Учир нь Өмнөговийн Овоот толгойн нүүрсний ордыг эзэмшигч Канадын “Айвенхоу майнз лимитед”-ийн охин компани “Саус гоби ресурсес” хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид заржээ. Энэ орд нь Өмнөговийн нүүрсний бассейны үргэлжлэл, Монголын стратегийн орд болох Нарийнсухайтын нэг хэсэг юм.
Нэг ордыг хятадууд авлаа гээд яавал л гэж, цаана нь Нарийн сухайт, 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн орд байхад сүржигнээд гэж бодож байгаа хүн байхыг үгүйсгэх аргагүй. Энэ нь яагаад тийм чухал асуудал болж хувираад байгааг тайлбарлахыг оролдоё.
Нийлүүлэлт дээр нь эзэн суухын ач холбогдол
“Чалко” нь дэлхийн уул уурхайн салбарт хүч түрэн орж ирж буй Хятадын төрийн өмчийн “Чайналко” группын охин компани. “Дорнын луу” хэмээх эрхэмсэг тодотголтой “Чайнолько” групп Монголын өмнийн говийн баялагт эзэн суух санаархал нь олон зүйлээс ажиглагддаг. 2009 онд доо.
Рио Тинто компани Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагч байв. Тэр үед Хятадын 100 хувь төрийн өмчит “Чайналко” Рио Тинто компанийн хувьцааны тодорхой хэсгийг 19 тэрбум ам.доллараар худалдан авахаар гэрээ хийсэн юм. Гэтэл австраличууд дургүйцэж, Засгийн газрынх нь түвшинд яригдаж, Австралийн “Гадаад хөрөнгө оруулалтыг хянах хороо” хэлэлцээд гэрээг цуцлах шийдвэр гаргаж байлаа. Австраличууд бахархал болсон “Рио Тинто” группынхээ тодорхой хувийг хятадуудад эзэмшүүлэхгүй гэж шийдсэн учир Рио Тинто Хятадын “Чайналко” –д 195 сая ам.долларын торгууль төлөөд салж байв.
Бүтээгдэхүүнийг нь гол худалдан авагч нь Рио Тинтогийн том хувь эзэмшигч болбол үнийн монополь тогтож ашиг орлого буурахаас гадна улс үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж болгоомжилсон биз ээ. Хэрэв тэр үед Рио тинтогийн тодорхой хувь нь хятадын төрийн өмчийн “Чайнолько”-гийн мэдэлд шилжсэн бол одоо Оюу толгойн ордын нэг том хувь эзэмшигч нь хятадын компани байх байлаа.
Энэ алхам нь бүтэлгүйтэнгүүт өөр арга саам эрэлхийлж байсан удаатай. Ноён Фрийдландтай сайн харилцаатай учраас ярилцаж тохирон Оюу толгой төсөлд хөрөнгө оруулж, Рио тинтогийн эзэмших хувийг бууруулах гэж оролдоод бас бүтэлгүйтсэн гэдэг.
Харин энэ удаад Фрийдландад харамгүй мөнгө цацаж найман сумын нутгийг хамрах газарт нөөцтэй Овоот толгой, Сүмбэр-Билүүт ордуудыг гартаа орууллаа. Залгаа Цагаан толгойн орд ч хятадын компанийн мэдэлд оржээ.
Нэг зурвас дагасан байршилтай энэ гурван ордод агуулагдаж байгаа нөөцийн хэмжээ Ухаахудагийн нүүрсний нөөцөөс илүү. Ордуудын судалгааг 250-300 метр гүн хүртэл гүйцэтгэсэн учир гүн рүүгээ арвин нөөцтэй, ойролцоогоор 300 сая тонн нүүрс нэмэгдэх боломжтой гэж геологчид дүгнэдэг юм билээ.
