэг явдал туйлаас хүнд асуудал. Одоо ч сэтгэлд хар юм тээглээд хэцүү байна. Гэр орон эвдэж, сүйтгэсэн байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан учраас энд давтаж ярих нь илүүц биз. Зарим эвдэрч, хэмхэрсэн эд зүйлсээ одоо ч засч амжаагүй л байгаа.
-Та улстөрч хүний эхнэр. Н.Энхбаяр гуайн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч зүгээр суусангүй. Улстөрд эргэж орохыг нь та дэмжиж байсан уу?
-Улстөрч, тэр дундаа төрийн тэргүүн байсан нөхрийнхөө ажил хэрэгт эхнэр нь орооцолдоно гэж юу байх вэ. Айлчлал, хүндэтгэлийн арга хэмжээнд хүртэл зэрэгцэж бус, ард нь явдаг байсан. Миний зүгээс нөхрийнхөө ажилд оролцоод байх шаардлага байхгүй. Бид гэр дотроо ч тэр, аль болох улс төрөөс ангид байхыг хичээдэг. Нөхөр маань ч гэртээ ирээд ажлаа ярихгүйг эрмэлзэнэ. Мэдээж хэрэг, эр нөхөртэйгээ улс оронд тохиолдсон зарим нэг асуудлаар ярилцах, лавлаж асуух зүйл гарна. Тэр нь нэг их олон тохиолдоогүй байх аа. Бидний яриа ихэвчлэн асуудал юунаас үүссэн бэ, хувь хүний зүгээс үүссэн үү, монгол хүний хувьд ийм алхам хийчихэв үү, эсвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарц нь зөв байсан уу гэх мэтээр лавлаж асуудаг. Түүнээс биш хийх ажил, хэлэх үгийг нь зааж, зааварлаж яваагүй. Хэвлэл, мэдээллээр элдэв мэдээлэл гардаг ч бидний хэн, хэн нь ач холбогдол өгч, энэ талаар үнэн худал гэж ярьж явдаггүй. Манай нөхрийн хувьд үр хүүхдэдээ сайн аав нь байхыг хүсдэг, жирийн нэг өрхийн тэргүүн. Энэ байр сууринаас гэр бүлдээ хандана. Гэрээс гараад улс төр, төрийн тэргүүнийхээ байр сууринааас асуудалд ханддаг хүн. Гэртээ бол хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаардаг тийм л нэг энгийн аав.
-Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа ном, зохиолоо бичээд явсан бол эрх баригчдын бай болохгүй байсан гэх юм?
-Би асуудалд дүгнэлт хиймээргүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгаад ном, зохиолоо бичиж, тайван амьдарна гэж ярьдаг байсан. Гэвч энэ улсын төлөө хийх зүйл байна, шударга бус зүйлийн төлөө тэмцэх сэтгэл нь илүү байсан болов уу. Орчуулагч, судлаач, зохиолч хүн учраас энэ талын ажлаа хийгээд явах боломж байсан. Гэхдээ улстөрчийн хувьд энэ замаар өөр хийх зүйл их байгаа учраас энэ замыг сонгосон.
-Таны нөхөр өдгөө МАХН-ыг тэргүүлж байна. Мэдээж нөхрийнхөө үйл хэргийг дэмжиж байгаа байх?
-Миний хувьд тусдаа нам байгуулсан цагаас эхлээд нэг ч удаа намынх нь асуудалд оролцож байгаагүй. Нэг ч удаа намынх нь байраар орсонгүй. Ер нь нөхрийнхөө үйл хэргийг сэтгэл санаагаар нь дэмжээд явна уу, гэхээс өрөө байраар нь орж гараад явах нь зохимжгүй. Улс төрийн амьдралд нь ийм л байр сууринаас хандсаар өдийг хүрсэн дээ. Харин өчигдөр “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” ном нь хэвлэлтээс ирсэн гэж дуулаад, үзмээр санагдаад намынх нь байран дээр анх удаа очлоо. Нөхрийн минь хийж бүтээх гэсэн үйл хэргийг дэмжиж байгаа намын нөхдөд нь үргэлж баярлаж, талархаж явдаг юм. Улстөрч хүний гэргий нарын онцлог юм уу даа.
Тэрбээр нөхөрт нь үүсгэсэн Эрүүгийн хэргийн талаар ярьсангүй, “Шударга үнэн ялна гэдэгт итгэж байгаа” гэснээр яриагаа өндөрлөв.