Манай улс нүүрсний асар их нөөцтэй. Хамгийн том худалдан авагч нь Хятад. Кокжсон нүүрсээ Япон, Солонгос руу гаргаж үнэ хүргэнэ гэдэг ч хоёр хөршийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тээвэрлэхээс аргагүй. Эрчим хүчний нүүрсээ бол дотооддоо цахилгаан станц барьж ашиглан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна хүссэн хүсээгүй өмнөд хөршийн зах зээлд нийлүүлнэ.
Тэгэхээр нүүрс нийлүүлэх, худалдан авах эрх нэг гарт төвлөрвөл үнэ өснө гэж горьдож их ашиг олно гэж найдах аргагүй болно. Хятадын хилээс 50 хүрэхгүй км газарт байрлах 600 сая тоннын нөөцтэй нүүрсний орд газруудыг Хятадын төрийн өмчийн “Чайнолько”-гийн охин компани “Чалко” мэдэлдээ оруулахаар гэрээ байгуулаад байна.
Дээрээс нь стратегийн 15 ордын нэг, нөөц ихтэй Нарийн сухайтын нүүрсний ордыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЧинхуаМак- Нарийн сухайт” компани Тогтвортой байдлын гэрээгээр ашиглаж байгаа. Зарим эх сурвалжийн мэдээллээр энэ ордын 50 хувийг хятадууд гартаа оруулсан гэдэг. Энэ нь үнэний ортой байх магадлалтай.
Мөн Таван толгойн ордыг эргэлтэд оруулахаар хамгийн нөөц ихтэй баруун Цанхи дээр нь гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахаар Засгийн газраас төсөл боловсруулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхэд Төрийн тэргүүн “Түүхий байна. Нэг орны хөрөнгө оруулалт гуравны нэгээс давсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн зарчмыг зөрчиж байна” хэмээн буцааснаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Тэр төсөлд Таван толгойн Баруун цанхийн 40 хувийг Хятадын Шинхуа энержид эзэмшүүлнэ гэж тусгасан байсан юм.
Ингээд үзэхээр Монголын нүүрсний зах зээлийг хятадууд гартаа бүрэн оруулах нөхцөл нь бүрдлээ гэдгийг илтгэж байна. Одоо Овоот толгойн нүүрсний ордоо өмнөд хөршийн төрийн өмчийн компанид хориг тавьж чадалгүй алдвал нүүрсний ханш ямар байхыг хятадууд мэддэг болно. Манай орны нүүрсийг худалдан авагч нийлүүлэгч хоёр нэг тал болчихвол монополь үнэ тогтооно. Дэлхийн бүх орон монополь үнээс айдаг. Монополь үнэ зах зээлийн эдийн засгийн үндсийг тасалдаг учраас тэр.
Худалдан авагч, нийлүүлэгч хоёр нэг цэгт төвлөрөхөөр үнийг өсгөхгүй аль болохоор хямд байлгах сонирхол давамгайлна. Тэгээд нүүрсийг үнэгүйдүүлж хямд үнээр урагшаа зөөж Монгол түүх эд бэлтгэгч, дамжлага бааз орон хэвээрээ үлдэнэ. Таван толгой хэмээх “үүцээ” задалсан ч олборлосон нүүрс нь үнэ хүрэхгүй бол хэрхэх нь тодорхой шүү дээ.
Жишээлбэл, хятадууд Овоот толгойн ордыг 100 хувь мэдэлдээ авлаа гэж бодоё. Тэд залгаа орд болох МАК-ийн Нарийнсухайтаас авах нүүрсээ 80 ам.доллар биш 30-ам.доллараар л үнэлнэ, үгүй бол бид Овоот толгойгоосоо 20 ам.доллараар авнө гэхэд арга ядаад хэлсэн үнээр нь борлуулахаас аргагүй байдалд орно. Ингэж л монополь байдал бий болгож хятадуудын аманд гүйгээд орчихдоггүй байхын тулд бодлоготойгоор худалдан авагчиддаа нийлүүлэх эрхийг олголгүй, хазаарлаж байж монголын нүүрс үнэд хүрэх юм.
Тэд манайхаас хямд үнээр авчихаад төмөр зам, усан боомтоор тээвэрлээд Япон , Солонгост 300-400 ам.доллараар худалдана шүү дээ.
Тиймээс монголчуудад “үүцээ” үнэ хүргэхийн тулд Хятадуудын “довтолтоос” хамгаалах хаалт хэрэгтэй байна.
Фрийдландын давхар нүүдэл
Манай улсын урдаа барьдаг Оюу толгойн ордыг эзэмшдэг Канадад бүртгэлтэй “Айвенхоу Майнз Лимитэд” компанийн хувьцааны 51 хувийг уул уурхайн “акул” “Рио Тинто” групп эзэмшдэг болсон. Оюу толгой ордод хөрөнгө оруулахын хэрээр хариуд нь хувьцааг нь нэмж худалдаж авах гэрээг байгуулсан юм билээ. Энэ дагуу өнгөрсөн жил хорт Воб хочоороо алдартай ноён Фрийдландын удирддаг “Айвехоу майнз Лимитед”компанийн дийлэнх хувьцааг худалдан авч удирдлагыг гартаа авсан. 51 хувийн эзэмшигч болохоор шийдвэр гаргах эрх шилжинэ. Энэ утгаараа Монголын Оюу толгой ХХК-ийн том хөрөнгө оруулагч нь Рио Тинто болж, удирдлагын эрх мэдлийг гартаа оруулсан хэрэг.
Зальжин арга, сийрэг ухаанаараа уул уурхайн бизнест одтой яваа Фрийдланд нэг том “үүцээ” үндэстэн дамнасан том корпорацид “алдлаа ” ч дараагийн “өгөөжөө” үнэ хүргэхийг тооцож байсан хэрэг. Тиймээс “Айвенхоу Майнз Лимитэд” компанийнхаа Монгол дах салбарын нэр дээр Монголын өмнийн говийн нүүрсний ордын лицензийг аваагүй. Хэрэв энэ толгой компанийн мэдэлд лиценз нь байсан бол Рио тинто амандаа орсон олзыг түлхээд гаргачихгүй , манайд хамаатай гээд гэдийнэ шүү дээ. Тиймээс “Айвенхоу Майнз Лимитэд” компанийнхаа биш, охин компани болох “Саус гоби ресурсес”- ийнхаа мэдэлд Монголын нүүрсний ордыг байлгах нь ашигтай гэж Фрийдланд давхар бодож нүүдлээ тооцож байсан нь илт.
Канадад бүртгэлтэй “Саус гоби ресурсес” компани нь Сингапурт бүртгэлтэй SGQ Coal Investment Pte. Ltd компанийг 100 хувь эзэмшдэг бөгөөд энэ компани нь Монгол улсад бүртгэлтэй “Саус гоби сэндс “буюу Өмнийн говийн элс компанийг 100 хувь эзэмшдэг юм байна.
Энэхүү “Саус гоби сэндс “буюу Өмнийн говийн элс ХХК нь манай улсын Өмнөговь аймаг дахь Овоот Толгой хэмээх томоохон коксжих нүүрсний орд болон хэд хэдэн орд газрын лицензийг эзэмшиж байна.
Канадын “Саус гоби Ресурсес” компанийн хувьцааны 57.6 хувийг эзэмшигч Канадын “Айвенхоу Майнз” компани 2012 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Хятадын “Чалко” компанитай гэрээ хийж, “Саус гоби Ресурс” компанийн хувьцааг худалдахаар болсон байгаа юм.
Тэгэхээр Фрийдланд “Саус гоби Сэндс”-ийн эзэмшлийн ордыг хятадуудын Монголын нүүрсний зах зээлийг атгах ашиг сонирхолыг ашиглан өндөр үнэ хүргэж зарсан гэсэн үг.
Хятадын төрийн өмчийн “Чалко” компани нь Фрийдландад “Саус гоби ресурс”компанийн нэгж хувьцааг нь зах зээлийн ханшаас 29 хувийн илүү үнээр худалдаж авах саналыг тавьсан гээд бодохоор хэтийг харсан зорилготой гэдгийг илтгэж байна хэмээн хардах үндэстэй.
Яагаад хятадууд Канадад бүртгэлтэй компанийн хувьцааг худалдаж авахаар болов?
Ийм асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа юм. Шууд л Овоот толгойн нүүрсний ордын лицензийг эзэмшиж байгаа Монголд байгуулсан “Саус гоби сэндс буюу Өмнийн говийн элс “ компанийг нь худалдан аваагүй нь учиртай.
Манай ашигт малтмалын хуулиар тодорхой нөхцөл хангасан тохиолдолд лиценз шилжүүлэх зохицуулалт бий.
Тиймээс лиценз шилжүүлэхийн оронд дээрх компанийн хувьцааг худалдан авчихвал гарт шууд гүйгээд ороод ирнэ гэж тооцсон хэрэг. Энэ нь хятадуудад ашигтай. Татвараас бултах сайхан далим болно.
Учир нь Монгол улс Канад улстай давхар татварын гэрээ байгуулсан учир татвөр төлөхгүй бултахад хялбар. Танай Монгол орон чинь Канадтай гэрээ хэлэлцээр байгуулсан учир давхардуулан татвар авах эрх зүйн орчин байхгүй гэж ам таглана. Нөгөөтэйгүүр Монгол дахь лиценз эзэмшигч компанийн гадаад дахьтолгой компанийг нь худалдан авснаар уг ордыг дахин цааш нь дамлан худалдах боломж нээлттэй гэсэн давуу талыг нь ч харгалзсан хэрэг.
Үүнийг бодолцон Хятадын төрийн өмчийн “Чалко” шууд Канадад бүртгэлтэй “Саус гоби ресурсес” компанийн 57.6 хувийг худалдан авахаар гэрээ хийсэн байна. Мөн энэ компанийг 14 хувийг нь БНХАУ-ын Сангийн яамны харьяа Санхүүгийн хөрөнгө оруулалтын корпораци /China Investment Corporation/ эзэмшдэг дээр дурдсан. Тэгэхээр хятадын Засгийн газрын компанийн мэдэлд дээрх компанийн 71.6 хувь шилжих юм. Ингэснээр бүх эрх мэдэлд хятадуудын гарт шилжинэ.
Монголын газрын дорх баялгийг харийнхан зарахад нэг ч төгрөгийн татвар авахгүй гэж үү?
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль эрх зүйн хувьд татвар авах байтугай орд газрыг харийнхан хоорондоо үнэ хаялцуулан худалдахад санал хэлэх ч эрхгүй байна шүү дээ, монголчууд. Дуугүй бай, Монголын Засгийн газарт падлийгүй, илүү долоон үг бүү донгос гээд доромжлуулаад сууж байна.
Биднээс асуу, зөвшөөрөл ав, үнэхээр борлуулах гээд байгаа бол татвараа төл өө гэж гэдийх эрхгүй аясыг нь хараад харзнаж байна. Энэ нь Монголын төрд эрдэс баялгийн талаарх баримтлах бодлого байхгүй байгаагийн илрэл.
Ийм бодлого гаргая гээд УИХ-дээр УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байхад бахь байдгаараа. Ашигт малтмалынхаа тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж ажлын хэсэг гаргаж төсөл боловсруулаад байгаа ч гараас нь гавьтай зүйл гарахгүй байсаар сонгуультай золгох гэж байна.
Өнөөдөр харийнханд “хохь чинь” гэж доромжлуулж суух нь бидний арчаагүйнх. Энэ төрийн түшээдийн унхиангүйнх. Олон түмнээ, эх орноо гэх сэтгэлгүй сайдын элэггүй сэтгэлийнх. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт энэ мэт бодлогын баримт бичгээ гаргах, байгаагаа чамбайруулах, ашигт малтмалын тухай хуулиа чангатгах талаар “а” ч гэхгүй, шахаж шаардахгүй, асуудал боловсруулж оруулж ирэхгүй. Ийм салбарын сайдтай юм чинь яаж ч эрдэс баялгийн хэтийг харсан бодлоготой болох вэ дээ.
Монголчуудын хувьд манайд хөрөнгө оруулаач гэж гуйгаад ч алгаа тэнийлгэдэг хөрөнгө оруулагч олдохгүй хэцүү үе байсан. Тэр үедээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх, лицензийг хязгаарлалтгүй олгох, санал тавьсан орон болгонтой давхар татварын гэрээ байгуулах зэрэг алдаа олныг хийсэн. Гэвч түүнийг засах хугацаа хангалттай байлаа. Сүүлийн дөрвөн жилд ярьсаар ярьсаар 2012 онтой золгов. Харийнхан хууль эрх зүйн цоорхой орчныг ашиглаж лицензийг дамлаж хэдэн зуун саяраар доллар халаасалж, орд газрыг барьцаалж хэдэн зуун тэрбум төгрөг босгож, хөлжиж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг худалдах, эсвэл уг компаний хувьцааг худалдах замаар тусгай зөвшөөрлийг худалдан борлуулж буй үйл ажиллагааг төрийн хяналтад оруулж, энэхүү арилжаанаас төр татвар хурааж авдаг болох хэрэгтэй байна. Энэ үйл ажиллагааг өнөөгийн Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн нэгжийн татварын хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй байгаа учраас өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай.
Манай улс уул уурхай, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй компанийн хувь эзэмшилд өөрчлөлт орж, гүйлгээ нь гадаад улс оронд хийгдсэн тохиолдолд хэрхэн татвар авах тухай одоогоор татварын хууль тогтоомждоо бүрэн тусгагдаагүй.
Сүүлийн жилүүдэд, Монгол улсад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааны зах зээлийн үнэлгээ эрс өсч буйг даган тухайн компанийн хувьцааг худалдан авах замаар хувь эзэмшилээ өсгөх сонирхолтой компаниуд нэмэгдсээр байна. Энэ төрлийн ажил гүйлгээ олон сая ам.доллараар хэмжигдэх мөнгөн дүнгээр хийгдэж байна. Иймээс, энэ төрлийн олзоос хэрхэн татвар авах нь бас л тодорхойгүй. Сангийн яамнаас “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон улсын стандартад нийцүүлж бэлтгэж байгаа юм гэсэн. Шинэчилсэн найруулгын төсөлд Монгол улсад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн (дээд шатны компанийг оролцуулан) хувьцааны 10-аас дээш хувийг борлуулсан тохиолдолд хувьцаа борлуулсны олзыг Монгол Улсаас эх үүсвэртэй орлого гэж үзэж, Монгол Улс татвар авна гэж оруулаад л байгаа юм гэсэн. Гэвч түүнийг баталж гаргатал 2013 оноос наашгүй.
Одоо бид яах ёстой вэ?
“Саус Гоби ресурсес” компаний хувьцаа гадаадад худалдагдаж байгаа үйл явцыг бидэнд хамаагүй болсон гээд хараад суугаад байж боломгүй байна.
Та бүхэн санаж байгаа байх. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Оюу толгойн ордын Монголын талын 34 хувь 9 хувь болтлоо буурах нь хэмээн сенсаци дэгдээж монголчуудыг гайхшруулж байсан даа. Хөрөнгө оруулалтын гэрээнээс гадна Хувь нийлүүлэгчдийн гэрээг нууцаар хийсэн байна, түүндээ давуу эрхийн хувьцаа арилжаалахад монголын талын оролцоо байхгүй гэж тусгасан байна” гээд л нууц гэрээтэй танилцаад асуудлыг хөндөж гаргаж ирж байсан.
Энэ үед нь Рио Тинто компани Фрийдландын удирддаг Канадын “Айвенхоу майнз” компанийг шүүхэд өгсөн үе давхцаж байлаа. Учир нь Рио тинто Оюу толгой төсөлд хөрөнгө оруулахын хэрээр “Айвенхоу майнз” компанийн хувьцааг үе шаттайгаар авсаар 49 хувьд хүргэнэ хэмээн гэрээ байгуулсан хэрэг. Гэтэл Фрийдланд замын дундаас муриж Рио тинтогоос санхүүжилт авахгүй Хятадын төрийн өмчийн “Чайнолько”-гоос санхүүжилт татахаар оролдож хэлэлцээр хийж эхэлснийг уул уурхайн “акул” мэдээд олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Тэр үетэй давхцан Монголд Оюу толгойн гэрээ ашиггүй болж, хувь эзэмшил нь буурах нь гэсэн маргаан, шүүмжлэл хурцаар өрнөж байв. Тиймээс Фрийдланд бууж өгч, Рио тинтогийн зүгээс шахаж, Н.Батбаяр тэргүүтэй гишүүд эсэргүүцсний хүчинд Оюу толгойн нууцын зэрэглэлд байсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан юм.
Тэр өөрчлөлт оруулах дундаа Оюу толгойн ордыг эзэмшигч компанийн дийлэнх хувь эзэмшлийг гадаадын төрийн өмчийн аж ахуйн нэгжид зарахаар болбол заавал Монголын Засгийн газраас бичгээр зөвөшөөрөл авна гэсэн заалтыг нэмж тусгасан. Энэ нь маш чухал ач холбогдолтой. Хэрэв ийм өөрчлөлт оруулаагүй бол Фрийдланд Хятадуудад Оюу толгойн ордыг өндөр үнэ хүргээд зарчихыг байх гэхгүй. Үндэстэн дамнасан Рио тинто групп ч цаг үеийн нөхцөл байдлаас болоод дамлаж зарчихаад зайгаа барихыг үгүйсгэх аргагүй.
Ийм зохицуулалтыг тусгаж чадснаар Оюу толгойн ордыг хятадуудыг залгихаас сэргийлж чадсан гэж хэлж болно.
Үүнтэй адил зохицуулалтыг одоо төрийн түшээд хуульчлах шаардлагатай байна.
Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар лиценз эзэмшигч компани лицензээ бусдад шилжүүлэх эсвэл лиценз эзэмшигч компаниа худалдах гэрээ байгуулахаасаа өмнө Засгийн газраас зөвшөөрөл авах, зөвшөөрсөн тохиолдолд уг лицензийг эсвэл лиценз эзэмшигч компанийг худалдан авах гэж буй этгээдийн Монгол улсад төлбөл зохих бүх татварыг суутган авч төсөвт төлсөний дараа лицензийн эсвэл компаний хувьцаа худалдахыг зөвшөөрдөг байх зарчимд шилжих нь зүйтэй байна.
Өнөөдрийн нөхцөл байдлаар “Саус Гоби Ресурсес” компанитай холбоотойгоор Монгол улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар ашигт малтмалын ордыг шилжүүлэх үйл явц болон тэдгээрээс татвар авах асуудлыг шийдвэрлэсэн ч гэсэн Канад улстай байгуулсан давхар татварын гэрээний заалтыг цуцлах шаардлагатай. Цаад тал нь гүрийгээд байвал нэг тал дангаараа цуцлах боломж байдаг юм билээ. Давхар татварын гэрээг алдаатай хийж байгуулсны улмаас улс орны татварын орлогод асар их хохирол учирч байсны улмаас гэрээг нэг тал дангаар цуцалж байсан гадаад орны зарим жишээнүүд байдаг.
Тухайлбал, 2008 оны 6 дугаар сарын 30-нд Аргентин улс Австри улстай байгуулсан давхар татварын гэрээгээ дангаар цуцалсан байна. Хэдийгээр тус хоёр улсын хөрөнгө оруулагчид энэ шийдвэрийг тун тааламжгүйгээр хүлээн авсан ч давхар татварын гэрээний заалтын улмаас Аргентини улс Австрийн бондын хүүгийн орлогоос татвар авч чадахгүй байна гэсэн үндэслэлээр гэрээг дангаар цуцалсан байна. Мөн 1987 онды 6 дугаар сарын 29-ний өдөр АНУ-ын Төрийн сангийн газар АНУ-Нидерланд улсын хооронд байгуулсан давхар татварын гэрээг дангаар цуцалсан байна. Гэрээнд нэмэлт өөрчлөлт хийх замаар асуудлыг шийдвэрлэхээр хоёр улс 8 жилийн турш хичээсэн хэдий ч Нидерланд улс татварын диваажин гэсэн статустаа өөрчлөлт оруулахыг хүсээгүй тул гэрээг нэг тал цуцалснаар асуудал дуусгавар болсон байна. Гэрээг дуусгавар болгосноор гэрээг гуравдагч тал гэрээг урвуулан ашиглах явдал үгүй болж АНУ-ын хувьд том ялалт болсон гэдэг.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу оршин суугч бус татвар төлөгчийн ногдол ашгийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, Монгол Улсаас эх үүсвэртэйгээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого, хүүгийн орлогоос 20 хувийн татвар суутган авах ёстой. Гэтэл давхар татварын гэрээтэй 30 гаруй улсын дийлэнхээс нь татвар авахгүй гэрээтэй аж.
Энэ давхар татварын дийлэнхийг нь 1999 оноос өмнө хийгдсэн байдаг. Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Батжаргалын хэвлэлд өгсөн тайлбараас харахад “давхар татварын гэрээнүүдийг УИХ-аас 2012 оны 2-р улиралд цуцалж, тэр талаар нөгөө талд 2012 оны 6 дугаар сарын 30-наас өмнө дипломат шугамаар мэдэгдэл хүргүүлснээр гэрээнүүд 2013 оноос эхлэн хүчин төгөлдөр бус болох магадлалтай байна “гэсэн байна. Тэгэхээр давхар татварын гэрээг цуцалж татвараас зугтаах боломжийг олгохгүй байх магадлал муутай байна. Харин бидэнд хоёр гарц байна. Учир нь Хятадын Чалко “Саус Гоби Ресурсес ” компанийн хувьцааны 57.6 хувийг худалдаж авахаар гэрээ байгуулсан ч гэлээ олон улсад мөрдөгддөг Виржиний хуулийн дагуу зарах санал тавьснаас 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчдэд уг асуудлыг танилцуулдаг. Тэгж танилцуулах хугацаанд ямар ч наймаа хийгдэхгүй. Тэгэхээр худалдах гэрээ албан ёсных болоогүй гэж эдийн засагч Д.Жаргалсайхан тайлбарлаж байна.
Энэ хугацаанд амжиж парламентаар Ашигт малтмалын тухай хуульдаа ч юмуу эстэл тогтоол гаргаад түүндээ Монголын ашигт малтмалын лицензийг эзэмшиж байгаа компани/толгой компани ч хамаарна/ хувьцааны тодорхой хувийг аливаа улсын Засгийн газрын оролцоотой компанид худалдахаар болбол Монголын Засгийн газраас зөвшөөрөл авна ч гэсэн заалт нэмчихвэл Овоот толгойг хятадуудын бүрэн мэдэлд шилжлэхээс сэргийлж чадахаар байна.
Бас Овоот толгойг стратегийн ордод хамруулбал тоглолтыг өөр тийш эргүүлэх боломж бий. Нарийн сухайтын орд Овоот толгойтой яг залгаа оршдог. Үүний тулд стратегийн ордод оруулсан Нарийн сухайтын ордын хил заагийг тогтоож, энэ хил зааг дотроо Овоот толгойг оруулах хэрэгтэй байна.
Д.Доржпагма www.times.mn